5. ДАВУУ УР ЧАДВАРАА ТОДОРХОЙЛОХ ТУХАЙД
Бид өөртөө ур чадвар олж авахаасаа илүүтэй өөрийгөө харуулах гэсэн хандлага нь илүү давамгайлаад байна. Жишээ нь, мод тарьж байгаа хүн мод тарих аргачлалыг сураад авъя гэхээсээ мод тарьж байгаа юм шиг зурагаа фэйсбүүкд тавьж бусдад харагдах гэж, хүмүүнлэгийн ажил хийхээр асрамжийн газар очсон атлаа хүүхэдүүдтэй хамт зураг даруулчихаад л, хүүхдүүдэд туслахаар ирсэн зорилгоосоо илүү өөрийгөө харагдуулах гэсэн зорилго нь давамгайлаад эхлэдэг. Зөвхөн харагдах төдий түр зуурийн агшинд л анхаарлаа хандуулаад байвал магадгүй таныг хүмүүс их мундаг юмаа гэж харж болох ч өөрт тань шингэж үлдэх зүйл байхгүй, та хоосон үлдэнэ. Харин хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулснаар өөрийнхөө шинээр нээж ур чадвар хөгждөг.
Юманд хандах хандлагаас ур чадвар эхэлдэг. Хандлага зөв бол тэр хүний ур чадвар нь маш хурдан хөгжөөд явдаг байхад зарим нь ард хоцроод үлдчихдэг. Хүн өөрөө өөрийнхөө ур чадвараа тодорхойлж, олж чадаагүй тохиолдолд шартаглах өвчинд баригдаж эхлэдэг. Ямар нэг болохгүй бүтэхгүйгийн шалтагийг бусад руу чихэж эхлэдэг. Би өнөөдөр ажилаасаа хоцорсон нь замын түгжээнээс болсон, тэр надад мөнгө өгөөгүйгээс л би бизнесээ эхэлж чадахгүй байна гэх мэтээр эргэн тойрноосоо шалтаг хайж эхэлдэг. Гэтэл үнэндээ тэр хүн өөрөө өөрийгөө удирдах ёстой байтал өөрийгөө бусдын удирдлаганд оруулаад байна. Энэ нь тухайн хүн өөрийнхөө давуу талуудыг гаргаж ирээгүйгээс болоод нийтлэг шинж чанартай болдог. Гэтэл хүн анх хүн болж мэндлэхдээ тодорхой зорилготой бас тэр зорилгодоо таарсан давтагдашгүй ур чадвартай төрдөг. Тэр давтагдашгүй ур чадвараа зорилгынхоо төлөө өөрийгөө сорих, турших замаар олж авдаг. Тэгээд бусадтай адил нийтлэг биш болоод ур чадвараараа ялгарч чадвал шалтаглах өвчин устана. Харин өөрийн давуу ур чадвараа олж аваагүй тохиолдолд өөрөө өөрийгөө гавалж дөнгөлдөг. Би энийг, тэрийг ч чадахгүй гэж өөрийгөө буланд шахаж гэрийн мухарт шигдэн, шалтаглах өвчинд баригдаж суулгүй энэ бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Зарим залуусаас “Чи ийм зүйл хийвэл яаж байна” гэхэд “Би урьд нь ер нь хийж үзээгүйш д, чадахгүй байхаа” гэдэг. Гэтэл хүн ямар нэг зүйлийг сурж байж биш харин хийж байхдаа сураад туршлагаждаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Давуу ур чадвараа тодорхойлох аргачлалууд
- Өөртөө SWOT (давуу тал, сул тал, боломж, аюул) шинжилгээ хийх,
- IQ тест авах,
- Сэтгэл зүйн тест өгч өөрийн зан чанар, гадагшаа, дотогшоо хандлага гэх мэт чанараа тодорхойлох боломжтой. Гадагшаа хандлагтай бол өөрийгөө нийгэм талруугаа, дотогшоо хандлагтай бол судалгаа шинжилгээ, эсвэл шинийг санаачилах зохион бүтээх талруугаа өөрийгөө хөгжүүлж ажиллавал амжилтанд хүрнэ. Олон төрлийн тестүүд хөгжсөн байгаа. Тест гэхээр сонжоотой андууралгүйгээр мэргэжлийн сэтгэлзүйн байгууллагад хандаж өөрийгөө тодорхойлуулах нь үр дүнтэй.
- Туулах арга. Энэ нь өөрийнхөө хийхийг хүсээд байгаа тэр зүйлээ өөрийн биеэр хийж туулж, хийж чадах зүйлээ олох эсвэл тухайн зүйлийг хийхэд дутагдалтай талуудаа илрүүлж хөгжүүлэхийг хэлнэ.
Та дээрх өөрийгөө тодорхойлох энгийн аргуудыг туршиж үзэж байсан уу, үгүй юу? Хэрэв үзээгүй бол туршаарай. Эндээс та өөрийгөө аль чиглэл рүү нь хөгжүүлвэл амжилтанд хүрэх вэ гэдгээ мэдэх баримжаатай болчихно. Тэгэхгүй бол ямар ч баримжаагүй төөрөөд л, зөвхөн дотроо бодоод л цаг хугацаа өнгөрөөд л байна. Шинжлэх ухааны оношилгоонуудыг ашиглаж өөрийгөө тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Бүүр цаашлаад шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед генийн оношилгоогоор генээ уншуулж өөрийн авъяас, ямар ажил хийвэл амжилтанд хүрэх, ямар сул талтай вэ гэдгээ хүртэл яг ном уншиж байгаа юм шиг уншуулах боломж нээгдчихлээ. Сүүлийн үед зүүн өмнөд азийнхан хүүхдээ бүр 2- 3 настай байхад нь генийг нь уншуулаад багаас нь тухайн чиглэлээр нь хөгжүүлээд маш олон гоц авъястан, аврага, бизнесмен, залуу тэрбумтануудыг төрүүлж чадаж байна. Тиймээс хүн өөрийгөө зөв тодорхойлоод түүнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлээд явбал хамгийн оргилд нь хүрэх боломжтой.
Та давуу ур чадвараа тодорхойлохын тулд
- Өөртөө байгаа гэж бодсон давуу ур чадваруудаа жагсааж бичнэ.
- Жагсаалтын дагуу эхнээс нь ур чадваруудаа сорьно. Таны өөртөө байгаа гэж бодоод байгаа ур чадвар тань бодит амьдрал дээр танд байна уу үгүй юу гэдэг тань тодорхой болоод ирнэ.
- Ингээд тодорхой болоод ирэхээр тэр ур чадваруудаа илүү хөгжүүлж, харин өөртөө байгаа гэж бодсон ч яг үнэндээ байхгүй тэр зүйлүүддээ дэмий цаг үрэх хэрэггүй.
Ингээд илрүүлсэн давуу ур чадвартаа тулгуурлаад зорилго, мөрөөдлөө бүтээвэл оновчтой. Зүгээр л мөрөөдөөд байвал мөрөөдөл биелэнэ гэж боддог бол үнэхээр хийсвэр. Хүмүүсийн 80% нь зүгээр мөрөөдсөөр яваад хорвоог орхидогийн шалтгаан нь энэ.
Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас