​Сүхээгийн АЛДАРХИШИГ- Экстрим аялал хөгжүүлэгч
9 жил өмнө


Экстрим аялал хөгжүүлэгч

Экстрим аяллын Алдараа гэдэг нэрээрээ аялал сонирхогчдын дунд танигдсан тэрээр 1999 онд аялал жуулчлалын салбарт орж ирснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Монголын адал явдалт аяллын бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Уулын аялал, өндөр уулын явган аялал, уулын дугуйн аяллын бүтээгдэхүүний судалгааг өөрийн биеэр газар орон дээр нь хийж, зам маршрутыг бий болгон дэлхийн адал явдалт аялал сонирхогчдод танилцуулах ажлыг хийж ирсэн. Ялангуяа Монголын цаст оргилуудыг гадаадын уулчидад таниулж эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажиллан Монголын цаст оргилд авирах аяллыг зохион байгуулж ирсэн. Энэхүү бизнесийн үр өгөөж нь нутгийн иргэдийн амжиргаанд тодорхой эерэг нөлөөлөл үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монгол хүн гараагүй цаст оргилуудыг судлан авирах зам маршрут бий болгох тал дээр ажиллаж байна.

MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдааныг зохион байгуулахад үнэт хувь нэмэр оруулж Монгол улсыг дэлхийн дугуйчдад танилцуулсан бөгөөд энэ уралдааны нөлөөгөөр Монгол орноор аялах дугуйчдын тоо өсч байна. Тус уралдаан ирэх жил 7 дахь удаагаа Монгол улсад зохион байгуулагдана.
ICE CHALLENGE MONGOLIA мөсөнд авиралтын арга хэмжээг санаачлан зохион байгуулж хүүхэд залуусыг энэ спортод сонирхолтой болгох тал дээр ажиллаж байна.

Өвлийн аяллыг Монголдоо хөгжүүлэхийн тулд сүүлийн 7 жил өвлийн дугуйн аяллуудыг зохион байгуулж байна. Хөвсгөл нуурын мөсөн замаар Ханх- Хатгал гэсэн маршрутаар өвлийн дугуйн аяллыг анх зохион байгуулсан.
Монголчуудыг Монголдоо аялахад туслах зорилгоор 21 аймгийн хөтөч дотоод аялал жуулчлалын цуврал номнууд дээр ажиллаж байна. Өөрийн блогоороо дамжуулж монгол аялагчиддаа мэдээлэл хуваалцахын тулд http://mongoliaexpeditions.blogspot.com ажиллуулж түүн дээрээ аяллын тэмдэглэлээ хөтөлдөг.

Адал явдалт, экстрим аялал хөгжүүлэх хүсэлтэй энэ чиглэлд мэргэших сонирхолтой залуусд зааж сургаж хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол орноороо аялах тэр дундаа ууланд дугуйгаар аялах сонирхолтой хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой.

https://www.facebook.com/aldarkhishig.suhee

Ярилцлага унших