Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер
7 жил, 9 сар өмнө

Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. "Эгшиглэн магнай" хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

-“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

-Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

-Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

-Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

-Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

-Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

-Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

-Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

-Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

-Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

-Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

-Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

-Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

-Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

-Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

-Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

-Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

-Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

-Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

-Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

-Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

-Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

-Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

Ж.ЭРДЭНЭ

https://www.facebook.com/baigaljav

http://www.egshiglen.mn/

https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%...