1- 2 насны хүүхдийн онцлог, харьцах арга
10 жил, 11 сар өмнө

Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог, хоолоо идээд аягаа аваачаад тавих гэхэд нь хагалчихна гэж хориглодог, оймсоо өмсөх гэхэд нь удна, цэцэрлэгээсээ хожигдчихно гээд ээж нь өөрөө шүүрч аваад өмсүүлдэг, шүүр бариад шал цэвэрлэх гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор юм хийх гэж тэмүүлж байгаа сэдэл тэмүүллийг нь унтраачихдаг. Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор тэрхүү дадал хэвшлийг суулгаагүй учир 5, 6 насандаа юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү эцэг эх нь –манай хүүхэд гэж залхуу юм гэж хүүхэдрүүгээ бурууг тохдог боловч түүнийг залхууруу түлхсэн нь өөрсдөө гэдгийгээ ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насан дээрх онцлогийн талаар мэдлэгтэй болж, юм мэдэж хүүхэдтэйгээ харьцдаг байгаасай гэж хүсч байна. Ингээд 1-2 насны хүүхдийн онцлог:
1 нас 3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 6 сар
Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
2 нас
Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 - 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 - 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Жишээлбэл: хүүхдэдээ оймсоо өмсөх цаг гаргаж, өглөө эрт босцгоох, шалны алчуур бариад шээсээ арчих гэхэд нь муухай, баа баа гэх биш, арчуулчихаад дараа нь гарыг нь өөрөө угаачих хэрэгтэй ингэж чадвал бид хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.