6. ӨӨРИЙН АМЖИЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙД
Бизнес, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлэхээсээ өмнө орчны судалгаа хийдэгтэй адил та амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө тойрон хүрээлэх амьтай амьгүй зүйлс, явж байгаа зам, харилцаж байгаа хүмүүсээ судлах хэрэгтэй. Таныг тойрон хүрээлэгч эдгээр юмс таны амжилтанд тань нөлөөлж байдаг.
Та өөрийгөө нэг брэнд гэж үзвэл таныг, орчин тойрон тань хэн гэж харж байгааг судлаад үзээрэй. Таныг зөвөөр бодож байна уу? Буруугаар бодож байна уу? Танд ямархуу байдлаар хандаж байна? Танд хандаж байгаа хандлага нь таныг амжилтруу түлхэж өгч байна уу, доош нь чангааж байна уу? гэдгийг судлах хэрэгтэй. Жишээ нь гэр бүлийн орчин танд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэе. Аав ээж нь хүүхдийнхээ амьдралд хэт их оролцож өмнөөс нь бүхнийг зааж зааварлаад, бүхнийг шийддэг. Мэргэжил сонгох, юу хийх, хэнтэй найзлахийг нь хүртэл өмнөөс нь шийдээд өгчихдөгөөс үүдээд аав ээжийнхээ өврөөс гаралгүй эрийн цээнд хүрчихсэн хүн олон байна. Ямар нэгэн юм сэтгээд өөрийнхөөрөө амьдрах гэхээр чи чадахгүй, чиний бизнес хийнэ ч гэж юу байхав, зүгээр л өөрийнхөө хэмжээнд таарсан биед амар зүйлээ л хийгээд явж бай гэж хэлдэг. Эцэг эхчүүдийн хүүхэддээ туслах гэсэн сэтгэл нь хэтрэхээрээ эргээд хүүхдээ хорлоод байдаг..
Хүн алдаж онож, алдаа гаргасан бол түүнээсээ суралцаад, амжилт гаргасан бол түүгээрээ бахархаж байж л өөрчлөгддөг, хөгждөг. Насанд хүрчихээд аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа нөхдүүдээ сонсоход нэг л баригдмал чөлөөтөй бус байдаг, найз нөхөдтэйгөө ажил яриад оройтоход хүртэл хүндрэлтэй байдаг. Хэрвээ та яг ийм орчинд байгаа бол орчноо өөрчлөх цаг болжээ гэсэн үг. Таныг нэг юм шинээр сэтгээд, хүсэж мөрөөдөж байсан зүйлээ хийх гэтэл таны орчин тань тээг болоод байвал та орчноо эрс өөрчлөх хэрэгтэй. Хэн нэгэнтэй зөрчилдөхөөс айх хэрэггүй. Мөрөөдлийнхөө төлөө зоригтой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Өөрийн хүссэн зүйлээ хийхэд нь гэр бүлийн орчин нь саад болоод байгааг өөрчилж, хүсэл мөрөөдөл нэгтэй найз нартайгаа нийлээд байр түрээсэлж зоригтой өөрчлөлтүүдийг хийж, ажилаа эхлүүлж амжилтанд хүрсэн түүхүүдийг санаж байгаа байх.
Бас орчин гэдэг ойлголтонд найзуудыг бас дурьдах хэрэгтэй. Бид найз нөхөд гэж бодож явдаг болов ч яг үнэндээ бидэнд гай болдог олон хүмүүс байдаг. Өөрийгөө өөчлөхөөр шийдээд эхний алхамаа хийж ядаж байхад доош нь чангааж эхлэдэг. Хүн өөрийнхөө муу зуршлыг өөрчлөх шийдвэр гаргаад эхний алхамаа хийж байхад нь “За чи хэзээ ийм болсон юм, юундаа маяглаад байгаа юм, чи их өөр хүн болжээ” гэх мэтээр доош нь чангааж эхлэдэг. Эхэндээ найз нөхдөөс ирж байгаа эдгээр дайралтуудад хариулт хэлэхэд их хэцүү, найзыгаа гомдоочих гээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ та ийм хоёрын хооронд байдлаа өөрчилж “ Өнөөдрөөс би ийм болж байна. Өнөөдөр өөр хүн болж байна” гэж инээмсэглээд хэлчихдэг зоригтой байх хэрэгтэй. Жинхэнэ найз бол цагийн шалгуураар үлддэг. Жинхэнэ найз бол чамайг зоригжуулж дэмжиж, дээш нь түлхэж өгч байдаг. Харин чамайг өөр болсонд тань дургүйцэж бухимдаж, атаархаж байгаа тэр хүмүүс бол найз гэгддэг хуурмаг дүрүүд.
Хүн ажил дээрээ ч бас сөрөг орчиноос өөрийгөө холдуулдаг байх хэрэгтэй. Ажил дээрээ үдийн цайны цагаар ч юм уу, эсвэл амралтын цагаараа бөөнөөрөө цуглаад хэн нэгнийг муулдаг хов живээс өөрийгөө холдуулах хэрэгтэй. Хэн нэгнийг муулах цагаа ажлаа хийхэд тулгамдаад байгаа асуудлуудаа ярилцан зөв шийдлийг, гарцыг хайхад зориулвал танд хэрэгтэй.
Мөн өдөр болгон явдаг замаа ч бас өөрчлөөд үзэх хэрэгтэй. Хэрэв таны өдөр болгон ажилдаа, сургуульдаа явдаг замаар тань хөмсөгөө зангидсан ууртай хүмүүс явдаг, тэр явдаг гудамж бохир, харанхуй бол та замаа өөрчлөх хэрэгтэй. Та өөр замаар явсанаар өөр хүмүүстэй тааралдаж, шинэ зүйлийг харж, мэдэрч, өөр адал явдалтай таарч, өөр шинэ санаагаар цэнэглэгдэнэ.
Тэрч байтугай өдрийн цайгаа орж уудаг кафе тань ямар кафе байна, ямар хүмүүс ордог болох, тэд хоорондоо юу ярьдаг нь хүртэл таны орчин болно. Эд бүгд таны тухайн өдрийн сэтгэл санаанд нь нөлөөлж байдаг. Таны таван мэдрэхүйгээр хүлээн авч байгаа юм бүхэн танд нөлөөлж байдаг.
Хэрэв таны уулзаж ярилцаж байгаа хүн таны бодсоноос тэс хөндлөн эсрэг зүйл яриад байх юм бол та тэр хүнээс зайгаа барих хэрэгтэй гэсэн үг. Ярихыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ заавал ярилцаад байх хэрэггүй. Харин үнэхээр ярилцахыг хүссэн хүнтэйгээ бүр зав гаргаад, зорьж очоод ярилцах хэрэгтэй.
Тэгэхээр та одоо өөрийнхөө орчин тойронд дүгнэлт хийх хэрэгтэй. Орчин гэдэг бол таны сэтгэлгээ, бодол, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд тань шууд нөлөөлдөг учир та өөрөөсөө энэ миний орчин тойронд намайг амжилтанд хүргэж чадах орчин бүрдэж үү, үгүй юу гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол та орчин тойрноо өөрчлөх цаг болжээ. Орчин гэдэг нь та өглөө сэрээд нүдээ нээхтэй зэрэгцээд л таныг тойрон хүрээлж байгаа бүх зүйлс хамаарна. Таныг тойрон хүрээлэх хүмүүс тантай ямар сэдвээр ярилцаж байна вэ гэдгийг ч бас анзаар. Өдөр тутмын тань цаг өнгөрч байгаа орчин, сууж байгаа сандал, амардаг, очдог газрууд ч хамаатай. Эдгээр орчин танд ямар мессежийг өгч байна вэ гэдгийг олж тогтоогоод эдгээр мессеж нь таны хүсэл мөрөөдлийн тань эсрэг мессежийг танд өгч байвал эхнээс нь өөрчлөх шаардлагатай гэсэн үг.Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас