Э.Баатаржав: Туульд Монголын эртний түүх бий
8 жил өмнө

“Хөгжим хэмнэл” булангийнхаа энэ удаагийн зочноор урлаг судлаач, туульч Э.Баатаржавыг урилаа. Түүнтэй тууль хайлах монгол уламжлалын тухай ярилцсан юм.

-Таныг өв тээгч гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний өвөг эцэг, өвөө, аав маань тууль хайлдаг хүмүүс байлаа. Тэгэхээр би удам дамжсан өв тээгч юм. Аав минь өвөөгөөс, би ааваасаа тууль хайлахыг уламжилж авсан.

-Таны өөв, аав өөр ямар хөгжим тоглодог байв?

-Бидний өвөг дээдэс тууль, цуур, хөөмий гурвыг нэг амьтай гэж бидэнд хэлж, өвлүүлсэн юм. Дэлхийн хаана ч байхгүй энэ гурван хөгжмийн урсгалд Монголын эртний уламжлалт ёс хадгалаастай бий. Одоогоос 100 гаруй жилийн өмнө монголчууд уул усаа энэ гурван хөгжим, аялгуугаар тахиж, хөглөдөг байсан түүхтэй. Мөн Хүннүгийн үеэс эдгээр урлаг улбаатай гэсэн судалгаа бий.

-Та хэдэн наснаасаа эхэлж тууль хайлж сурсан бэ?

-Таван наснаасаа тууль хайлах арга ухаанд суралцсан. Амьдралын эрхээр өөр мэргэжил эзэмшсэн ч өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ түүх соёлоо түгээж, залуу үедээ өвлүүлэн үлдээх ёстой юм гэж бодоод Монголынхоо бүх аймгаар явж, сурталчилж, бүх өв тээгч нартайгаа уулзсан. Мөн Шинжань хавиар байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзлаа.

-Таны аавын тууль хайлах ухааныг эрдэмтэд судалж байсан гэж сонссон?

-Анх 1968 оноос аавын минь тухай судалж эхэлсэн юм билээ. Гомбодорж гээд монголч эрдэмтэн 1978 онд манайд ирж байсныг би санадаг юм. Тухайн үед өнгөт аппарат гэж мэддэггүй байлаа. Аав маань дурсахдаа “Дөрвөлжин цагаан юм өөдөөс харуулаад байсан чинь миний зураг унаад ирлээ” гээд инээж байсансан. Түүнээс хойш Америк, Япон гээд олон ч эрдэмтэд ирсэн дээ.

-Та нутагтаа очиж байна уу. Танай нутагт тууль хайлдаг хүн олон бий юу?

-Төрсөн нутагтаа жилд хоёр удаа очдог юм. Одоо бол Ховдод яг хуучны монгол уламжлал ёсоор нь тууль хайлдаг хүн ховор болсон. Хэдий тэдний үр хүүхдүүд байгаа ч цаг үе, орчин байдал өөрчлөгдсөн болохоор түүнийгээ дагаад урлаг, уламжлал хүртэл өөрчлөгдөх юм. Зарим хүмүүс намайг очоод тууль хайлахаар гайхдаг юм.

Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

-Та залуу үедээ хэр өвлүүлж байна. Шавьтай болсон уу?

-Намайг яамны зүгээс хүүхэд залууст тууль хайлах, хөөмийлөх, цуур хөгжмөөр тоглохыг зааж өгөөч гэж санал тавьсан юм. Би цаг заваа гарган 40 гаруй хүүхдэд зааж өгсөн. Одоо ч хөөмийлөөд, тууль хайлаад явж байгаад нь бахархдаг юм.

-Тууль хайлахад ямар мэдрэмж төрдөг бол. Хүмүүс хэр сонирхдог вэ?

-Эхлээд сонирхдог юм. Сүүлдээ 20 минут, үсрээд цаг л тэсдэг. Нэг иймэрхүү хөг аялгуу, хэмнэлээр хайлдаг юм байна гээд яваад өгдөг. Харин маргааш нь ирэхэд нөгөө хүн нь үргэлжлүүлээд хайлж байхыг хараад бүр гайхдаг. Одооны хүүхдүүд болж өгвөл амархан юманд дуртай болж. Цахим ертөнцийн бичлэг шиг бараг гүйлгээд үзчих юмсан гэнэ шүү дээ. Би өөрийнхөө тууль хайлж буй бичлэгийг улсын архивт өгсөн. Түүнээс олон хүүхэд, залуус сураасай гэсэндээ өгч байлаа.

-Нэг тууль хайлахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Манай Алтайн баатарлаг туулийг хайлахад гурван өдөр болдог юм. Бүр том туулийг таван хоног хайлдаг уламжлалтай. Хот айлууд малаа хотлуулаад ихэнхдээ орой цугларч тууль хайлахыг сонсдог байлаа. Тухайн үед зурагт гэж байсангүй. Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

-Зарим хүмүүс туулийг бараг сар гаруй хайлдаг гэх юм билээ. Тийм боломж байдаг юм уу?

-Боломжгүй. Тэгж удаан хайлах юм бол хэн сонирхож, сурахыг хүсэх юм бэ. Энэ бол төөрөгдөл гэж хэлмээр байна. Монголын эртний ёсонд ч тэгж удаан хайлдаг түүх байхгүй шүү дээ.

-Туульд ихэвчлэн юуны тухай өгүүлдэг юм бэ?

-Уран зураг, хаадын түүх, баатруудын бодит амьдрал, газар усны онцлог гээд нэг үгээр хэлвэл Монголын түүх тэр чигээрээ бий. Би түүх судлаачдыг боддог юм. XIII зууны дээл гээд л хайгаад байдаг. Туулиа сонсвол түүнд бий шүү дээ. Ямар байсныг нь тодорхой дурьддаг юм.

-Манайд хэдэн төрлийн тууль байдаг вэ. Тэд юугаараа ялгардаг бол?

-Монгол үндэстнүүдийн дунд тууль сурах дөрвөн том дэг жаяг бий. Тэд өөр, өөрийн онцлогтой. Парчингийн тууль, Чойсүрэнгийнх гэх мэт. Хэл яриа, үг нь харилцан адилгүй ч үйл явдлын хувьд адилхан байдаг юм.

-Одооны залуус Гэсэр, Жангараа л гадарлахаас бусдыг нь мэдэхгүй байх шүү. Өөр ямар том тууль байдаг вэ?

-“Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Талын хар бодон” гээд том туулиуд бий. Судлаад үзэхэд Гэсэр, Жангараас эрт үүссэн юм билээ. Жангар бол 500 жилийн тэртээх түүх юм билээ. Харин манай удмын хайлдаг туулиуд 1500 жилийн тэртээхийг өгүүлдэг. Жангар туульд зарим ойлгомжгүй зүйл гарч ирдэг юм.

-Юу юм бол?

-Жангарын тухай хүүрнэж байгаад зааны ясан гэр, цоохор гэрийн тухай гардаг. Энэ бол Түвдийн ёс уламжлал манай түүхэнд шургалж байна гэсэн үг. Магадгүй Түвдийн ёс заншил манайд нэвчээд бичиг үсэгтэй болж, соёлжсон байж болно. Гэвч байгалиараа байсан зүйлийг тэр хэвээр нь л үлдээх ёстой. Тэгэхээр Жангар монгол уламжлал, түүхэнд наалддаггүй тал бий.

-Та түрүүнд дурьдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тууль хайлах ёс өөрчлөгдөж байна гэж. Чухам эртний ёсоороо байсны ач холбогдол нь юу юм бол?

-Түүхийг зохиож болохгүй шүү дээ. Эртний хэвээр нь авч үлдвэл бидний хойч ирээдүй хүүхдүүд туулиас үнэнийг мэднэ гэсэн үг юм. Эртний сайхан уламж­лалаа хадгалж дээдэс өвгөдөөсөө уламжилж ирсэн түүхээ тэр хэвээр нь үлдээх нь бидний үүрэг юм болов уу.

Эх сурвалж: http://www.ikon.mn/