Aйдсаа давах 5 арга зам
”Өдөр бүр хийхээсээ айдаг нэг зүйлийг хий.” –Eleanor Roosevelt
Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм. Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.
Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.
Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг. ”Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл үнэмшил суудаг гэсэн үг.
Айдас бол бодит биш. Айдас бол худал мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.
Aйдсаа давах 5 арга зам
1. Амжилтын тарни урь.
Амжилтын тарнийг урьснаар зорьж буй зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.
Жишээ нь: Ном бичих хүсэлтэй бол “Би ном бичиж чадна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ гүйх хүсэлтэй бол “Би гүйж чадна!” гэж хэл.
Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.
Жишээ нь: “Би айдсаа биш зүрх сэтгэлээ сонсож байна! Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болохгүй! Миний зорилго айдсаас илүү хүчтэй! Айдас бол дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.
2. Хандлагаа өөрчил.
“Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.
Жишээлбэл:
“Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яана аа” гэхийн оронд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ?”
“Хэрэв би үүнийг хйивэл хүмүүс юу гэж бодох бол” гэхийн оронд “хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ?”
“Хэрэв би түүн рүү утасдвал утсаа авахгүй байвал яана аа”, эсвэл “эргүүлж надруу залгахгүй байвал яана аа” гэж айхын оронд “хэрэв би түүн рүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?” гэх мэтээр сониуч зангаа хөгжүүлж, түүнийгээ урьтал болгох хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар дүүрэн бодлоор өөрчилнө.
3. Өөртөө итгэ.
Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул дорой, нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тэнь тодорхойлогдоно.
4. Үйл хий.
Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн. Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.
Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан үйлдлээс хамаардаг.
Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.
5. Алдаа гаргана гэдгээ мэд.
“Амжилт гэж ялагдлаас ялагдлын хооронд урам зориг, хүсэл тэмүүллээ алдалгүй бүдчин явахыг хэлнэ.”–Winston Churchill
Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унаж бэртэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.
Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!
Санаж яв: Амжилтыг амжилтаас биш алдаанаас эхлүүлнэ.
Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би амжилтанд хүрэхийн тулд төрсөн учраас юунаас ч айхгүй!
Танаас асуух миний асуулт: Өнөөдөр айдас таныг ямар амжилт гаргахаас хойш татаж байна вэ? Амжилтаас хойш татаж байгаа тэр айдас тэнь юу вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр