“Өнөөдөр” сонины УРЛАНд зочиллоо
“Өнөөдөр” сонины Урлан буланд зочилж ярилцлага өглөө. Та бүхэн сонирхоорой. Уран бүтээлч биднийг дэмжиж урлагийн мэдлэг мэдээллийг түгээж байдаг "Өнөөдөр" сонины хамт олон болон сэтгүүлч Б.Эгшиглэн-д баярлалаа.
Б.Эгшиглэн
Гэнэн томоогүй хүүхдүүд, хацартаа улаа улаа бутруулсан хатан, үүлэн дээгүүр нисэн яваа хүү, энгийн хэрнээ цаанаа л онцгой, баяр баясгалантай өдрүүд. Зураач В.Ундраагийн бүтээлүүдээс энэ бүхэн харагддаг. Өөрөө ч зургуудтайгаа төстэй юм шиг. Яг л хүүхэд адил. “Хүн бүрийн дотор хүүхдийн төрх, зан араншин нь үргэлж байсаар л байдаг гэж би боддог. Амьдралын явцад бид нар хашир сууж, муу санаатай болдог нь тойрох аргагүй үнэн. Гэхдээ тэр дунд хүүхдийн ариун сэтгэл, нандин чанараа хэвээр нь үлдээхийг хүсдэг” хэмээн тэрбээр ярьсан юм.
_______________________________________________________________________
-Яагаад зураач болох замыг сонгосон бэ?
-Зургийн авьяас ааваас удамшсан гэж хэлж болно. Аав С.Вандан маань урлагийн сургуульд сураагүй чулуун, модон сийлбэр, хайчилбар, уран зураг, монгол зураг, хар зураг, хөрөг зэрэг төрлийг бие даан судалж, уран бүтээл туурвиж байсан. 30 гаруй насандаа зургийн сургуульд орох гэсэн боловч нас нь оройтсон гээд тэнцээгүй гэдэг. Аав маань төрөлхийн урлагийн хүн байсан ч тэр үед тусалж дэмжээд, зааж зөвлөх хүн байгаагүйгээс өөр салбар руу урвасан байх гэж одоо боддог юм. Румын улсад цаасны технологийн чиглэлээр сурж, Монголд лаа, ариун цэврийн цаасны технологийг анх оруулж ирсэн хүн.
-Бүтээлүүд тань их өнгөлөг. Голдуу шар, улаан, ногоон, улбар шар өнгөөр зурсан байх юм.
-Миний зургийг үзэж буй хүмүүс сайхан энерги аваасай гэж би хүсдэг. Гэгээлэг, тод өнгийг сонгож зурдаг маань тийм учиртай. Хурц, тод өнгө тэмүүлэлтэй, дайчин харагддаг учраас тэдгээрийг сонгох бас нэг шалтгаан болдог юм. Нэг хэсэг бүтээлүүдэд маань улаан давамгайлдаг байсан бол сүүлийн үед шар өнгийг түлхүү хэрэглэж байна. Шар бол нар шиг хурц туяатай, дулаан илчтэй өнгө.
-Сүүлийн үед урлагийн бүх л салбарын уран бүтээлчид үндэсний уламжлалаа орчин үеийн хэв маягтай хослуулах болж. Та ч мөн тэдний нэг байх аа?
-Тийм ээ. Даяаршиж буй энэ ертөнцөд өөрсдийгөө илэрхийлэх, хэдэн мянган үндэстнээс ялгарах цорын ганц зүйл нь бидний өв соёл шүү дээ. Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэхээс гадна мөн монгол үндэснийхээ уламжлалыг үзүүлэхийг зорьдог. Монгол зураг ийм нарийн дүрслэлтэй, хээ угалзтай гэдгээс авахуулаад дээл хувцас, өдөр тутмын амьдралын дүр зураг, ёс заншлаа бүтээлдээ харуулах эрмэлзэлтэй.
-Бүтээлд тань хэлбэр голлодог уу, эсвэл агуулга чухал уу?
-Аль аль нь. Заримдаа хэлбэрт түлхүү анхаарахад, агуулга нь голлосон зургууд ч бий.
-Таны баатруудыг ажиглахад гэнэн цагаахан хэрнээ хааяа зүггүйтчихдэг сахилгагүй охин санаанд буудаг юм. Та өөрөө тэр хүүхдүүдийн нэг мөн үү. Уран бүтээлчид дотоод ертөнцөө бүтээлдээ идэрхийлдэг шүү дээ?
-Зураачийг бүтээлээс нь уншиж болно гэдэг дээ. Ямар нэгэн үг яриа, тайлбаргүйгээр өөрийгөө илэрхийлэх, өнгө будганд шингээн харуулдаг нь тэр болов уу. Мэдээж үзэгч миний мэдэрсэн бүхнийг адилхан мэдэрч, хүлээн авна гэж байхгүй л дээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлан уншина. Тэгэхээр уран зурагт хил хязгаар үгүй байгаа биз.
-Тойрог эсвэл дөрвөлжин хүрээн дотор олон хүн зурсан нь ямар учиртай юм бэ?
-Өглөө босоод хувсаа өмсөнө, нүүрээ угаана, ажилдаа явна гээд л хүний амьдралын өдөр бүр ихэнхдээ адилхан шүү дээ. Тодорхой нэг давтамжтай, тойрогт орсон байдаг. Тэрийг дүрсэлж ингэж зурсан юм. Зургийг маань ажиглах юм бол яг адилхан хоёр хүн олдохгүй. Гар, хөлийн хөдөлгөөн, нүүрний хувирал нь ч давтагдаагүй. Хэдийгээр өдөр бүхэн адил хэмээр урсдаг ч тэр дунд хүн аажим аажмаар өөрчлөгдсөөр байдаг гэсэн санааг илэрхийлсэн юм.
-Тэрхүү тойрогтоо эргэлдээд л байх уу, эсвэл өөрчлөхийг оролдох нь дээр болов уу?
-Тойргоо сольж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэг л амьдрах юм чинь таалагддаг зүйлсээ бүгдийг нь хийж үзэх нь зөв байх. Амьдрал гэдэг заримдаа шуурга шиг санагддаг юм. Шуурган дундуур алхахад бэрхшээл олон тохиолддог ч тэр бүхнийг давахаас өөр зам байхгүй. Амьдралаасаа жишээ аван хэлэхэд би саяхан нэг тойргоос гарч чадлаа. Өөр нэг тойрогт шилжиж, олон зүйлсийг өөртөө шинээр нээж байна. Энэ нь миний уран бүтээлд ч нөлөөлж байгаа. Өмнө нь эмэгтэйчүүд, охидыг голлон зурдаг байсан бол одоо илүү өргөн хүрээтэй, аж байдлын чиглэлээр бүтээл туурвиж байна.
-Монгол дээлтэй, “сахилгагүй” охидын зураг. Хэзээнээс ингэж зурдаг болов?
-Би 1998 онд Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийн монгол зургийн ангийг төгссөн юм. Дараа нь 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Тэрнээс хойш олон төрлөөр зурж байгаад 2008 он гэхэд одоогийн энэ хэлбэрээ олсон доо. Хүүхэлдэйн кино байнга үздэг маань ч үүнд нөлөөлдөг байх.
-Хүүхэлдэйн кинонд тийм дуртай юм уу?
-Охинтойгоо нийлж суугаад л хүүхэлдэйн кино үзнэ шүү дээ. Одоо бид хоёрын хүүхэлдэйн киноны цуглуулга 270-д хүрсэн байна билээ.
-Хамгийн дуртай киноноосоо нэрлээч?
-“Ну погоди” мөн орос ардын үлгэрээс сэдэвлэсэн дээр үеийн хүүхэлдэйн кинонууд. Одоо бодоход багадаа үздэг байсан тэр кинонууд хүүхдэд их сургамжтай санагддаг юм. Мөн дүрслэл, өнгө зэрэг нь нэг л өөр. Яг л үлгэрийн ертөнц тийм байдаг болов уу гэмээр. Сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонууд хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлдэг юм шиг санагддаг. Жаахан замбараагүй байдал, өнгө мөнгөний шунал, бие биенээсээ давж гарах гэсэн хийрхэл зэргийг харуулдаг нь таалагддаггүй.
-Номын чимэг зураг зурдаг уу?
-Нэг удаа номонд зориулж таталбар зурсан. Яваандаа хүүхдийн зохиолын номын хавтасны зураг зурах бодол бий.
-Сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Орчин үеийн байшинд нүүдэлчдийг аваад ирсэн. Компьютер, зурагт, дивантай байранд дээлтэй, монгол гуталтай хүмүүс байхаар дүрсэлж байгаа. Энэхүү санаагаа цаашид цуврал бүтээл болгохоор төлөвлөсөн. Өнөөгийн хотын хүмүүсийг гэрт байгаагаар харуулдаг ч юмуу. Амьдралыг арай өөр өнцгөөс харах, эсрэг тэсрэг зүйлсийг холбох, хүмүүсийг янз бүрийн орчин нөхцөлд аваачиж дүрслэх нь ч их сонирхолтой байдаг юм. Уран бүтээлч байхын нэг сайхан нь ч тэр байх. Бодит байдал дээр хүн нисэж чадахгүй. Тэгвэл үүнийг бид дүрсэлж чадна.
-Та голдуу аз жаргалтай, инээсэн хүмүүсийг зурдаг. Хар бараан талын зураг зурсан тохиолдол бий болов уу?
-Би амьдралдаа ганц л удаа сөрөг талын зураг зурсан юм. Муухай санагдсан болохоор устгачихсан.
-Нэгэнт дотроос мэдрэгдэж байгаа зүйлийг гаргаж ирж яагаад болохгүй гэж?
-“Аав нь хүний төлөө төрсөн хүн. Олон зүйлээ хүмүүст зориуллаа. Тиймдээ ч амьдрал минь сайхан байгаа юм. Миний охин ч мөн бусдад аз жаргал бэлэглэх сайн зураач болж чадна” гэж аав маань хэлдэг байсан. Амьдрал хэцүү байна, нийгэм ийм тийм байна гээд л олон хүн ярьдаг. Нэгэнт бэрхшээл, зовлон их байхад би бас тэрийг зурж, үзэгчдэд сөрөг зүйлс мэдрүүлэхийг хүсдэггүй ээ. Хүнд муу зүйл өгөх муухай.
-Ундраагийн уран бүтээлийн ундарга хаанаас оргилдог вэ?
-Дотроос маань. Эерэг энергитэй, тайван байх үедээ зураг зурдаг. Тийм үед л сайн бүтээл төрдөг болов уу. Зарим хүн нэг зургандаа төвлөрч суусаар дуусгадаг бол би тэгж чаддаггүй юм. Олон зураг зэрэгцүүлж тавиад нэг нь болж өгөхгүй бол нөгөөд нь төвлөрдөг.
-Зураг зурахаас өөр юу хийж байна?
-Бясалгалаар хичээллэж байгаа. Бясалгах үед орчноосоо тасарсан мэт мэдрэмж төрдөг юм билээ. Зарим хүн диваажинг амьдралын дараа байх зүйл гэдэг. Тэгвэл хүн амьдрал дээр ч диваажинг бий болгох боломжтой юм гэдгийг бясалгалд явдаг болсноор ойлгосон.