Чүлтэмийн АМАРБААТАР- Барс групп, ХАА үйлдвэрлэл
Барс группын ерөнхийлөгч, МҮХАҮТэнхимийн тэргүүлэгч гишүүн, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүүн.
Ч.Амарбаатар: Монголын бизнесийн орчинд тэлэлт хэрэгтэй
“Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хүнсний ногооны салбарт монополь үүсгээд байна гэж “Барс” худалдааны төвийн тогтолцоог өөрчлөх шийдлийг олж, олон эх үүсвэртэй болгох үүргийг Ерөнхийлөгч Засгийн газарт өглөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-“Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өрөөсгөл мэдэгдэл хийсэн. Асуудлыг цогцоор нь харж чадсангүй. Худалдаачдын үүрэг, түгээлтийн системийг илт үгүйсгэсэн. Хуучин социалист худалдааг санагалзсан байдалтай дутуу харсан дүгнэлт хийлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн нэг том давуу тал нь бүх нийтэд тэгш эрхтэй бизнес хийх боломжийг олгосон. Гадаад худалдааг либералчлах асуудлыг анх 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гаргаж ирсэн. Энэ бол маш том боломж байсан. Тиймээс би энэ Засгийн газрыг хамгийн шилдэг Засгийн газар гэж нэрлэдэг.
Энэ шийдвэрийг гаргаснаар хоосон байсан лангуу дүүрч худалдааны эргэлт сайжирсан. Өөрөөр хэлбэл, манай улс чөлөөт зах зээлд шилжиж дэлхийн чөлөөт худалдааны байгууллагад элссэн. Үүнийг ямар ч тохиолдолд үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн худалдаа түгээлтийн тогтолцооны шийдлийг өөрчлөх санаачилга дэвшүүлснийг үгүйсгэхгүй. Харин үүнийг төр хийх ёстой. Гэхдээ төр үйлдвэрлэгчдийг хэт анхаараад худалдааны бараа хүргэлтийн системээ анхаарахгүй орхиод байна.
“Барс” худалдааны төв 1996 онд байгуулагдаж бүх нийтээр худалдаа хийсэн үеэс энэ платформыг бий болгосон. Уг нь “Барс импекс” худалдаа хийдэггүй компани. Харин 20-25 жилийн турш энэ худалдааны эргэлтийг тасралтгүй тогтвортой явуулж, цаг үеийн бэрхшээлийг даваад гарсан супер менежерүүдийг бий болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүнсний ногоо, жимс түргэн муудах барааны ангилалд багтдаг бүтээгдэхүүн. Нарийн технологийн дагуу тээвэрлэж, хадгалж борлуулдаг горимтой. Үүнийг давж гарч хийж буй худалдаачид үнэхээр ТОП менежерүүд. Тэд мөн үйлдвэрлэгчид болсон. Ялгаагүй төмс хүнсний ногоог Монголдоо тарьж ургуулж байгаа хүмүүс. Давхар түншүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортолсноор дотоодын үйлдвэрлэгчдийн ногооны үнийг унагаж байна гэвэл эндүүрэл. Харин ч хүнсний ногоо, жимс жимсгэнийн гаалийн татвар 15-20 хувь байдаг. Гэтэл бусад хүнсний барааных таван хувь байдаг. Үүнийг төр, хүнсний ногоог үнэтэй байлгах гэсэн бодлого гэж ойлгодог. Түргэн муудах барааны ачаа эргэлтийн менежерийг хөлсний менежер хийдэггүй онцлогтой. Учир нь хугацаа алдахын аргагүй эмзэг бүтээгдэхүүн. Сэтгэл, зүтгэл, тооцоо, цаг хугацаатай өрсөх менежменттэй холбоотой ажил. Өөрөөр хэлбэл, цаг алдахгүй хийж буй бизнес. Тусгай тээврээр оруулж ирдэг. Тиймээс тогтолцоог халах тухай ярих биш энэ менежерүүдийн туршлага чадварыг Монголын төр үнэлэх ёстой. Бодит байдал ийм.
-Хүнсний аюулгүй байдал ханган нийлүүлэлтэд төрийн тэргүүн анхаарлаа хандуулж байгаа нь манайхан урд хөршийн хүнсний бараанд сэтгэл дундуур байдагтай холбоотой байх. Та энэ тухайд юу гэж хэлэх вэ?
-Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй бүх санааг хүлээн зөвшөөрч байна. Хүнсний аюулгүй байдлын цогц ойлголт гурван тулгуур дээр тогтоно гэж өөрөө хэллээ. Хятад, Монголын хилийн хяналтын лабораториор дамжиж ирсэн бүтээгдэхүүн “Барс”-ын лабораторид давхар шинжилгээнд орж худалдан авагчдын гар дээр очдог. “Барс” өндөр үнийг тогтоодоггүй. Харин ч “Барс” гаалийн татвар бусад дундын зуучлагч нарын зардлыг шингээсэн өндөр зардалтай бүтээгдэхүүн оруулж ирдэг ч хамгийн хямд үнийг тогтоодог. Энэ нь дотоодын зарим нэг татвар төлдөггүй үйлдвэрлэгчдийн дургүйг хүргэдэг байх. Харин энэ бүх ажлыг амжуулж буй шилдэг менежерүүдээ хавчиж боохоос илүүтэй төр хамтарч ажиллаж орон зайг нь улам тэлж өгөх ёстой.
-Ер нь манай тээвэр зуучлалын компаниуд гадаад худалдааны тээврийн үнийн задаргаагаа хэр сайн мэддэг бол?
-Тэд хаана илүү үнэ, өртөг үүсээд байгаа асуудал дээр илүү ажиллах шаардлагатай. Далайн тээвэр харьцангуй хямд, газрын тээвэр өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл, Тяньжин Эрээн, Эрээн Замын-Үүд, Замын-Үүд Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг задалж үзэх юм бол харьцангуй өндөр байна. Үүнээс болж монголчууд алддаг. Эрээн Замын-Үүдийн долоон км газарт маш их өндөр зардал гардаг. Учир нь татвараас илүүтэй гаалийн бүрдүүлэлт асуудалтай. Тухайлбал, Эрээний бүрдүүлэлтийн компаниуд манай худалдаа эрхлэгчдээс их мөнгө авдаг. Зуучлагч компаниудын энэ зардлаас шалтгаалж тээвэр ложистикийн өртгийг өсгөдөг. Түүнчлэн цаг хугацааны асуудлаас ч болж үнийн өртөг нэмэгдэхэд нөлөөлдөг.Энэ бүх зардал барааны өртөгт шингэдэг учраас нэгж үнэ үнэтэй тогтдог.
-Манайхаас экспортлох барааны эргэлт муу учраас нэг талдаа тээврийн урсгалын тэнцвэр алдагдаж үүнээс үүдэлтэй тээвэр ложистикийн үнэ тариф нэмэгддэг гэдэг?
-Тээвэр ложистикийг сөрөг тээвэртэй нь явуулснаар эргэлт тэнцвэртэй болж хэн хэндээ ашигтай байна. Бидэнд Хятад руу гаргах бараа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нүүрс, төмрийн хүдрээс өөр гаргах бараа бүтээгдэхүүн манайд алга. Манайд Эрээнээс Замын-Үүдээр дамжиж маш олон бараа импортоор орж ирдэг ч харамсалтай нь манайхаас гарах бараагүй учраас зарим машин, хоосон буцдаг. Тэгэхээр энэ урсгалыг бид дотоодоос илүүтэй Оросоос бий болгох ёстой. Ер нь тээвэр ложистикийн асуудлыг А төлөвлөгөөнд оруулдаггүй юм аа гэхэд Б төлөвлөгөөнд байх л ёстой. Үүнд л илүү түлхэц өгч холбогдох оролцогч талууд ажлаа зохион байгуулж ажиллах шаардлага үүссэн. Одоо хөдөө орон нутаг дахь замаа эхэлж барих уу гол замаа барих уу гэдэг асуудалтай тулгарч буй. Цайны гол замаа баръя гэхээр Дархан, Улаанбаатарын зам асуудалтай. Ядаж зүүн талын гарц болох Улаанбаатараас Налайхын замаа сайжруулмаар байна. Үнэндээ Налайх хүрч чадахгүй байна шүү дээ. Том бүтээн байгуулалт ярьдаг хэр нь яг хажууд байгаа асуудлаа шийдвэрлэхгүй явсаар байгаад асуудал эцэстээ ийм л байдалд хүрчээ. Аргагүйн эрхэнд бүх зүйл сүйрдгийн даваан дээр хөдөлж байна. Гэхдээ тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь юу юм бэ гэдгээ зөв харж эрэмбэлэх хэрэгтэй.
-Нэг үүсвэртэй монополь худалдааны сүлжээ үүссэн гээд байгаа шүү дээ?
-Монополь байдал гэдэг нь үгсэн хуйвалдаж зах зээлд хямд үнэ тогтоохыг хэлдэг. Жижигхэн зах зээлтэй манай улсад монополь байдал үүснэ гэж хэзээ ч үгүй. Нийт эргэлт хэдэн сая төгрөг билээ. Бид жуниор бизнес хийж буй улс. Жижиг бизнест багтана. Монополь бизнесийн тухай ямар ч сэдэв хөндөгдөхгүй. Тариаланчдын бизнесийг өрхийн бизнес гэнэ. Жижигдээ ч бараг орохгүй. Бид жижиг дунд бизнес гэдгийг өөрөөр ойлгодог. Монголд бизнесийн түвшинд хүрсэн “МАК”, “MCS” гэсэн хэдхэн компани бий. Ихэнх нь дундаас доош компани. Манай зах зээл дэндүү бага. Иймээс дотоодын зах зээл миний сонирхдог бизнес биш. Миний сонирхол урд, хойд хөрш рүү бизнесээ тэлэхийг зорьж байна. Монголын бизнесменүүдийн чадвар өндөр учир бидэнд харин зах зээлээ тэлэх шаардлага байна. Тиймээс ч жижиглэн худалдааны супермаркетууд өчнөөн олноороо бий болоод байна. “Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр”, “Максын сүлжээ”, “Оргил” гээд. Эд бүгд субботник хийж байна. Тиймээс хурдхан шиг Замын-Үүдийн чөлөөт бүсээ нээгээд Хятад улс руу монголчууддаа бизнес хийх боломжийг тэлж өгөх ёстой. Хятад дайсан орон биш түнш орон. Байнгын хөрш, манай зах зээлийн тэлэлтэд чухал орон гэж харах хэрэгтэй. Хятадтай бизнес хийх асуудлыг өргөн хэмжээнд хараач. Тухайлбал, өнгөрсөн онд Шанхайд анхдугаар импортын экспо болсон. Энэ нь бусадтай адил дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн бодлого. Эцсийн бүлэгт худалдан авагч тал бодлогыг зохицуулдаг. Үйлдвэрлэгч талаас илүүтэй худалдан авагч хэрэглэгчийн гэдэг үе рүү шилжсэн байна. Дэлхийн түвшнээс илүү орлоготой иргэдийн тоо Европ, Америкаас илүү гарсан гэсэн үг. Эдгээр оронтой тэдний хэрэгцээн дээр нь хамтарч ажиллах боломжийг ашиглах хэрэгтэй.
-Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар байдалтай байна гэж та хардаг вэ?
-Худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг би олон жил ярьж байна. Монголчуудын зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь Орос, Хятад хоёр хөршөө хооронд нь холбох асуудлыг мартаж болохгүй.Тухайлбал, төмөр зам барих асуудлыг Богд хаант Засгийн газрын үед ярьж байсан гэдэг. Зайлшгүй шаардлага байсан болоод ийм эртнээс яригдаж байсан түүхтэй. Ханги Мандал, Бугат Шандаар дамжуулж Их хүрээгээр дайруулж Хиагтад очиж байсан тэр замыг Цайны зам гэдэг байсан. Торгоны замын дараагаар Манж Чин гүрний үед бий болсон зам. Хүн төрөлхтний тэр дундаа европчуудын цайны соёл монголчуудаар дамжин оросуудад бий болсон. Учир нь тэр үед Европоос Орос руу шууд очих цай үнэтэй байсан учраас Хятадаар далайн тээврээр тээвэрлэж Монголоор дамжуулах нь хямд байсан. Тиймээс монголчуудад Цайны зам чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн чөлөөт бүс, Цайны замыг сэргээх асуудалд ерөнхийлөгч илүү анхаарлаа хандуулаасай. БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам”-ын үндэсний бодлогыг дэмжиж Чөлөөт худалдааг хөгжүүлэхэд манайх дэмжиж оролцох ёстой. Худалдааны чөлөөт бүс гэдэг утгаар нь харж чадвал Монголын эдийн засаг, худалдаа наймааны зах зээлийн тэлэлт эндээс бий болно. Хэдийгээр Алтанбулагийн чөлөөт бүс нээгдэж хэдэн жилийн нүүрийг үзсэн ч Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдээгүй. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсгүйгээр оршин тогтохгүй. Энэ хоёр гарцыг зэрэг нээснээр харилцан бизнес явагдана. Үүнийг цааш нь өргөн харах юм бол бидэнд далайн гарц хэрэгтэй. Хэйби мужийн Цэнхуандао далайн боомтоор дамжиж гуравдагч орон руу далайн гарцаа бий болгох хэрэгтэй. Далайн портын гарцаар дамжиж Шар тэнгисийн далайд гарч чадвал монголчуудад хамгийн чухал. Саяын Ерөнхийлөгчийн болон Зам тээврийн сайдын тус улсад хийсэн айлчлалаар Далайн портоос Замын-Үүд хүрч байгаа транзит ачааны тээврийн зардлыг 50 хувиар багасгахыг ярьж тохиролцож чадсан бол их ач холбогдолтой заалт байлаа.
Манайх шиг далайд гарцгүй орны хувьд далайд гарах гарцаа тодорхойлох том боломж байсан. Энэ асуудлыг Си Жиньпин дарга манай улсад 2014 онд айлчлахдаа тавьж байсан. Манайд төр засаг нь тогтворгүй сайд нар нь байнга солигдож залгамж чанараа алдсаны горыг таван жил амсаж байна. Шийдлийг нь хэлээд өгсөн, харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг залгамж чанар үгүй байна.
Ц.Мянганбаяр Зууны мэдээ 2019.5.9
Амарбаатарын аав Ашхүүгийн Чүлтэм нь 1965 онд Польш улстай хамтран Дархан хотын Сликатын үйлдвэрийг байгуулж удирдан ажиллаж байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.control.mn/i/11221#...