. “Үндсэн хууль” дахь өмчийн үзэл ойлголтыг шүүмжлэх нь:
13 жил, 1 сар өмнө

“Шинэ үндсэн хууль”-д өмчийг, ялангуяа, хувийн өмчийг нийгмийн хөгжлийн үндэс мэтээр үзэх үзэл санаа ноёлжээ. Тиймээс ч Төр нийгмийн үйлдвэрлэлийн бааз суурийг нилэнхүйд нь хувьчилж, хувийн өмчинд шилжүүллээ. Өнөөдөр “хувийн өмч” манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 80 орчим хувийг үйлдвэрлэж байгаа хирнээ улсын төсвийн бүрдүүлэлтэнд дөнгөж 20 хүрэхтэй үгүйтэй хувиар оролцож байна. Эндээс юу харагдаж байна? гэвэл, хувийн өмчит аж ахуйн газруудын үйлдвэрлэл үйлчилгээ “хувийн хуримтлал” үүсгэх л хөрөнгө оруулалтын эргэлтэнд зарцуулагдахаас бус, нийгмийн хөгжлийн санхүүжилтэнд хамрагдахгүй, тийм зориулалттай хөрөнгө оруулалт, материал баялгийн хуваарилалтанд оролцохгүй үлдэж байна гэсэн үг.

            Хувийн өмчийн мөн чанарыг бүрэн ойлгох, шинжлэх ухаанч ойлголт “Шинэ үндсэн хууль”-ийн сэтгэлгээнд дутсан нь 15-20 жилийн дараа Монголын ард түмний 80 хувийг нь амьдралын ядууралд хүргэсэн үр дагавартай нийгмийн үйл явцыг урьдчилан харах чадвар ч уг  “хууль”-ийг боловсруулагчидын болоод батлагчидын сэтгэлгээнд аанай дутсаныг давхар нотолно.

            “Шинэ үндсэн хууль”-д нийгэм хүний оршихуйн материаллаг үндсийг зөвхөн өмч гэж ойлгож, нийгмийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн үүрэг, ач холбогдолыг буруу дэс дараалалаар үнэлж, тэр буруу үзэл ойлголттой үйл ажиллагаандаа нийгмийн бүхий л хүрээний үйл явцбг хүчээр зохицуулсанаар, бас, наанаа ардчилсан сонголтын хэлбэртэй ч цаанаа “шинэ хэлмэгдүүлэлт”-ийн шинж чанартай, “нийгмийн либераль өөрчлөлт” хэмээх “өмчийн захиргаадалт”-ыг төрөөс нийгэмд тулган хүлээлгэснээр үндэсний үйлдвэрлэл зогсох, ухрах, гадаадын хөрөнгө-санхүүгийн эрхшээлд бүрэн орох, ард түмний олонхийн амьдрал доройтох нийгмийн эмгэнэл эхэлснийг ухаарахад одоо төвөгтэй биш. “Шинэ үндсэн хууль” –ийн сэтгэлгээнд нийгэм-хүний хөгжлийн утга агуулга, үнэмлэхүй зорилго, экзистенциал мөн чанарыг ойлгох, шинжлэх ухааны өндөр түвшиний мэдлэг, философи ойлголт эхнээсээ шаардагдаж байсан, одоо ч шаардагдсан хэвээрээ үргэлжилж байна. Яагаад гэвэл, Монголын нийгмийн өнөөгийн задрал, хувийн өмчийн үзлээр өдөөгдөж буй эрх ашгийн антигонист зөрчил, хүний дотоод хөгжлийн гипербол гажуудал, хүн чанарын “сүйрэл”-ийн эх сурвалж нь “Шинэ үндсэн хууль” дахь өмчийн мөн чанарын буруу ойлголтоос үүдэлтэй юм.

            Өмчийн психоз сэтгэлгээ нь материаллаг баялагт харьцах харилцааг зөвхөн л хувийн өмчтэй болох, бодот капитал, хөрөнгө-санхүүгийн хуримтлал үүсгэх үйл ажиллагааны харилцаа мэтээр ойлгох өрөөсгөл ойлголтонд хүргэж, тэрхүү прагматик, энгийн механик ойлголт нь өмчийн эдийн засгийн функцийг буруу бүтэцжүүлсэн юм. Сөрөг үйлчлэл, урвуу үр дүнд хүрэх функци, бүтэцтэй эдийн засгийн харилцааны механизм өнгөрсөн түүхэн мөчлөгт хэнд ашигтай ажилласан бэ? гэвэл, хөдөлмөрч бүтээлч олонхид бус, зөвхөн төр-бизнесийн олигархи цөөнхөд, хуулийн “цоорхой” олж ашиглагч “хөрөнгөлөг ахуйтан”-ы ашиг сонирхолд л нийцэн ажиллаж, зөвхөн тэднийг их бага хувьчлалаар хөрөнгөжүүлж, нийгмийн ихэнхи бодот баялгийн болоод арилжааны үнэт цаас, хувьцааны эзэд болгосон нь тэдний “ижил гараа”-ны гэж нэрлэдэг нууц нөхцөлийн “ижилгүй” үр дүнгээр ард түмнийг дамшиглалаа.

            Ард түмний олонхийн амьдарлд сөрөг үйлчлэлтэй үргэлжилсээр байгаа нийгмийн харилцааны /зах зээлийн/ механизмыг өөрчлөх, эдийн засгийн либеральчлал хэмээгдсэн “шинэ сэтгэлгээ”-ний алдааг засах, нийгмийн хөгжлийн буруу туршилтын горыг арилгах шинэ гарц буюу хөгжлийн спиралын эргүүлсэн өндөрслийн дараагийн шат нь өмчид хандах сөрөг “шинэ сэтгэлгээ”-ний шат гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн үзнэ.

            “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр бол нийгмийн хөгжлийн үндэс нь алив өмч өөрөө бус харин хүн юм. Тэгвэл, хүнийг хүн болгож буй гол юм юу вэ? Нэгдүгээрт, хүний дотоод эрчим хүч, хийбод хүчнүүд; хоёрдугаарт, хүний ауро орон хийгээд сансарын мэдээлэлийн урсгал хоёрын үйлчлэлцэл; гуравдугаарт, хүний биемахбодын үйл ажиллагааны идэвхижилт гурав юм. Хүн хөдөлмөрийн хүчээр амьдрах нь магад боловчтэр хүчийг өрнүүлэгч нь хүний дан махбод өөрөө бус, хүний ухамсарт үйл ажиллагааг үүдээгч ил, далд эрчим юм. Хүнд нууцлагдсан эрчимийн бүтцэд зонхилох орон зайтай сэтгэл, далд ухамсар, ондоо зүй тогтолт ертөнцийн мэдээлэлийн “удирдлага”, дээд гэгээрэлт зөн сэрэхүй буюу дотоод бясалгал зэрэг квант хүчнүүд эхлээд “хөдөлмөрлөж” махбодоо үйл ажиллагаанд оруулж байж махбодоос механик хүч гаргуулна. Энэ “үүдмэл”, хоёрдох хэлбэрийн, эсвэл, хоёрдох “төрөлт”-ийн хүч нүдэнд үзэгдэхүйц бодот хөдөлгөөн хийж, бодот үр ашигт ажил гүйцэтгэж, материаллаг өмчийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн үндэс нь чухамдаа өмч бөгөөд өмчийн механизм биш, хүн өөрөө юм. Өмч “бүтээгч хүчин зүйл” болохынхоо өмнө зөвхөн “үхмэл өгөгдөхүүн”, “байгалийн юм”, статик хэрэглэгдэхүүн л байдаг. Харин хүн өмчтэй харилцаад эхэлмэгц тэр статик, үхмэл “байгалийн юм” сая “бүтээгч хүчин зүйл” болон хувирч эхэлдэг.

            Хүн өмчинд ямар ухамсар, сэтгэлээр хандана, өмч тэр хандлага, харилцаатай шууд харьцангуйгаар “амилж” эрчимжиж, “ашиглагдах” шинж чанараа буюу үр ашиг өгөх боломжоо нээнэ. Ингэхлээр өмчийн “ид шид”, “хэрэглэгдэх чанар” нийгмийн үйлдвэрлэлийн хийгээд хөгжлийн хөдөлгүүр болох функциональ үйлчлэлийн язгуур нь өмчинд өөрт нь бус харин өмчийн эзэн өмчөө яаж ашиглах, юунд ашиглахыг хүсч буй зорилго, ухамсарын мөн чанарт л байх хэрэг. Иймд өмчинд хандах хүний хандлага, сэтгэлийн мөн чанарт “хувьсгал” хийх явдал л өмчийг “амьд биет”, “амьд хүч” болгох үндэс юм. Эндээс өмчийн ялгавар нь өмч эзэмшлийн ялгаанд бус, угтаа, хүний сэтгэл, ухамсарын хөгжлийн ялгаанд оршиж буйг харж болно. Өөрөөр хэлбэл,өмчийг “Энэ нь миний хувийн өмч, тэр нь биш!” гэх сэтгэл ухамсарыг арилгаж, оронд нь, “Энэ нь ч миний юм, тэр нь ч миний юм, ингэхлээр, энэ хоёр миний хувьд хоёулаа “хүний юм” бус, “миний юм” гэх сэтгэл, ухамсар үүсч энэ нь цаашдаа хүний дотоод хөгжлийн илүү хөгжингүй түвшинд, “Энэ бүгд бидний буюу улс нийтийн юм, бүгд нийтийн өмч бөгөөд “миний юм!” гэх итгэл үнэмшил бүрдээд өмчийн хэлбэрийн өнөөгийн бодот ялгаа “бодот юм” байхаа болино. Өнөөдөр “хувийн өмч”, “нийгмийн өмч” гэсэн өмчийн хэлбэрийн ялгаанаас үүдэж буй үйл ажиллагаанб хоёр өөр үр дүн, хоёр өөр үр ашиг өмчөөс өөрөөс нь бус өмчдөө хандаж буй хүний сэтгэлийн мөн чанараас үүсч буйг нийгэм ийн ойлговол өмчийн хэлбэрүүд нийгэмд ялгаатай функци гүйцэтгэж ялгаатай ач холбогдолтой байгаагийн үнэн учир шалтгааныг ч зөв ойлгож авна. Энэ учир шалтгаан өмчийн хэлбэрийн мөн чанарт, тэдгээрийн ялгаанд байгаа бус өмчийг эзэмшиж, ашиглаж буй хүний өөрийн нь дотоод хөгжлийн түвшиний ялгаанд оршиж буйн нууцыг ч тайлах болно. Энд би хүний “Дотоод хөгжил” гэдэгт хүний сэтгэлийн аугаа дээд гэгээрэл, хүний ген-ертөнцийн “өөрөө өөртөө оршигч”, “өөрөө өөрийгөө хөгжүүлэгч” дотоод биоэрчимийн гадагшаа үйлчлэгч хүчний хөгжлийг хэлж байна.Үүнийг хүний сэтгэл, оюуны хүч ч гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл, сэтгэл, оюун хэмээгч хүний дотоод оршигч тэр үл сарнигч, үл мөхөгч хүч л хүнийг юуны түрүүнд удирдаж, үйл ажиллагааг нь өрнүүлдэг. Нөгөө талаар, өмч эзэмшлийн үр дүнгийн ялгаа өмчийн гүйцэтгэж буй үүрэгт ч бус, өмчөөр “мөнгө хийх”, ашиг олох, хуримтлал үүсгэх бодот боломж, таатай таагүй эрхзүйн орчинд ч байгаа бус гэдгийг нь ойлгох нь чухал. Энэ үүднээс “Шинэ үндсэн хууль” дахь өмчийн ойлголт, үзлийн шүүмжлэлийн хүрээнд ярих ёстой нэг чухал асуудал өмчийн “үүрэг”, “хариуцлага” гэдэг ойлголтыг /Өнөөдөр Монголчуудын нийгмийн баялаг нь “хувийн өмч”, “төрийн өмч” гэсэн ангилалд хувааж болохоор хэрэг үүрэгтэй байгаа? Үүнд, “нутагшигч өмч” нь Монголын эдийн засгийн хөгжилд үйлчлэгч, зориулагдагч өмч, “цагаачлагч өмч” нь гадагш урсагч, зөвхөн өмч эзэмшигчийн хувийн амьдралд үйлчлэгч, нийгэмд үл зориулагдагч өмч юм. Гадагш урсагч энэ өмчийн урсгалын чигийг дотогш эргүүлэх асуудлыг өмчийн “нийгмийн үүрэг, хариуцлагатай холбож тавих нь зүйтэй санагдана!/ өмч эзэмшигчийн сэтгэхүйд гүн шаардлага юм.

            Өмч тэнгэрийн хоосноос буй болдоггүй, таваар-мөнгөний харилцаагаар эд таваарыг арилжин авч байгаа худалдаа авагчидын төлбөрийн илүү хувиас буюу худалдагч субъектэд унаж байгаа ашгаас бүрддэг.Энэ нь нийгмийн хэмжээнд болохоороо тухайн үндэстний худалдан авагчидын халаасан дахь мөнгөнөөс л шууд ба шууд бусаар хураагдаж нийгмийн цөөнхөд хуримтлагдаж байгаа илүү ашиг орлогын нийлбэр юм. Иймд өмчийн “үүрэг”, “хариуцлага” буюу өмчинд хүлээлгэх нийгмийн “даалгавар” өмчийн аль ч хэлбэрт өгөгдөх ёстой. Энд өмчийн сэтгэлгээнд “хувьсгал”-ын шинж чанартай дараах шинэчлэлийг хийх хэрэгтэй.

            -Хувийн өмч гагцхүү хувьд бус нийгэмд зориулагдан зарцуулагддаг, нийгмийн баялгийн дахин хуваарилалтанд заавал оролцдог;

            -Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн зорилго, сонирхолд үйлчлэхээсээ түрүүнд амин хувьдаа, ам бүлдээ хөрөнгө хуримтлал, “үхмэл” капитал “үйлдвэрлэдэг” хувийн өмчинд нийгмээс ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг ухамсарыг нийгмийн сэтгэлзүйд төлөвшүүлэх;

            -Өмч эзэмшигчийн “эзэмшилийн үүрэг”, ёс зүйн “даалгавар”-ын ойлголтыг нийгмийн сэтгэхүйд хэвшүүлэх, өмч эзэмшигч бодгалуудад олон нийтэч, нийгэмч ёс зүйг иргэнлигээр хуульчлах;

            Сэтгэлгээний эдгээр шинэчлэл нь өмчинд хандах хандлаганд шинэ чиг, утга агуулга буй болгох, орчин үеийн хүний “хэрэглээг шүтэгч” мөн чанарыг хувьсгах, өмчийн алив хэлбэр нийт нийгэм, үндэстний үндсэн эрх ашигт үйлчилдэг, ыодот хөгжилд зориулагддаг амьд, биет хүчин зүйлс болон хувирахад хүчтэй нөлөөлөх, бас өмчийн бодот хэлбэрүүдийн дээр хүний дотоод эрчимтэй холбоотой нэг генератор, нэг “үйлдвэрлэх хүч”-нээс гардаг үл үзэгдэх “бүтээгдэхүүн”-сэтгэл хэмээх “өмч”-ийн хэлбэр нэмэгдэх, хэтдээ, өмч өнөөгийн мөн чанар, утга агуулгаа бүрэн алдаж, “сэтгэл-өмч”-ийн хэлбэр агуулганд шилжих, шинэ мөн чанарын трансформац үүсэх ач холбогдолтой юм.

            Нийгмийн аль ч бүтцийн зөв ойлголт, зөв зохион байгуулалт хүний хөгжилд онцгой үүрэгтэй синтез хүчин зүйл тул хүний сэтгэлийн хөгжил, гэгээрлийн эрчимээр дамжиж нийгмийн үйл явцад оролцох “сэтгэл*өмч”-ийн зөв мета, софи ойлголт хийгээд үр өгөөжтэй зөв зохион байгуулалт ч мөн өөрийн онцгой үүрэгтэй байх нь лав!

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгминй хөгжлийн философи асуудлууд" номоос