614 ОНЫ МОНГОЛ ДАЙЧНЫ ЯТГЫГ 2014 ОНД ДАЯН ДЭЛХИЙД ДАХИН ДУУРЬСГАНА
2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв 2011 оноос уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин нутагшуулах судалгааг хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран тус хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор, Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар, судлаач Дагваны Ганпүрэвийн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн.
Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга
хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилыг судалгааг явуулж бодитой үр дүнд
хүрээд байна.
Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн чавхдаст товшвор хөгжмийн зэмсэгийг Алтайн тууль, магтаал, хөөмий, бий биелгээтэй хоршуулан, товшуур, ятга, хуур хөгжимтэй найрсуулан бүтээж, тоглох арга барилыг нарийвчлан боловсруулах, сургалтын материал, гарын авлага боловсруулан соёлын өв уламжлагчдыг бэлдэж үндэсний өв соёл, үнэт зүйлсээ сэргээн, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлж Монгол брэнд болгох боломж гарч ирлээ.
Алтай ятгыг дуурьсгах их ёслол буюу дэлхий дахинд тунхаглах арга хэмжээг 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт АСА циркт зохион байгуулна.