1. Монголчууд хүн төрөлхтөнд ашиг тустай юу хийсэн, ашиггүй юу хийсэн бэ? /ярилцлага/
13 жил, 2 сар өмнө

Ганц монголчууд ч бус ер хүн төрөлхтөн түүхэндээ огт хийж чадаагүй ганц юм бол- овог аймгууд улс үндэстнүүд бие биеэ өөрийн адил хайрлах бурханлиг сэтгэлийг олох дээд үйл юм. Бие биеэ хайрлах бурханлиг сэтгэлийг олж эс чадсаны харгайгаар тэд хоорондоо эв нэгдэлтэй амьдрах, нэгдмэл хүсэл, зорилгын түүх бүтээх үйл явцад хэзээ ч бүхлээрээ зангилагдаж чадсангүй. Миний бодлоор хүн төрөлхтөний түүхийн үнэний энэхүү философи утга агуулгын радиусаас монголчууд ч халиагүй.

      Монголчууд бидний өвөг дээдэс бусад ард түмэнд хор хөнөөл учруулж, үхэл гамшиг тарьсан цуст дайнаар уулгалсан нь хэдийгээр түүхэн логик шалтгаантай ч монголчууд бид бусдыг өөр шигээ адил санан хайрлах, энэрэх, эв найрт сэтгэлээр туслах бурханы ухамсар дутсаны уршиг, эзэд хаадын уур, цөс, ухваргүй зарим бодлогын нь үр дүн гэж би хувьдаа үздэг. Эцэст нь монголчууд бид өөрсдөө бусдын эзэрхийлэл, турэмгийлэл, дарлал, мөлжлөг, боолчлолын буулган дор гурван жарныг дамнан зүдэрсэн. 

     Бусдыг өөр шигээ санан хайрлах, туслах, тэгээд бурханлиг дээд хөгжилд нэгдмэлээр зорих явдлыг би хүн төрөлхтөний түүхийн гол үйл явц гэж үзэж буй тул энэ хувь үзлийнхээ өнцгөөс, хүн төрөлхтөний түүхийн философийг ойлгох ойлголтын үүднээс өөрийнхөө үндэстний түүхэнд болон тэдний бүтээсэн, бүрэлгэсэн үйл ажиллагааны өнгөрсөн явцад хандаад ингэж хэлж байна. Түүнээс биш монголчуудын түүхийг эд өлгийн үйлдвэрлэл, хүний материаллаг хэрэглээний эд агуурсын өгөө, аваа, арилжаа солилцоо, амжиргааны арга загварын талаас нь аваад үзвэл, хүн төрөлхтөний түүхийг нөхсөн болоод холтолсон зүйл бишгүй байлгүй дээ. Жишээ нь би энд хүмүүн оршихуйн нэг агуу "constant"-ын /"тогтмол"/ тухай сэтгэмжээ хэлмээр байна. Юу гэвэл монголчуудын экологи сэтгэхүй! Монголчуудын экологи сэтгэлгээ нь тэдний ертөнцийг үзэх үзлийн унаган "хөрс" бөө мөргөлийн философиос үүдэлтэй юм. Монголчуудын экологи сэтгэхүй дэхь "constant" гэж би юу хэлж байна гэвэл, төрсөн нутаг усандаа, бууц хондондоо, бас насан туршдаа хариулж, хайрлаж үржүүлсэн мал сүрэгтээ үргэлж сэтгэл "хадаатай" амьдарсаар үхэж чаддаг хорвоогийн хүрд мэт эвдэршгүй чанарыг хэлж байгаа юм. Монгол угсаатан өөрийнхөө генийн үйлдлээр байгалиас "зохиогдсон" язгуур шинж чанарынхаа "түлхэц"-ээр буй болгож түүхэн түүхэн амьдралынхаа явцаар хэвшүүлж тогтмолжуулсан энэ бодот үнэн бол монголчуудаас хүн төрөлхтөнд бүтээж өгсөн хамгийн их ашиг тустай "өв хөрөнгө" юм. Хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн орчилд энэ "constant" өнөөдрийн ямар ч их үнэ цэнэтэй эдийн засгийн өндөр үр ашигтай техник технологиос илүү ач тустай. Яагаад гэвэл, өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалиасаа өдрөөс өдөрт холдож, газар дэлхийгээ ч, амьтан юмсыг ч хайрлах чадвараа алдаж, хүний халуун сэтгэлээсээ ч хагацаж, "амьд хөргөгч" болж хувирах үйл явцад нэрвэгдсээр байна. Иймд эх дэлхийгээ гэх ухаан санаагаа байтугай төрсөн нутаг, газар шороогоо ч гэх элэг сэтгэлээ гээж буй хүн төрөлхтөнд монголчуудын энэ "өв хөрөнгө" л аврал болно.

   Далимд жич хэлэхэд манай түүхчид түүхэн үйл явдал баримтыг судлах судалгааны хэрэглэгдэхүүн талаас нь бөөгнүүлж, иж цогцоор нь бүрдүүлэх ажлыг амжилттай хийж байна. Судалгааны аргачлал, арга зүй ч сайн, өндөр түвшинд байх шиг байна. Гагцхүү монголчуудын түүхийн философи шинжилгээг буй болгох, туулсан он жилүүдэд болж өнгөрсөн түүхэн явцын дотоод утга агуулгыг философи сэтгэлгээ, сэтгэмжийн шатанд дүгнэх, чиг хандлагыг нь тодорхойлох ажил одоо болтол хийгдээгүй, нийгмийн сэтгэлгээний гадна хаягдсаар байгаа харагдана.

"Эрх чөлөө ганцхан утгатай: Энэ нь- үүрэг " /инженер Д.Бадарчтай хийсэн улс төр, шинжлэх ухааны ярилцлага/-аас 

Үргэлжлэл бий...