4 сарын 22- МИНИЙ 100 НАЙЗ нөхөрсөг уулзалт
12 жил, 7 сар өмнө

Өгөөдэй өөрийн мэндэлсэн өдрөөр нижгэр найр хурим үүсгэж өргөн дэлгэр тэмдэглэхэд, Хаан аав нь дуудаж “Өөрийн алдаа оноог тунгааж, цаашид хэрхэхээ шийдэх ёстой өдөр болохоос, цэнгэж наргидаг өдөр биш” хэмээн зэмлэсэн гэдэг. Мэргэдийн үгүүлснээр “Хорвоод мэндэлсэн өдөр гэдэг нь гариг ертөнцийн нарийн учрал тохиолтой ховор тохиох чөлөө учрал бүхий мөч байдаг ажээ. Энэ мөч нь хүний мэндэлсэн өдрөөр дахин давтагддаг байна. Тиймээс өөрийн мэндэлсэн өдрөөр согтуурч хөлчүүрч цэнгэх биш харин байгаль эхдээ ойрхон байж ирэх жилийнхээ эрч хүч энергийг нөхөж авах ёстой ажээ. 

 

Тиймээс миний бие өөрийн мэндэлсэн өдрөөр дотны найз нараа цуглуулж танилцуулж, мөрөөдлийг нь сонсож, зорилгодоо хүрэх амлалтыг нь авдаг өдөр болгож тэмдэглэдэг уламжлалтай билээ. Найз нар нэгнийхээ тухай илүү ихийг мэдэж авч, хэзээ ч сонсож байгаагүй хүсэл мөрөөдлийг сонсож, ижил зорилготой нэгэнтэйгээ хамтран ажиллах, таалагдсан нэгэнтэйгээ үерхэж нөхөрлөх гэх мэтээр сайхан үр дүнгүүд гардаг.

Мөн найз нараасаа эрч хүч энергийг авч, өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, сэтгэлийн үгээ хуваалцсан баяр үнэхээр сайхан боллоо. Найзууд энэ жилд төлөвлөж байгаа ажлаа нэгэндээ танилцууллаа. Амласан ажлаа биелүүлэх гэж хичээнэ гэдэгт итгэлтэй байна. 

Энэ удаагийн нөхөрсөг уулзалтыг “Монголын нууц товчоо” ресторанд хийсэн бөгөөд энэхүү рестораны монгол хэв маягийг бүрдүүлсэн орчин болон хоолны амт чанар нь найзуудад маань маш их таалагдлаа. Дараа жилийн мэндэлсэн өдрөөр амласан амлалтуудаа биелүүлээд, хийсэн ажлаа тайлагнаад, илүү их зорилго өвөрлөн уулзацгаая даа, андууд аа.