4. ХУВИЙН НАМТРАА ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ 1 АРГА БОЛОХ ТУХАЙД
Хөгширсөн хойноо эсвэл алдартай хүмүүс л өөрийнхөө дурьдатгал намтыг бичдэг гэж боддог бол эндүүрэл. Өөрийгөө дүгнэж цэгнэдэг, өндөр бүтээмжтэй хүмүүс намтраа сар, жилээр нь үргэлж шинэчлэн бичдэг байна. Би энэ жилд өөртөө болон бусдад ямар өөрчлөлт шинэчлэлт авчирсэн, ямар алдаа, амжилт гаргасан, өөрийн мөрөөдлийн төлөө ямар алхамуудийг хийсэн, ямар зоригтой алхам хийсэн бэ гэдгээ дүгнэдэг. Хошигнож хэлвэл төсөл бичихээсээ өмнө “Би хэн бэ” гэдгээ бич. Ашиг орлого олох төсөл бичих гэхээсээ өмнө өөрийнхөө намтрыг бичиж сурах хэрэгтэй. Намтар гэдэг ойлголтыг зүгээр ажилд ороход бөглөдөг СиВи-ны хэмжээнд ойлгож болохгүй.
Өөрийнхөө намтраа бичих гэхээр нэгэн хэвийн санагдаад, бичих зүйл олдохгүй байгаа бол та өөрийнхөө хийх зүйлээ олж чадаагүй байна гэсэн үг. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэж асуухаар “Өө бусдын л адил даа” гэж хариулдаг бол бас л өөрийнхөө хийх ёстой зүйлээ олоогүй байна гэсэн үг. Бусдыг дагаж, бусадтай л адил байвал болоо, ингээд явж байтал болох л байлгүй дээ гэж бодоод яваад байвал та амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй. Харин та өөрийгөө өнөөдрөөсөө арай илүү байх ёстой гэж бодож шинэ алхамыг хийхийн тулд өнгөрсөн амьдралаа эргэж нэг харах хэрэгтэй. Би юу мөрөөдөөд, мөрөөдлийнхөө төлөө юу хийсэн бэ, амьдралд минь ямар сорилтын цэг байсан бэ, ямар том алдаанууд байсан бэ, яг одоо ямар цэг дээр ирсэн байна вэ гэдгээ эргэж харахгүйгээр цаашаа явах боломжгүй. Тиймээс өөрийнхөө намтарыг “Би хэн бэ” гэдэг асуултанд хариулах хэлбэрээр бичиж эхлэх хэрэгтэй. “Би хэн бэ” асуултанд хариулж өөрийгөө талаарх төсөөллийг тодорхой болгосноор дараагийн алхамууд илүү тодорно. Би өнгөрсөн хугацаанд бусдын адил амьдраад өнгөрчээ. Гэтэл миний мөрөөдөл энэ байна, энэ мөрөөдлийнхөө төлөө ийм зүйлийг хийж болох юм байна гэсэн шийдлүүд тодроод ирдэг. Жил бүр өөрийн намтартаа ямар түүх нэмсэн, амьдралын номондоо ямар хуудас нэмсэн бэ гэдгээ үргэлж тодорхойлох ёстой.
Жилийн эцэст гэж хойшлуулахгүйгээр яг одоо дэвтэрээ нээгээд “Миний амьдралын замнал” гэсэн гарчиг тавиад, Би … наслахдаа … мөрөөдөлтөй амьдарсан, энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө ийм зүйл хийж бүтээсэн, би яг одоо энэ цэг дээр байна гэх мэтээр бичиж эхлэх хэрэгтэй.
Намтар бичихэд туслах 10 асуултын дагуу хариулвал илүү тодорхой болох бөгөөд өөрийгөө хэзээ ч харж байгаагүй өөр өнцөгөөс харж чадна.
- Өөр хэнд ч байхгүй өөрийн чинь дахин давтагдашгүй шинж чанар юу вэ?
- Чи яг хэн байхыг хүсэхгүй байна вэ?
- 3 өдөр 3 шөнө юу ч идэж уулгүй, унталгүйгээр юуг тэгтлээ дурлаж хийж чадах вэ?
- Чамд хамгийн их гай болж байгаа зүйлс юу вэ?
- Хүссэн зүйлээ хийх бүх боломжийг тань бүрдүүлж өгнө гэсэн бол яг юу хийх вэ?
- Амьдралдаа хамгийн их аз жаргал мэдэрсэн мөчүүдээ бичнэ үү?
- Өөртөө байгаа бүх боломжоо жагсааж бичнэ үү?
- Амьдралдаа хийж байсан томоохон өөрчлөлтүүдээ хуваалцана уу?
- Үхэхээсээ өмнө заавал хийж амжуулах зүйлс?
- Насан эцэслэх цаг чинь иржээ гэж төсөөлье. Та амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид хэн байхыг хүсэж байна вэ? Юугаар бахархахыг хүсэж байна вэ?
Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа