#1 ХӨГЖЛИЙН АНАТОМИ
Саяхан зам дээр хүүгээ тэвэрсэн залуу гарцгүй газраар гарах гэж байгаад зам тавьж өгөөгүй машиныг уурлаад өшиглөчихөж. Гэтэл нөгөө жолооч нь нэг лут хөдөлгөөний эх оронч гарч ирээд залууг эхнэр хүүхдийнх нь дэргэд орилуулж байгаад зодчиж. За эндээс манай монгол улс яг ямар замаар яваад байгаа нь тов тодорхой харагдана. Ер нь замыг нь хараад тэр улсын удирдагчид хэн бэ, замаар зорчих зорчигчдыг нь хараад ямар ард түмэн бэ гэдгийг тодорхойлж болно ч гэж ярьдаг.
Миний урлан Баянмонгол хороололд байршаад 5 жил бараг болоход нэг муу замыг жил болгон 5 удаа заслаа. Яагаад нэг удаа засаж болохгүй вэ гэж? Яагаад гэвэл тэр зам хойтон эвдэрвэл замын нэг түшмэлд ашигтай. Тэгээд зам засварт төсвийн мөнгө байнга байдаг учраас чанаргүй хийх ёстой. Ноднин тэр замыг бас л бөөн юм болж техник хэрэгсэл авчирч замыг хааж иргэдийг бухимдуулж зассан. За даа нэлээн олон сая төгрөг хуссан даа. Гэтэл хэдхэн хоногийн дараа хүчтэй аадар орсон юмдаг. Нөгөө зассан зам мулт. Нөгөө түшмэл харин Бээжинд зугаалсан байх бас машинаа сайжруулсан нь тодорхой. Гэх мэт манай улсын удирдлагын менежментийг нэг их хол явахгүй зүгээр л зам дээрээс нь иж бүрэн харж тольдчихож болно. Хот ч бай улс ч бай хөгжлийн нэг төлөвлөгөө гаргаад тэрийгээ бүгдээрээ батлаад за бүр чадахгүй бол гадны хүнээс ичилгүй асуугаад явж болно доо. Хот ерөнхий төлөвлөгөөгүй хөгжиж байгаа болохоор зам нь ачааллаа дийлэхгүй, гал команд, түргэн тусламж нь иргэддээ хүрэхгүй гацчихдагтай адил улс нь хөгжлийн ерөнхий бодлого чиглэлгүй болохоор иргэд нь эзэнгүй сүрэг шиг л амьдарч байна даа. Уул уурхайн орон болох гэж богинохон сэтгээд уналаа. Одоо улстөрчдийн орон ч болох гээд байгаа юмуу даа ерөөсөө ойлгомжгүй явсаар 25 жил боллоо. Уран бүтээлийн мөр хөөсөн адгийн би хүртэл хөгжлийн ерөнхий чиг баримжааг нь харчихаад байхад л улс төрч нэртэй ухаантай царайтай нөхдүүд уралдаан зарласан юм шиг л утсан чинээ улаан амиа хоохойлох, улсын нэг муу жоохон төсөв рүү дайрцгаачих юм.
За тэр хүн муулах яахав би ямар ямар гээч хөгжлийн төлөвлөгөө харчихаад цэцэрхээд байгаагаа нийтэлчихье гэж бодлоо.
Нэгдүгээрт: Уул уурхай ашиглах нь бол зөвөө! Гэхдээ стратегийн орд гэх өхөөрдөм нэр өгч хувийн амьдралынхаа “стратегид” ашиглахгүй ээ найзуудаа. Үндсэн хуулиа хараач ээ. Бүх ард түмний өмч! гээд хар дээр цагаанаар өөрсдөө биччихсэн байна шүү дээ. Бусад Скандинавын болоод Канад мэт орнууд төрийн өмчдөө том ордуудаа 100% аваад олборлолтыг нь хувийн хэвшлийнхэнээрээ гэрээлж хийгээд ашгий нь өгөөд бусдыг нь хуу хамаад САН байгуулчихсан байна. Тэр баялагийн сангийнхаа мөнгөөр сургууль, боловсрол үнэгүй эмнэлэгийн салбар нь төлбөргүй иргэддээ үйлчилж байна. Сангийнхаа бас тодорхой хэсгээр гадны улсуудад хүүтэй зээл өгч бүр хүүгээр нь дахиад сангаа өсгөж томруулаад байхын. Энэ чинь бас санаанаасаа зохиогоод байгаа юм биш бэлэн жишээ улсууд нь байж байна шүү дээ очоод үзэлдээ.
Хоёрдугаарт: Хөгжлийн урт хугацааны (ядаж 2030 он) бодлогоо тодорхойлох яам ч юмуу байгууллага үүсгээчээ. БОДЛОГОГҮЙ улс яваад байна шүү дээ. Юунд хүрэх гээд байгаа юм яаж хүрэх гээд байгаа юм бүү мэд. Нүүдэл хийх гээд байгаа юмуу, суудал хийх гээд байгаа юмуу. Уул уурхайн яамтай нүүрсчдийн бүлэглэл гэх цөөхөн хэдэн баянтай байх юм уу? Нийтээрээ үйлчилгээний л бизнестэй орон байх гээд байгаа юмуу тодорхой биш байна. Минийхээр бол ХАА-н салбараа түшиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрүүдээ урт хугацаандаа тодорхойлоод эрдэс баялагийн салбартайгаа уялдуулж явах нь зөв юм шиг хардаг хүмүүсийн нэг.
ХАА бол манай эртнээс уламжлалтай бидний бараг соёл болсон мах цусанд минь шингэсэн аж ахуй шүү дээ. Дэлхийн хүн амын хэт хурдацтай өсөж байгаа арифметик прогрессыг хүнсээр хангах нь өдрөөс өдөрт хэтрүүлж яривал минут секундээр хэцүү болж байна. Гэтэл одоо манай улсын мал 50 сая гараад явж байна. Хүн амын тоо гуравхан сая өлгийтэй хүүхдээ оруулаад 70 кг мах мангас шиг идэхэд бидэнд 10 сая мал л хангалттай. Тэгээд илүү гарсаныг нь яах уу? Сум болгонд жижиг оврын махны үйлдвэр байхад оросууд хятадууд бараг хилийн худалдаагаар нь борлуулалт өсгөөд өгнө. Малчин болгон долларын саятан болох махны жижиг үйлдвэрийн эзэд тэрбумтан болох боломж байгаад л байна. За арьс шир гараад ирнээ. Богоо бодод шилжүүлж тооцоод 20 сая үхрийн шир гарчээ. Нэг ширнээс 20 ширхэг өмдний тэлээ гарна. Лондонд нэг Луй Виттоны суран тэлээ 100$ гээд бодоё. Нэг үхрийн шир 2000$! Махнаасаа үнэтэй арьс байж л байна. Энэ бүхнийг би яагаад яриад байна гэхээр үйлдвэрлэл яриад байнаа даа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрлэл шүү дээ. Энд би эвэр туурай яс үсийг оруулвал бүүр их тоо гарна.
Гуравдугаар: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бид хүссэн ч хүсээгүй ч нэгэнт дэлхийн яриад эхэлсэн Ногоон Хөгжлийн бодлоготой хөл нийлүүлэхээс өөр арга байхгүй. Үүнд: Сэргээгдэх эрчим хүч, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт. Энэ тал дээр бас л мэдсэн юм шиг 5 жилийн өмнөөс л Говийн Ногоон морь төсөл бариад л гүйсэн. Хэн ч тоодоггүй ээ. Эрдэмтэд тоогоод байдаг, ойлгоод байдаг мөнгөтэй улс төрчид зугтаад байдаг, гарааны мөнгө байдаггүй ээ. Мөнгөтэй баячууд маань болохоор Ногоон морь биш хурдан морийг бол сая саяар санхүүжүүлээд байдаг. Дэлхий даяараа ногоон болоод уур амьсгалын өөрчлөлтийг 2 градусаас илүүгүй барьж тогтоохгүй бол хойч үе маань усанд үйж үхэх нь тодорхой болоод байгааг Парисын саяны гэрээгээр тунхаглалаа. Урд хөрш маань “ИХ НОГООН ХЭРЭМ” гээд бараг Хятад улсынхаа талыг Монголын хилд тулгаж байгаад ногооноор будчихлаа. Нүүрсний ордуудаа хаагаад хаячихлаа. Гэтэл энд манайх нүүрсээ тойроод л алалцаад байдаг. Инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй байна. Монголын дарганцаруудаа бодлоготой байж чаддаггүй юмаа гэхэд эр хүн шиг ЕРӨНХИЙ хар л даа гэж л энэ нийтлэлийг бичиж байна.
Намайг Москвад Үйлдвэр Урлалын Дээд Сургуульд сурч байхад хар зургийн академик школоос өөрөөр Ерөнхий харж зурахыг зааж билээ. 5 жил хар зураг ерөнхийлж зурахыг нүдүүлсэний эцэст ойлгосон юмдаг.
Багш нар маань натурыг гоёчилж, деталчилж зурахаасаа илүү ерөнхийлж дотоод бүтцээр нь судлаж байгуулж зурахыг заасан юм. Үйлдвэрлэлийн дизайнер болох гээд байгаа хүнд тэр зуруулж байгаа хүний сормуус эхний ээлжинд хэрэгтэй биш. Тэр хүний анатомийн бүтэц тэр хүн яагаад хөдөлдөг, яаж явдаг, яс нь яаж байршиж, яаж хоорондоо харьцаж, ямар ямар булчингууд ажиллаж аль шөрмөс нь хаагуураа холбогдож байгаа нь чухал бололтой.
Үүнтэй адил улсын хөгжлийн ерөнхий анатоми нь эхлээд чухал болохоос уул уурхай бол бүхэл хүний 10 хурууны нэг ядам хуруу. Архи тамхи зардаг баар ресторан бол нэг муу онигор нүднийх нь сормуусны нэг үс л гэсэн үг шүү дээ. Агуу удирдагчидаа битгий детал хөөгөөд сормуус харж ээмэг бөгж шүтээд байгаачээ. Анатомын араг ясныхаа ерөнхий бүтцийг гаргаачээ. Алаг эрээнээр будах бол болоогүй ээ. Зөв бүтэцтэй алдаагүй араг хийц чинь инженерчлэгдэж байж араас нь будаж чимэглэх чинь явдаг хуультай юмаа. Будаж өнгө тавихад ч учиртай. Өөрийн гэсэн хоорондоо хоршиж чаддаг өнгүүд гэж бас байнаа. Үүнийг эдийн засгийн хэлээр бол кластаржих Эрдэмбилэгийн сурсанаар бол колоритный өнгөөр илэрхийлэх гэдэг юм байнаа.
Надаар ирж эдийн засгийн хичээл заалгахдаа тулаагүй баймаарсан. Ичээд байвал хүүхдүүдээ надад шавь оруулаарай. Дизайны урлагт хар зургаар яаж ерөнхийлдөгийг тэр нь ядаж амьдралд нь яаж хэрэг болдогыг нь заагаад өгөмз. Эцэст нь хэлэхэд үйлдвэрлэл бол хөгжлийн гарц шүү. Үйлдвэрлэлийн дизайн бол үүний салшгүй хэсэг. Хотын ерөнхий төлөвлөгөө нь өөрөө дизайн сайтай байсан бол замын голд бөглөрч бухимдаж тэр хоёр залуу сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохирч цус нөжөө гартал зодолдохгүй л байсан байх даа.
МУГЗ Д.Эрдэмбилэг www.facebook.com/ErdembilegArt
2016 он, Улаанбаатар хот