...Үргэлжлэхгүй (өгүүллэг)
13 жил, 4 сар өмнө

Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй.

Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
“Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”

Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүрэмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.”

Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд… ”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёох... Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.


Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дараагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухaар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй”. 

Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.

…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа”. Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
-Хүн болчихсон байна.
-Тэгээд яахав?
-Мөчлөхөөс…
Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхөж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив… Сэрэхэд эмч саяхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.


Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.