"АЛТАЙ" ХАМТЛАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГТ ТОД ГЭГЧИЙН ТАМГА ДАРЖ, ӨӨРСДИЙГӨӨ ЗАРЛАН ТУНХАГЛАЛАА
8 жил, 7 сар өмнө

Монгол хүн болж төрснөөрөө бахархан баярлах, монгол урлагаа дээдлэн хүндлэх сэтгэл танхим дүүрэн үнэртсэн эрхэм, эгэл сайхан оройг бэлэглэсэн “АЛТАЙ” хамтлагийнхандаа баярлалаа. Баярлалаа гэдэг үг ч багадана.

Алтай” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан “Золгоё доо” тоглолт үнэхээр халуун дулаан уур амьсгал, хамтдаа дуулж бүжиглэсэн эерэг сайхан орчинд болж өнгөрлөө. Монгол урлагийн, тэр тусмаа язгуур урлагийн жинхэнэ мөн чанар, монгол хүний мах цусанд шингэсэн тэр гайхалтай авъяас чадвар, хэдэн зуунаар хичнээн үеэрээ өвлөн тээж ирсэн тэр агуу өв уламжлалыг утгаар нь харуулж, монгол хүний ур ухаанаар бүтсэн жинхэнэ монгол хөгжмийн дуу эгшгийн уран тансагийг мэдрүүлэн ойлгуулсан сайхан үдэш сайхан тоглолт. “Алтай” хамтлаг 5 нас хүрлээ. Хүүхдээр бол хэл, хөлд бүрэн орж, орчлонг таньж мэдэх сониучхан насан дээрээ яваа тэд анхны бие даасан тоглолтоо нүүр бардам, нэр бүтэн хийж чадлаа. Энэ бол том амжилт, том гараа. Хийж бүтээх ид насандаа яваа уран бүтээлч дүү нартаа сэтгэлийн дэм, урам өгөх нь хамгаас үнэтэй бэлэг болох бизээ. Тийм ч учраас та нарыгаа бурмаар биш урмаар шагная. Та нар мундаг байсан. Та нар жинхэнэ мах цусаараа, оюун сэтгэлгээгээрээ, зүрхээрээ, тархиараа тэр агуу их өв соёлыг тээж яваа, тэгээд түүнийгээ мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлэн яваа өсөх ирээдүйтэй залуус. Та бүхнээс их ирээдүйг, их амжилтыг олж харсан шүү. Ёстой л нөгөө “Түрүүнд төрсөн чихнээс, сүүлд ургасан эвэр дээр” гэдэг үгийн үнэн мөнийг та нар харуулж байна. Монголын урлагийн ертөнцөд, тэр тусмаа этно хэмээн нэрлэгддэг язгуур урлагийн энэ төрөлд та нар цахиур хагалж чадлаа.

Яагаад гэвэл та нарт 1-рт хэдэн үеэрээ дамжин ирсэн эцэг эхийн, өвөө эмээгийн, элэнц хуланцын үнэлж боломгүй агуу гени байна. 2-рт тийм үнэ цэнтэй өвийг тээж яваагаа олж мэдсэн, түүнийгээ хөгжүүлэх хөдөлмөрч чанар, үнэнч сэтгэл байна. 3-рт энэ бүхнийг чинь гаднын соёлтой хольж хутган саармагжуулахгүйгээр язгуураар нь хөгжүүлэх чадвартай сэтгэлтэй агуу продюсер Ганпүрэв байна. 4-рт энэ бүхнийг чинь мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадах авьяаслаг хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Ингээд л бүх юм яг сайхан, утгаараа, цогцоороо хөгжих ховорхон боломж та бүхэнд тохиожээ. Хэн бүхэнд тохиогоод байдаггүй энэ бүх тохиолыг та бүхэн чадлынхаа хирээр, бүх боломжоороо ашиглан хичээх юм бол ирээдүй чинь тодоос тод гэрэлтэж байна. Боломжийг бүү алд, урагшаа улам ихийг хийгээрэй залуусаа.

“Алтай” хамтлагийн тоглолтыг үзсэн хүн бүхэн ам сайтай байж, сэтгэл өег гарцгаасан. Танхим дүүрэн үзэгч тэр чигтээ бүжиглэж, тэнд лав мөрөө ч хөдөлгөхгүй үлдсэн хүн байхгүй байхаа. Тайз, хувцас, хөгжим, хамтлагийн авьяаслаг залуус, тэдний дуу хоолой, хөгжмийн дуугаралт, бий бийлгээ. Энэ бүхэн ёстой л “монгол” хэмээх зургаахан үсэгтэй үгний жинхэнэ мөн чанарыг харуулсан. Хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй, тэр ч бүү хэл нэг хүн 3-4 хүний үүргийг гүйцэтгэж байгаа нь үнэхээр талархууштай. Тэд хуурдана, цуурдана, хөөмэйлнө, бийлнэ, товшино, дуулна, бөмбөрдөнө, ятга тоглоно. Яг л заяанаасаа, байгалиасаа төрсөн юм шиг аашилна. Энэ нь бүр ч бахархалтай. Ах дүү хоёр бийлээч Ганзориг, Гүрбазар хоёрыг бийлэхэд үзэгчид маш талархалтайгаар хүлээн авч баяр хүргэж байсан. Тэд цаанаасаа л нэг донжтой, хөдөлж байгаа биеэрээ нүүрээрээ нүдээрээ илэрхийлж байгаа бүхэн нь утга учиртай, учир жанцантай. Аргагүй л 12 дахь үеийн өв тээгч, өвлөн бийлээчид шүү. Хамтлагийн гишүүн Даваадалай. Нүдээрээ инээсэн энэ хөөрхөн хүүд их юм бий. Тэр дуулна, хөөмэйлнө, исгэрнэ, бөмбөрдөнө, бас бийлнэ. Ер нь хамтлагийнхан бүгд бийлнэ. Ингэж нэг хүн олон төрлийг чадна гэдэг тийм ч амар биш л дээ. Далай тоглолтын дундуур өөрөө ярьж хөтлөн, тоглох бүтээл бүрээ тайлбарлан залж явсан нь бас ч чамгүй хэл яриа сайтайнх биз. Тэр 3 дахь үеийн хээмэйч. Харин хамтлагийн ахлагч, хөөрхөн инээдэг Санчир охин бол 4 дэх үеийн хуурч. Санчир хуурдана, бас хөөрхөн эвлэгхэн дуулна, бийлнэ. Эмэгтэй хуурч цөөхөн болоод ч тэрүү түүнийг хуурдахад үзэгчид талархалтай хүлээн авч байсан. Тун чадварлаг хуурдаж, тэгээд зэрэгцүүлэн дуулах энэ охиныг магтахаас аргагүй, бүх онцгойлон баяр хүргэмээр санагдсан. Хамтлагийн дуу хоолой болж аргил сайхан хоолойгоор дуулж хөөмэйлж хуурдаж суух бүдүүн боргил төрхтэй Арванд тусгайлан бас баяр хүргэе. Засагт хааны Цахиур Төмөрийг санагдуулам ханхар сайхан бор эрийг хачин сайхан хоолойгоор дуулахад танхим нүргэлэх шиг болж байсан. Хамтлагт яруухан дуутай ятга хөгжмөөр өнгө нэмдэг даруухан охин Баасанжаргал. Дуу цөөтэй, даруухан энэ охин ирээдүйд багшийнхаа шийрийг хатаах нэрт ятгачин болох бизээ. Мөнх-Эрдэнийн шавь гэдгээрээ бахархан багшаасаа ихийг сурч яваа энэ охин Алтай ятга, аху ятгаар уран сайхан тоглож хамтлагтаа өөрийн үүргээ сайн гүйцэтгэдэг. Ингээд хамтлагийн 6 залуу бүгд онцогтой, олж харах магтаж сайшаах зүйл ихтэй.

“Алтай” хамтлагийн өдий зэрэгтэй явж, өөрийн гэсэн байр сууриа олсон байгаагийн гол утга учир болж, ноён нуруу хангай шиг түшиг нь болсон хүн бол хамтлагийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв юм. Ганпүрэв өөрийн олон жилийн хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл болсон Алтай ятгыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулан хөгжүүлэх зорилготой төслийнхөө хүрээнд энэ хамтлагийг лабратори хамтлаг болгон байгуулсан бөгөөд тэр үнэхээр нүдтэй, холч ухаантай хөгжмийн төлөө, язгуур урлагийн төлөө сэтгэлтэй хүн гэдэг нь олон олон зүйл дээр ажиглагддаг. Тэр энэ хамтлагийн залууст эцгийн хайраар, ахын сэтгэлээр, продюсерын ухаанаар, уран бүтээлчийн онгодоор хандаж, тэдний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн. Тэр арай дэндүү эгэл энгийн хүн. Тэр өнгө мөнгө, нэр төр, сандал суудал хэзээ ч хөөцөлддөггүй. Түүний зүрх сэтгэл жинхэнэ урлагийн төлөө л цохилдог байх. Тэд бие биенээ олсноороо азтай. Жинхэнэ унаган авьяасаараа төрмөл төрхөөрөө ийм хүүхдүүдийг олсон нь Ганпүрэвийн хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх, монголыг монголоор нь үлдээх язгуур урлагийг язгуураар нь байлгаж дэлхийд монголын нэрийг тод гэгч тамгалах хамгийн зөв сонголт. Хамтлагийн залуус энэ л хүний дэг сургаалиар хүмүүжин боловсорч багаар ажиллах, хамтаараа амжилтанд хүрэх гэдгийн ухааныг олйгож хамтлагийнхаа үнэ цэнийг бий болгож олж харж чадсан. Тэдний хувьд бол ийм сэтгэлтэй, урлагийг, авьяасыг мөнгө болгож хардаггүй тун цөөхөн уран бүтээлчдийн нэгд тоогдсонороо азтай. Ингэж нийлсэн хойно тэд амжилтад хүрэх нь дамжиггүй.

Атраараа байсан талбайд үр тарьж соёолуулан, тэр үрээ цэвэр цусны монгол ногоо болгон ургуулахаар мэргэжлийн талаас нь харж хандаж хэлж ярьж, сургаж яваа хүн бол нэрт хөгжимчин, ятгач Мөнх-Эрдэнэ. Тэр өөрөө урлагт үнэн сэтгэлээсээ дурласан, хөгжмийн төлөө амьдарч яваа бүсгүй. Ханийнхаа зүрхний цохилт бүрийг мэдэрч хамтдаа 20 гаруй жил зүтгэн халуунд халж хүйтэнд нь хөрнө гэдэг шиг жаргал зовлон, хэцүү хүнд бүхнийг нь хамтдаа үүрэлцэн нэгэн биеийн нөгөө тал нь болон зүтгэж яваа эмэгтэй. Тэр монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн тод гэгчийн тамгыг дарж, хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тийм л мөрийг зурайтал гаргаж яваа ховорхон авьяастай, дэндүү цоглог чадварлаг ятгачин. Ингээд “Алтай” хамтлагийн бүрэлдэхүүн энэ дээ. Тоглолтын хувьд яах аргагүй мэргэжлийн хэмжээний, монголоо ханхлуулсан гайхалтай сайхан тоглолт. Тэнд тоглогдсон бүтээл бүхэн сонирхолтой, онцлогтой, давтагдашгүй байж танхим үзэгчээр дүүрэн, үзэгчид бахархалаар дүүрэн байсан. Тоглолтын найруулга сайхан байж алтай ятга, алтай их ятга, аху ятга, аху их ятга өнгө эгшиг нэмэн чимсэн. Мэдээж нэрт ятгач Мөнх-Эрдэнэ ур чадвар, авьяас онгодоороо, цоглог жавхаалаг тэр төрхөөрөө тоглолтын бас нэгэн шигтгээ байж үзэгчдийн талархалыг хүлээсэн. Тоглолтын төгсгөлд танхим дүүрэн үзэгч босох нь босож, суудал дээрээ бүжих нь бүжиж, тайз зрителийн ялгаа гаралгүй хамтдаа тойрон бүжиг хийсэн нь хамгийн халуун дулаан, хамгийн оргил үе байлаа. Ганпүрэвийн хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг болсон тойрон бүжиг гэдэг үнэхээр тархай монгол түмний, энэ хатуу харгис бохир муухай нийгмийн золиосонд стресс бухимдалд дарлагдсан ард түмний сэтгэлд итгэлийн гэгээ баяр баясал авч ирэх эхлэл болж чадлаа. Ингэж олон олон зүйлийн эхлэлийг тавьж, онгод авьяасаараа хүн бүхний сэтгэлд гэгээ өгсөн “Алтай” хамтлагийнхандаа монгол түмний өмнөөс баярлалаа гэж хэлье. Тоглолтын дараах VIP өрөөний уулзалт, талархал илэрхийлэх мөч, бяцхан хөөрхөн хүлээн авалтууд ч бас маш эгэл энгийн сайхан болсон. Ний нуугүй хэлэхэд ихэнх тоглолт уран бүтээлийн дараах ийм арга хэмжээ ихэвчлэндээ сайд дарга нарыг урьсан, бие биедээ худал тал зассан нэг тиймэрхүү л болдог. Ганпүрэв өөрөө эгэл энгийн хүн тэр ч утгаараа хийж байгаа хандаж байгаа бүхэн нь яг тийм л энгийн бөгөөд амьдралд ойр сайхан болдог. Энэ удаа ч бас эгэл байж тэнд сайд дарга нар биш сайхан сэтгэлээ илэрхийлэх гэсэн хүмүүс, эрдэмтэн мэргэд судлаач нар цуглаж, тэдний хийж бүтээж байгаад судалгаа шинжилгээтэй үнэлэлт дүгнэлт өгсөн халуун дулаан уур амьсгалтай байсан нь ихэд дотно мэдрэмж төрүүлсэн. Хамтлагийн 6 гишүүн нэг хүн шиг нэгдэж чаддаг, зовлон жаргал бүхнээ хуваалцаж чаддаг шиг тэдний аав ээж нар ч бас хоорондоо холбоотой байж, болох болохгүйгээ ярилцан, жаргал зовлонгоо хуваалцдаг хэмээн ярьсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Аав ээж нар нь хүүхдүүддээ өөр өөрт нь зориулсан хөгжмийг бэлэглэж, аавын оронд аав ээжийн оронд ээж болсон Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ хоёрт алд цэнхэр хадаг мөнгөн аяга барин сэтгэлийн үгээ хэлэн мэхийн ёслож байгаа нь бахархамаар. Дөнгөж хорь гаруйхан насандаа яваа, ёстой л нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насандаа яваа залуус маань өргүүлсэн ээж аав хоёртоо талархал илэрхийлэн, сэтгэлийн үгээ хэлэхдээ хоолой зангируулан нулимсаа арчиж тэнд байсан хүмүүсийг ч бас огшоогоод авсан. Хоолны дараа чин сэтгэлийн үгс ундарч, аав нар нь хуурдаж хамтдаа бийлэж тэр орчин тэр чигтээ халуун дулаан уур амьсгалд умбасан сайхан үдэш байлаа. Алтай хамтлаг түүний продюсер Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ нартаа чин сэтгэлийн хамгийн том баярыг хүргэе. Та бүхэн санасан зорьсон бүхнийхээ эхлэлийг маш амжилттай тавьлаа. Цаашид та бүхний зам дардан байж монгол түмнийг монголоороо бахархах тэр бахархалд нь умбуулан баясуулан цэнгүүлж бас ухааруулан ойлгуулж улам ихийг хийж бүтээгээрэй. Та бүхний ирээдүй гэрэлтэй бас дардан байна. Урагшаа…

Сэтгүүлч Ё.Мөнхзаяа
Эх сурвалж: https://www.facebook.com/yondon.zaya/posts/9503890...