3. ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД
10 жил, 6 сар өмнө

Хүн энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн хийж бүтээх зүйлтэйгээ ирдэг гэдэг. Хэрвээ хүн тэр хийх зүйлээ олж чадвал бусад бүх асуудал шийдэгддэг.

Харин бид өөррүүгээ хандахын оронд гадаад материаллаг зүйлд хэт анхаарлаа хандуулж, хурдхан машинтай болох юмсан, хурдхан их мөнгө олох юмсан гэсэн бодлоор толгойгоо дүүргээд байхаас биш миний дотор юу байгаа билээ, миний сэтгэл зүрх юу хүсээд байна, юунд тэмүүлж, юунд дурлаж чадах вэ, би юунд амиа өгч чадах вэ гэж өөрийнхөө ертөнцрүү өнгийж харахгүй байна. Ороо бусгаа энэ цаг үед амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлээ анзаарах сөхөөгүйгээр хоосон нэр алдар, эд хөрөнгө хэмээх солонгын хойноос хөөцөлдсөөр. Үргэлж л яарсан, сандарсан, тавчидсан, шунахайрсан. Юуруу яараад байгаагаа анзаарах ч сөхөөгүй, амьдрах завгүй амьдрал. Нэг л мэдэхэд бид өөртөө ч гаргах завгүй, би завгүй, би завгүй хүн гээд л, нэг л их завгүй юм хийж бүтээж байна гээд л бодоод яваад байдаг. Гэтэл энэ амьдрал чинь хэнд зориулагдаад байгаа юм бэ, хөндлөнгийн хэн нэгэнд зориулагдсан уу. Ингээд амьдрал чөтгөрийн тойрог шиг нэг л хэвийн тойрогт ороод эхэлдэг, гараас юм гарахгүй, шинэ санаа ч төрөхгүй бүх юм нэгэн хэвийн давтагдана.

Тэгвэл та чөтгөрийн тойргоос өөрийгөө чөлөөлж, бодол санаагаа цэгцлэхийг хүсвэл өөртэйгээ ярих арга танд тус болно. Өөртөө зориулсан багахан цаг хугацаа таны амьдралыг илүү бүтээмжтэй, илүү баялаг болгодог.

Жишээ нь бидний өвөг дээдэс жилийн эхэнд шинийн 8-нд хийморио сэргээнэ хэмээн уулын орой дээр гарч хараа бэлчээн сууж бодлоо цэгцэлдэг байжээ. Хий хоосон туйлширч машин тэрэгтэйгээ бужигнаж давхихдаа гол нь биш бөгөөд хамгийн гол нь хүн уулын орой дээр ганцаараа гараад би энэ жил юу амжуулчихав, би юун дээр алдав, юун дээр онов хэмээн өөрөө өөртэйгээ ярилцдаг нэг арга нь байжээ.

Мөн залбирал, бясалгал хийх, голын эргээр зугаалах зэрэг нь өөртэй ярилцах хэлбэрүүд юм.

Өөртэйгээ ярилцах аргачлал

  1. Толинд харж өөртэйгээ ярилцах. Тольны өмнө зогсоод өөрөөсөө асуулт асууж, хүнтэй ярилцаж байгаа мэтээр ярилцана. Энэ аргыг хамгийн сайн ашигласан хүн бол Дэйл Карнеги юм. Тэрээр 35 хүртлээ олны өмнө гарах нь бүү хэл хүнтэй юм ярьж чаддаггүй аймхай хүн байжээ.
  2. Бие эрхтэнтэйгээ ярилцах. Хүн өөрийнхөө эд эстэй хүртэл ярилцаж болно гэж мэдээллийн шинжлэх ухаан үзэж байна. Хорт хавдар өвчнийг эзэндээ гомдсон эсүүдийн бөөгнөрөл гэж тодорхойлж байна. Төр засаг болохгүй бол иргэд бослого гаргадаг шиг эзэндээ хайрлагдахгүй байгаа гомдсон эсүүд эзнийхээ эсрэг бослого гаргаж хавдар болдог байх нь. Гар хөл нь бүлээцдэггүй хүн бол гар хөлөө үрж илж таалах, толгой нь өвддөг хүн толгойндоо иллэг бариа хийх хэрэгтэй. Хүн мэдээллээс бүтэж байдаг. Тэгэхээр өөрийнхөө бие эрхтэнд мэдээлэл өгч, өглөө бүр эд эрхтэнээ хайрлаж, иллэг бариа хийж, ярилцвал маш сонирхолтой үр дүнд хүрч чадна.
  3. Байгальд ойр амьдрах. Бидний язгуур, үндэс маань байгаль эх. Тиймээс байгаль эхтэйгээ ойр байж, ууланд гарах, ойд хэвтэх, модын чимээ, навчисын сэрчигнээн, усны хоржигноон зэрэг байгалийн чимээг анирдан чагнах хэрэгтэй. Байгаль дээр байгаа зүйлс бидэнд зориулагдаж байхад бид бүгдийг анзаарах сөхөөгүй сохорчээ. Цэцэг ургаад, нар мандаад, гоё үүлнүүд хөвөөд, цонхны цаадахи болжморын жиргээнийг сонсохын оронд зурагтаа асааж хов живээр амьсгалж эхлэдэг. Амьдралын хамгийн гоё сайхан, өөрийнхөө хөг аялгууг сонсохоо болиод хөггүй гитар шиг хяхатнажээ.

Одоо та өөртэйгээ ярилцах цаг гаргахын тулд өдөр тутмын 24 цагийг юунд зориулж байгаагаа жагсаан бичиж нэг бүрчлэн дүгнэлт хийх хэрэгтэй. Өөртөө гаргаж болох ямар цагууд байна вэ? Өглөө эрт үү, өдрийн цаг уу, цайны цаг уу, оройн цаг уу, унтахын өмнө үү, эсвэл шөнө дөлөөр үү. Та өөртөө зориулах цагаа зурагт, гар утас, интернэт, архи, тамхи, дэмий чалчих зэрэг зуршилуудад үрээд байна уу!? Гэртээ орж ирээд зурагтаа асаагаад орхичихдог. Зурагт үзэхээр ямар нэг юм хийж байгаа мэт, зурагтаа унтраахаар юм хийхгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол та зурагтанд амьдралаа үрж байгаан шинж гэсэн үг.

Таны амьдралыг үрдэг эдгээр дайснуудыг илрүүлмэгц өөртөө зориулах цаг гарч ирнэ дээ. Одоо та тодорхой алхам “Тэгж байгаад л нэг...” гэдэг үг үгийн сангаасаа хасаж, өдөрт ядаж 5 минут гаргаад өөртэйгээ ярилцах хэрэгтэй. Ингээд дадал болсоор яваандаа өдөрт нэг цагийг, бүүр сүүлдээ бүхэл амьдралынхаа цагийг өөрөө өөртөө зориулдаг болно доо.

Ингээд та өөртэйгээ, дотор хүнтэйгээ, зөн билэгтэйгээ ярилцдаг болсноор, амьдралын тань үнэт зүйлс тодорхой болж, асуудал бэрхшээл багасаж, хий дэмий зүйлд цагаа үрэхээ больж, амьдрал тань илүү баялаг, илүү утга учиртай болно.


Дараагийн дугаарт: Өөрийн намтар, түүхийг бүтээх нь өөрийгөө танин мэдэх арга

Онлайн сонсох: http://mixcloud.com/luvsandorj

Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа