2. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД
10 жил, 7 сар өмнө


Өдрийн тэмдэглэл гэхээр мэддэг ч юм шиг их танил сонсогдож байна уу? Мэддэг юм шиг хэрнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй эдгээр зүйлс л бидний сул тал болж байдаг.

Эртний мэргэд өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө танин мэдэх хамгийн энгийн үр дүнтэй арга болохыг сургасан байдаг. Дэлхийг өөрчилсөн бүтээлч хүмүүсийн 1 нийтлэг тал нь өдрийн тэмдэглэл хөтлөх дадал хэвшил байдаг. Жишээ нь, Линкольн толгойд орж ирсэн санаагаа малгайндаа хавчуулж авч явдаг жижиг цааснууд дээрээ тэмдэглэж хандгалдаг хүн байсан гэдэг.

Өдрийн тэмдэглэлд 8 цагт бослоо, 9 цагт ажилдаа ирлээ, 01 цагт унтлаа гэх мэт цаг хугацааны дараалал бичих шаардлагагүй юм. Хамгийн гол нь амьдралдаа гаргасан шийдвэр, алдаа, оноо, өөрчлөлтүүдээ тэмдэглэж өөрийгөө алган дээр тавьсан мэт харж дүгнэх нь чухал юм.

Өдрийн тэмдэглэлийн ач холбогдол нь,

  1. Өөрийгөө судлах. Өөрийгөө хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байгааг өдөр бүр дүгнэн харах боломж. Өнөөдөр чи юуг алдсан? Юуг оносон? Хэнтэй хэрхэн харилцсан? Асуудал юунаас үүсэв? гэх мэтээр өөрийгөө хөндлөнгөөс харж ухаалаг бодитой дүгнэлт хийж, асуудлын үндсийг олж харах боломж өгдөг.
  2. Өөрийн түүх. Өөрийн замнал, түүхээ баримттайгаар бүтээх энгийн арга. Магадгүй таны туршлага ирээдүйд дэлхийг өөрчлөх эх сурвалж болох юм.
  3. Өөрийгөө илэрхийлэх чадвар. Тэмдэглэлээ тогтмол бичдэг бол бичгийн чадвар маш хурдан сайжирна. Аудио хэлбэрээр ярьж хөтлөдөг бол сул үгээ хурдан засч ярианы чадвар сайжирдаг.
  4. Агуулга хөгжүүлэх чадвар. Толгойд эргэлдэх санаагаа цаасан дээр буулгаж чадахгүй тохиолдолд, өөртэйгээ ярилцсан яриагаа аудио бичлэг (smart phone- audio rec) хийж, сийрүүлэх аргаар ажиллавал үр дүнтэй байдаг. Чөлөөтэй сэтгэж ярих үед хүний баруун тархи идэвхижиж олон шинэ санаанууд гарч ирдэг.
  5. Нойр хулжилтын эмч. Толгой дүүрэн бодол эргэлдэж сэтгэл амрахгүй нойр хулжсан үед хөрвөөж өнгөрөөх биш харин ч тэр цагийг ашиглаад эргэлдээд байгаа олон санааг тэмдэглэснээр та олон гайхалтай санааны эзэн болохоос гадна нэгэнт хамаг бодлоо уудалсан тархи сайхан амардаг. Унтаа сэрүүний заагт хүний далд ухамсрын цонх нээгддэг учир суутнууд зүүд нойрондоо гайхалтай санаанууд олдог нь тохиолдол биш юм.

Технологийн хөгжилтэй уялдаад өдрийн тэмдэглэл хөтлөх шинэ аргачлалууд бий болж байна.

  1. Тэмдэглэлийн програм /аpp/ Гар утсанд зориулсан тэмдэглэлийн олон төрлийн програм бүтээгдсэн. ColorNote, EverNote г.м.
  2. Аудио тэмдэглэл. Асуудлын гарцийг олох зорилгоор өөрөө өөртэйгээ ярилцсан утасны бичлэгээ (Audio Rec) дахин сонсох, эсвэл хүмүүстэй ярилцах үедээ болон ажил дээрх хурлуудаа бичиж аваад өөрийн яриандаа болон бусдын ярианд дүгнэлт хийдэг.
  3. Аудио, видео подкаст. Олон нийтэд нээлттэй хэлбэрээр өөрийн тушлага мэдлэг, хобби сонирхолын дагуу агуулга бүтээж түгээдэг. Жишээ нь, видео: http://youtube.com/ukatumur, аудио: http://mixcloud.com/luvsandorj
  4. Уламжлалт хэлбэр. Өдрийн тэмдэглэлд зориулсан дэвтэр нээж хөтлөх арга.


Хүн олон зүйлийг мэдсэнээр өөрчлөгддөггүй, харин нэг зүйлийг ч гэсэн хэрэгжүүлж чадсанаар өөрчлөгддөг. Та бүтээлч дадлыг амьдралдаа хэвшүүлснээр одоо байгаагаасаа илүү ихийг бүтээж чадна. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ та өөртөө төвөгтэй байдлаар биш хөгжилтэй аргаар хийж туршиж 1, 2 өгүүлбэр ч болтугай тэмдэглэж, заавал өдөр бүр биш бичмээр санагдсан үедээ бичиж эхлэхэд л таны амьдралд үр дүнгээ өгч байгааг мэдрэх болно.


Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас

Онлайн сонсох: http://www.mixcloud.com/luvsandorj/