1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД
10 жил, 7 сар өмнө

Mongol

I. ӨӨРИЙГӨӨ СУДЛАХ ДАДЛЫН САР

1.1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

Залуус бид өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүний хөгжлийн ном уншиж, мэдлэг хуримтлуулдаг ч мэдлэгээ өөртөө тусгаж амьдралдаа хэвшил болгож чаддаггүй. Өөрийгөө хөгжүүлэхийг, илүү их амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аргачлалын тухай цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар зөвхөн уриалах төдий бус өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тодорхой аргачлалуудыг та бүхэнд хүргэх болно.

Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй. Өөрийгөө таних түлхүүрийг алсаас бус дэргэдээсээ олох хэрэгтэй. Бид яаж амжилтанд хүрэх вэ, яаж их мөнгө олох вэ, ямар салбарт амжилт олох вэ гэх мэтчилэн гадаад нөхцөл байдлыг маш их судалдаг хэдийч өөрийгөө судлах нь ховор. Бид 10 жилдээ ч, их сургуульдаа ч тэр өөрийгөө танин мэдэх тухай сонсооч үгүй бөгөөд хэзээ хойно өөрийгөө судлах хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ шалтаг тоочоод байвал юу ч өөрчлөгдөхгүй учир яг одооноос эхлээд өөрийгөө судалж болно.

Юуны түрүүнд хүн өөрийн ген, удамшил, удам судраа судалж мэдэх хэрэгтэй. Өвгөдийн нэр, намтрыг нь цээжлэхдээ гол биш юм. Ажилд орохдоо бичсэн болоод өнгөрсөн гурван үеийн намтар ч бас хангалтгүй.

Удам судраа судлах нь өөрийгөө таних нэг түлхүүр гэдгийг ойлгож, хичээл зүтгэл цаг гаргаж судлах хэрэгтэй. Таны өвөг дээдэс ямар үйл хэрэг бүтээсэн, ямар зан чанартай хүмүүс байсан юм бэ, тухайн үедээ нийгэмдээ ямар өөрчлөлтийг хийсэн бэ гэх мэт чухал мэдээллийг олж авснаар та өөрийгөө шинээр нээж чадна.

Ураг удмаа судалж угийн бичгээ хөтлөх шинэлэг аргачлалуудыг танд санал болгоё.

  1. Видео: Нутгийнхаа хамгийн өндөр настай хүмүүстэй уулзаж ураг удмынхаа талаар яриа өрнүүлж видео бичлэг архив бүрдүүлнэ.
  2. Аудио: Нагац, авгын талын жагсаалтаа гаргаж хамгийн ахмад хүмүүсээсээ эхлэн уулзаж, утсаараа аудио бичлэг хийнэ. Тухайн бичлэгээ сонсож эх болгож сийрүүлж цэгцэлнэ.
  3. Аялал: Өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар орноор аялангаа хүмүүстэй уулзаж мэдээлэл цуглуулна.
  4. Улсын болон орон нутгийн архивын газраас өвөг дээдсийнхээ мэдээллийг шүүж цуглуулах боломжтой.
  5. Олсон мэдээллүүдээ цаас болон ургийн бичгийн програмуудад оруулж хөтлөх хэрэгтэй.


Ингээд өвөг дээдсийнхээ амьдралын замнал, үйл хэрэг, хүсэл мөрөөдлийн тухай ихийг мэдэх тусам та өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Бидний өвөг дээдсийн ургийн бичиг нь 9 үеийн удам судраа эндүүгүй мэдүүлэх, үндэсний бахархалаа өвлүүлэх, өөрийгөө танин мэдэх язгуур үндэс болж байжээ. Харин Манжийн үед бидний бахархал, ургийн алтан хэлхээг төөрүүлэх үүднээс ургийн бичгүүдийг шатааж ургийн бичиг хөтлөх уламжлал тасарсан байна. Уламжлал тасарчихсан гээд залхуураад орхих эрх бидэнд байхгүй. Одоо бид сэргээхгүй орхивол бидний үр хүүхэд бүүр мартах аюултай. Одоо та 5 үеэ ч болтугай хөтлөөд орхивол таны ач, гучын үе 9 үеээ мэддэг болчихно шүү дээ. Энэ уламжлалаа залуучууд бид сэргээвэл өөрийгөө танихаас гадна үр хүүхэддээ үлдээх үнэтэй өв баялаг болно.

Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас
Онлайн сонсох: http://mixcloud.com/luvsandorj