ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛЭЭС ТӨРНӨ ...
"UPTOWN” сэтгүүлийн 38 дугаарын “Монгол бахархал” буланд сэтгүүлч, сурвалжлагч Ц.Бадмаарагтай эх оронч, үндэслийн үзлийн талаар ярилцсан нь/
-Таны монгол хүн болж төрсний бахархал, омогшил юу вэ. Энэ бахархал, омогшлыг тань юу хурцалж өгдөг вэ?
-Аль нэг үндэстний бүтээсэн чухам юу, ямар юм хүн төрөлхтний амьдралд дутагдаж байна, тэр дутагдаж байгаа юм л тэр үндэстний гол тодорхойлолт болж өгнө. Өнөөгийн хурц өрсөлдөөнт дэлхийд тухайн улс үндэстэн дэлхийд хэрэгтэй юм юу байна, тийм юмсын нь ач холбогдолд л тэр улс үндэстний ач холбогдол оршино. Үүнийг прагматик хэрэглээний бодит хэлбэрээр нь ойлговол, дэлхийн хэмжээний эрэлт хэрэгцээ болсон “брэнд” бүтээгдэхүүн; хүмүүсийн оюун санааны хэрэгцээний утгаар авч үзвэл, -хамгийн зөв, шудрага, ариун ёс суртахуунлаг хөгжлийн шинэ үзэл санаа, нээлт, сэтгэлгээний түүхэн үнэ цэн бүхий сонгодог бүтээл, туурвилууд!
Монголд төрж монгол хүн болсон хэний ч бахархал, омогшил зөвхөн үүнд л байх ёстой гэж боддог. Монгол хүний бүтээх чадварын хөгжил, бусад их бага үндэстнүүдтэй эдийн засгаараа, соёл боловсролоороо өрсөлдөх өрсөлдөөнд амжилт олох, ялалт авчрах үр дүнд хүрэхүйц алив бүтээл маань бие биеэ хурцална. Монголчуудын түүхэндээ хийж байсан, ялан дийлж байсан дайн байлдааны үр дүнгээс нэг сонин зүйтогтол ажиглагддаг юм. Юу гэвэл, ямагт цөөн хүний хүчээр олны хүчийг ялж байсан байдаг. Ингэхээр, биеийн хүчнээсээ илүү суу заль, арга ухааны хүч, магадгүй, өөр ахуй ертөнцийн эрчим, ивээл агуулсан үндэстэн гэж дүгнэхээс аргагүйд хүргэдэг. Үүгээр би бахархдаг. Бахархах баримт бол бодит түүх. Харин омогшил бол бодит түүх болсон баримт, үр дүнгийн жишээгүй болохоор надад хийсвэр талдаа санагддаг. Гэхдээ омогшлыг сэтгэлзүйн үзэгдлийн хувьд нь сэтгэл дотроо, далдуураа дэмждэг. Омогшил хүнийг том зорилго, их үйл хэрэгт идэвхжүүлэх, сэтгэлийг нь хөглөх нөлөөтэй нэг хийсвэр хүчин зүйл тул ач холбогдлыг нь үгүйсгэх хэрэггүй юм. Омогшлыг үйл хэрэг болгох хүчтэй түлхэцийн шатанд хөгжүүлж ашиглавал эерэг үр дүн өгнө гэж боддог. Харин, дан сэтгэлийн хөөрлийн хэлбэр, түвшинд нь ашиглавал ач тус болохоосоо хор, уршиг болох нь ойр магадлалтай байж ч мэднэ. Бахархал, омогшил хоёрын гол ялгаа нь, -бахархлыг амаар гадагш гаргаж болох чанартай, харин, омогшлыг амаар, хоосон үгээр гадагш гаргаж үл болох чанартай мэт санагддаг. Энэ бол, миний л хувьд, надад л харагдаж байгаа ялгаа юм л даа, яахав!
-Дээхнэ үед эх оронч хүн гэж халуун амь бүлээн цусаараа эх орноо хамгаалж, дайтаж байсан хүмүүсийг хэлж байлаа. Харин одоо энэ энх цагт эх оронч, үндэсний үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, эх орондоо хайртай, үндэсний үзэлтэй монгол хүнийг юугаар нь тодорхойлох вэ?
-Эх оронч хүн гэж эх орондоо үнэн голоосоо хайртай хүнийг л хэлнэ шүү дээ. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Ийм ойлголт байхгүй хүн бол эхээсээ нүхэнд гарсан номин. Эх орноо хайрлах сэтгэл ямар ч цаг үед үл хувьсах мөн чанартай. Тэр сэтгэл өөрөө аяндаа ил гарах, эсвэл, эзэн нь заавал гаргах хэлбэрүүд нь тухайн цаг үеийн нөхцөл, шаардлагаар янз бүр байдаг. Хэрэв эх оронд нь дайсан халдан довтолбол эх орон, ард түмнээ хамгаалах ариун дайнд мордож, амиа золин эрсдэх, цусаа урсган тэмцэлдэх эр зориг, баатарлаг хүсэл, ухамсараар илэрнэ. Энх цагийн үед бол хөдөлмөр зүтгэлийн идэвхи, санаачлага, улс үндэстэндээ чухал ач тустай үр бүтээлээр илрэнэ. Дайн тулаанд цусаа урсгалан, амиа золисон хүмүүс энх цагт бол хөдөлмөр бүтээлд бас л биеэ үл харамлах элэг сэтгэлтэй, иргэний өндөр ухамсартай хүмүүс байдаг, энх цагт ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтанд биеэ үл харамлагч, хүний араар үл нуугдагч тэр хүмүүс дайн байлдааны цагт ч эх орноо хамгаалахаар хамгийн түрүүнд галын шугаманд очих сайхан, баатарлаг, гэгээн хүмүүс байдаг. Хүний амьдрал, амь нас хэдийгээр аугаа их үнэтэй ч, заавал ямар нэг үйл хэрэгт Бурхнаас зориулагдсан байдаг, тэр зориулагдсан үйл хэргийн нь үнэ цэнтэй харьцуулах юм бол, багахаан үнэтэй юм байдаг юм шүү.
Хайр, эх оронч үзэл илрэх хэлбэрүүд нь цаг үеийнхээ шаардлагатай холбоотойгоор урган гарч байгаа ч мөн чанар нь, эх үндэс нь хувь хүний үзэл бодол, элэг сэтгэл, зан төрх, бодгаль шинж, чанартай л холбоотой юм. Монгол ардын үгэнд их айхтар үг байдаг шүү дээ, “Сэтгэлд үгүй бол нүдэнд үгүй” гэж. Тэгэхээр, эх орноо, Монголоо хайрлах сэтгэлгүй хүний нүдэнд бол Монгол орон гэж байхгүй л байх нь. Монголоо хайрлах сэтгэл цээжинд нь байгаа хүнд бол амьдралд нь хэрэгтэй бүх сайн сайхан юм Монголд нь байгаа, эсрэгээр, Монголд хэрэгтэй, хэрэг тус болох бүх юм тэр хүнд байгаа. Тэдгээр юман дотор үндэсний үзэл ч багтана. Үндэсний үзэл гэдэг хэн нэгэн хүн өөрийнхөө үндэс гарвалийг өөрийнхөө амь бие шигээ хайрлах үзлийг хэлнэ. Үндэс гарваль гэдэгт өөрсдийг маань төрүүлсэн ижий аав, хүйг минь дарсан чулуутай нутаг ус, анх “ээж” гэж хэлж ижийгээ дуудсан хэл, биднийг хүн болгосон ахуй соёл, ёс заншил тэргүүтэн орно. Эднийгээ хайрлах сэтгэлээс л эх оронч үзэл төрж төлөвшинэ. Эднийгээ элэг сэтгэлээсээ хайрлахын “сайхан зовлон”-г эс эдэлсэн, эс мэдэх, эс мэдрэх хүнд үндэсний үзэл эс байна. Хүмүүнд үндэс язгуураа хайрлах хайр цээжинд нь асаад ирмэгц түүнийгээ /үндэс язгуураа/ хамгаалах, бататгах, тэр бүү хэл, мөнхлөх хэрэгцээ өөрөө үүснэ. Энэ хэрэгцээг ухаарч буй ухаарал, хүмүүжил, сэтгэлгээг л би үндэсний ухамсар гэж нэрлэмээр байна. Үндэсний үзэл, ухамсар нь хүнийг үндэс, язгуураа хамгаалах, бататгах, хөгжүүлэх, хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд нь мэргэшүүлнэ. Өөрөөр хэлбэл, хүнийг тэмцэгч, хөдөлмөрлөгч, бүтээн байгуулагч иргэн болгон хөгжүүлдэг.
-Гадны өндөр хөгжилтэй олонхи оронд үндэсний баялаг нь “хүн” байхад Монголд “мал” гэж үздэг. Монгол Улсын үндэсний баялаг, үнэт зүйл нь юу вэ?
-За, яах вэ, хөөрхий, мал минь ч мөн, ашигт малтмал маань ч мөн, тэр бүү хэл, эдийн засгийн ямар ч ашиггүй тоос шороо, хог хаягдал маань ч /хэрэв технологийг нь боловсруулж чадвал ашиглах боломжтой гэдэг утгаар/ манай үндэсний баялаг мөн. Харин хэзээ “үндэсний баялаг” гэж хийсвэрээр нэрлэгдэхээсээ илүү жинхэнэ бодитой “үндэсний баялаг” болж чадах вэ? гэвэл, тэднийг ухаалаг зөвөөр эзэмшиж чадах, эдийн засгийн эргэлтэнд үр өгөөжтэй нөхцлөөр оруулж агаар усандаа хор балаггүй ашиглаж чадах хүмүүс байх цагт л сая нийгмийн “бодит баялаг” болж чадна. Тэгэхлээр, үндэсний болоод нийгмийн гол “хөдөлгөгч баялаг” бол Бурханаас бүтээж өгсөн байгалийн “бүтээгдэхүүн” -бэлэн “өгөгдөхүүн”-ийг баялаг болгон хувиргаж чадах мэргэжилтэй, эрдэм мэдлэгтэй, шударга ариун, хөдөлмөрч хүн л улс орны минь чухал дээд үнэт зүйл маань мөн. Харин хүн өөрөө нийгмийнхээ үнэт зүйл болохын тулд өндөр хөгжилтэй, гоо сайхан хүн байх ёстой. Юу гэсэн үг вэ? гэвэл, эрүүл сайхан бие бялдартай, төгс төгөлдөр мэдлэг боловсролтой, оюунлаг, бурханлаг, ариун гэгээн дотоод ертөнцтэй, хүчирхэг, бүтээлч бодгаль байх ёстой гэсэн үг.
-Даяарчлагдаж байгаа дэлхийд бид хэрхэн Монголоороо үлдэх вэ?
-Даяаршил бол техник-технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудаас явуулж буй “халамж нь урдаа, хал нь хойноо” бодлого юм. Гадны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэртэй эдийн засгийн бодлого мэт үзэгдэж, ойлгогдож, байгаа ч цаанаа бол АНУ, Англи, Европын Холбоо, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Канад мэтийн хүчирхэг орнууд бусад орнуудыг өөрийнхөө үйлдвэр-үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний хэрэглэгч болгон хувиргах зорилготой улс төр-геополитикийн нууцлагдмал бодлого юм. Энэ бодлого үл үзэгдэхүйцээр булагдаж чадсан “хавх”-тай адил. Энэ “хавх”-анд Монгол мэтийн дорой эдийн засагтай, сул төрийн бодлоготой улс үндэстэн хамгийн түрүүнд орж, хөл, гараа аяархан, зөөлхөн зуулгуулж эхлээд, удахгүй хүзүү, толгойгоо тас хавчуулна. Энэ үйл явц Монголын зах зээлд төдийгүй улс төрд хүчтэй хэрнээ маш далд, маш хурдтай явагдаж байгааг ард иргэд бид мэдмээр, сэрмээр байна. Даяаршлын дайралтын замд “Дангааршил” гэдэг үзэгдэл “хил” болж эсрэгцэж байгаа. Энэ бол үндэсний сэтгэлгээ! Үүнд, эх хэл, үндэсний бичиг үсэг, түүхэн соёл-иргэншилийн өв уламжлал, ёс заншил!
Эх хэл бол алив үндэстний оюуны амьдралд онцгой дархлагдах ёстой онцгoй үнэт зүйл. Эх хэлний баялаг бүрэн хадгалагдаж, утга илэрхийлэх боломж чадвар нь улам хөгжиж байхын сацуу сан хөмрөг нь улам баяжиж байх ёстой. Гэхдээ гадаад үг, ойлголтыг тэр чигээр нь оруулж, “тоть” мэт дуурайж, “толь” хуулбарлан буулгаж бус, монгол хэлнийхээ үгийн сангаас /800,000-аас 1,000,000 үгтэй гэдэг/ яг дүйх үгийг нь онож орлуулах, оновчтой орчуулах, ойлголт, ухагдахууныг нь монголоороо зөв, товч цохон буулгах аргаар монгол хүний сэтгэлгээ, үг ярианд хэвшүүлж, баяжуулах үүрэгтэй. Үндэсний сэхээтнүүд юу юуны түрүүнд эх хэлнийхээ “бохирдол”, “эрлийзжилт”-ийн эсрэг оюун ухааныхаан хамаг бүтээлч чадвараар тун оновчтой, хүчтэй тэмцэх хэрэгтэй. Гадаад хэлний үг, яриа, хэллэг эх хэлний маань авианы бүтэц, эс, цөм рүү шургалж эхэлвэл л үндэсний хэлний “тусгаар тогтнол” алдагдана. Хэлний “тусгаар тогтнол” алдагдвал, үндэсний оюун сэтгэхүйн “тусгаар тотнол” шууд “хүчингүй”-д тооцогдоно. Цаашдаа улс үндэстэн эдийн засаг-улс төрийн амьдралаа биеэ даан хөгжүүлэх чадвараа бүрэн алдана. Тэгээд тухайн үндэстний өвөрмөц шинж чанар, төрх төлөв, амьдралын нь орь хэв загвар үтэр түргэнээ устаж эхлэнэ. Ийм шинж тэмдгүүдийн илрэл нь алив үндэстний Оршихуйн хувьд лавтайяа мөхөх аюулын дохио юм. Монголчууд бид монголоороо үлдэхийн тулд “Даяаршил”-д хэрхэвч нидрүүлж болохгүй “Дангааршил”-ын “хил”-ээ, эх орныхоо “дархан хил” мэт амь хайргүй хамгаалах хэрэгтэй. Монголчууд “Оюу толгой”-гоо, “Таван толгой”-гоо, алтаа, нүүрсээ, уранаа, жоншоо ухуулж болно, гагцхүү, мөрөн дээрхи толгойгоо л ухуулж болохгүй. Газар доорхи баялагаа алдаж болно, дүүрсэн хэрэг, дээрхи баялагаа алдаж болохгүй шиг монгол хүний мөрөн дээрхи толгойг ч, тэр толгой дотор байсан, байгаа, хэзээ ч байх эрдэнийг алдаж хэзээ ч болохгүй. Бид мөрөн дээрхи толгойгоо алдах бодит нөхцөл бол эх хэл маань эрлийзжиж, үндэсний оюун сэтгэлгээнд бусад улс үндэстний философи сэтгэлгээний ноёрхол тогтох явдал гэдэг нь хүн төрөлхтөний түүхээр нотлогдсон үнэн. Энэ ослыг эртээс сэргийлж, эх хэл, өв соёл, зан заншлынхаа түүхэн уламжлалын “хил”-ийг батлан сахиж чадвал Монгол маань эдийн засгийн хувьд буурай улс орон хэвээрээ байлаа ч монгол үндэстэнээрээ үлдэж чадна.
2011.01.12-14 Хүн чулууны хөндий.