“ЭРГЭЛЗЭЭГҮЙ” МЭТ ҮЙЛ ЯВЦЫН ЭРГЭЛЗЭЭ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/
13 жил, 1 сар өмнө

Монголын ард түмэн түүхэнд тодорсон ухаант, арга билигт ард түмэн! Би ард түмнийхээ үйл ажиллагааны буруу, зөвийг дэнслэхүйц эрдэм оюуны хөгжилд хүрээгүй ч ард түмнээ хайрлах, өрөвдөх, өмөөрөх элэг сэтгэлийн хүчирхэг эрчим гаргах хөгжилд баттай хүрсэн хүн!

            Хайрын ойлгогдошгүй, захирагдашгүй, заримдаа ухамсарлагдашгүй чинад чанараас ургаад ард түмэн минь миний хайрыг ч ивлэгэдэг, хааяа уурыг минь ч багагүй “ивлэгэдэг” ээ. Сайхан, бахдам, алдар гавъяатай, чин баатарлаг үйлд урагшлан тэмцэхэд нь хайр хүрэхдээ баярын нулимс ивлэн энгэрийг минь нэвтэлдэг, саар муу, адгууслаг, өөдтэй үнэ цэнгүй үйл ажиллагаанд улайран муйхарлахад нь гомдлын “нулимс” буюу “давсагны минь шар” “ивлэн”, /уучлаарай!/ өмдийг минь норгодог. Миний энэ муухайдуу, хувийн “зовлон” буюу миний ухамсар, хүсэлд үл захирагдах физиолог үйл явц бол миний “дотоод шүүрлийн булчирхай”-нуудын үйл ажиллагааны “дарангуйлал” юм.

            Энэ аргагүй “зовлон”-гоо ард олондоо учирлан, “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн”-өөс “Мэдтүгэй!” хэмээн илгээх нь:

            2004 оны “УИХ-ын хурлын сонгууль” гэж ч нэрлэгдэж буй, “Шинэ сонголт” гэж чнэрлэгдэж буй улс төрийн үйл явдал хоногоос хоногт эерэгээсээ илүү сөрөг үр дагаварыг “хүүшлүүлж”, ард олныг улс төрийн “зүүдлээ ч үгүй” хортой хямралд түлхдэг нийгмийн үзэгдлийн мөн чанарыг агуулж эхэллээ.Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг хуулиар даалгагдсан үүргийнхээ дагуу хуулиар тогтоогдсон хугацааныхаа дотор хууль ёсоор нэхэгдэх тайлбартайгаар мэдээллээ.

            Сонгуулийн урьдчилсан дүн буюу сонгуульд оролцогч субъектүүдийн сонгогчдоосоо авсан саналын харьцаа – 36:36:1:3. Харьцаа сонирхолтой харьцаа! Эдгээр тооны харьцаанаас хийж болох хамгийн рационал дүгнэлт гэвэл, “Сонирхолтой харьцаа байна. Хэрэв энэ бүхэл тоонуудыг хооронд нь нэмбэл, нийлбэр нь 76 болно!” гэхээс өөр ямар нэг тодорхой, хатуу, яаруу, улс төрийн философи дүгнэлт урьдчилан хийх “өгөгдөхүүн” сонгогч бидэнд олдож буй болзолт хугацаанд алга байлаа. Гэтэл энэ болзолт хугацаа /Сонгуульд санал өгсөн өдрөөс сонгуулийн саналын эцсийн дүн зарлагдах хүртэлх хуулийн хугацаа/-нд Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний сонор сэрэмжинд хүчтэй нөлөөлж, хувь идэвхи, оролцоог шаардсан ноцтой үйл явц өрнөлөө. Үүнд:

2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, өөрсдийгөө Монгол Улсын УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэж “цоллосон”, үнэхээр ч тэгж цоллох эрхийг монголын өнөөгийн улс төрийн “шүүрхий” сэтгэлгээний зарим “түүхий” хуулиар эдэлж буй балмад хүмүүс Улсын тусгай хамгаалалтын объект – “Монголын Үндэсний Телевиз Радио”-гийн албан өрөөнүүд рүү хүчээр дайран орж “нэвтрүүлэг” үйлдэв.

            “Нэвтрүүлэг”-ээр “Нийгэм судлал”-ын хичээлийнхээ “сурах бичиг”-ийг дөмөгхөн уншаад төгсчихсөн дунд сургуулийн хүүхэд ч “элэг нь хөших”-өөр эгэл сааз /үнэ цэнгүй/ мэдээлэл, гомдол аахилж уухилан “цацав”.Энэхүү танхай, этгээд үйлдлээс Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн дараах индуктив дүгнэлтийг хийж байна.

            Монгол Улсын Төрийн тусгай хяналт, хамгаалалттай алба руу хэрцгийгээр давшлан орж ард олны өмч -үнэт хөрөнгийг өчүүхэн ч хайрлах сэтгэлгүйгээр хамх хэмх сүйтгэж буй эдгээр этгээдүүд бол манай ухаант, мэргэн шинжээч, ард түмэн минь төрөө түшүүлэхээр сонгосон элч төлөөлөгчид яав ч биш /ийм хүмүүст алба найдахыг Монголын эртний ном сударт зүйрлэхдээ, сармагчинд галт бамбар бариулаад сүмд оруулахтай адил гэсэн байдаг!/, хэрэв тэд ард түмэнд минь хүндлэгдэж, бишрэгдэж, тэднийг минь төрд төлөөлөх эрх авсан бол яавч шудрага, үнэн, ариун цагаан арга байгаагүй, алив ов мэх, авилгал хахууль, зальхай бульхайн башираар л ард олныг минь хөөрхий, ядуу зүдүүгийн “буруу” –аас өөр ямар ч буруугүй, ямар ч нүгэлгүй, цагаан цайлган, өрөвч зөөлөн, “нугасгүй” итгэмхий ард олныг минь сүнсгүй хуурчээ! гэдэг дүгнэлт хийж болно.

Цаашлаад 2004 оны УИХ-ын сонгууль хэрхэн явагдсан үйл явцын халуун мөрөөр “Монголын үндэсний телевиз”-ээр хийж буй нэвтрүүлгээр бодтой, баримттай харуулж буй эд материал, их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд, нэртэй зүстэй гэрч иргэдийн эд мөрийн нотолгоотой мэдээлэлүүдээс ишлэн дүгнэхэд 2004 оны сонгууль туйлын бохир сонгууль болж өнгөрчээ.Бохир сонгуулиар бохир төр, бохир төрийн бурангуй байгууллагын тогтолцоо бүрдэнэ.

            Өндөр тэнгэрийн агаарсалхи, рашаан хур шиг ариухан сэтгэл бодолтой, бурханлаг хүсэл зорилготой Монголын ард түмнийг зөвхөн тэнгэрлэг, ариун төр л удирдан тэргүүлэх эрхтэй!  “Монголын төр” хэмээх цэвэр ариун, оюунлаг, нигүүлсэнгүй дээд чинарт “Тэргүүн”-д л Монголын эрэмгий, зоримог, хөдөлмөрч ард түмэн “номхон бие” нь болж ухамсар, тэвчээртэйгээр түших бөгөөд зөвхөн тийм” Тэргүүн”-ээр л зарцаа хийхийг, зарц нь ч байхыг зөвшөөрнө. Эсрэг тохиолд Монголын ард түмнийг Мөнх тэнгэрийн хүчин ивээл таалалдаа хурааж худал хуурмагтай, нүгэл хилэнцтэй, ёс бустай “эрэгчин эмэгчинээ үзэлцэхэд нь хийморь сүлдийг нь эрхшээн бадрааж, оюун билэг, зориг хүчин төгсгөдөг түүхтэйг дэлхий мэднэ.

            Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний эх оронч үзэл, философи онол, итгэл үнэмшлийн баримтлалыг гүнээ хөндөж, ноцтой болгоомжлол төрүүлэхүйцээр харшилж буй нэг “Сэтгэлийн хиртэлт” бол “Зууны мэдээ “сонины 2004 оны ¹153-д нийтлэгдсэн “Ардчилсан Намынхан сонгуулийг анхнаас нь будлиантуулах зорилготой байгаагүй гэж үү?” хэмээх албан мэдээлэл юм. Ардчилсан Намын энэ “Төлөвлөгөө” 2004 оны 4 дүгээр сарын эцсээр, өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгууль явуулах өдрөөс 2 сарын өмнө “Улсын аюулгүй байдлбн зөвлөл”-д улсын нууцад холбогдох материалын зэрэглэлээр танилцагдаж байсныг УИХ-ын дарга С.Төмөр-Очир “Монголын Үндэсний телевиз”-ээр мэдэгдлээ. Мэдэгдэлийг нотлох мэдээллийг Тагнуулын Төв Газрын хариуцлагатай ажилтан мөн телевизээр өглөө.

            УИХ-ын даргын мэдэгдлээс бодохул, тэр нэн сэжигтэй” Төлөвлөгөө”-тэй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тодорхой танилцаж, албан ажлынхаа шугамаар зохих байгууллагаар шалгуулах үүрэг өгөхөөр тогтож, хяналтдаа авсан юм байна!

            “Ардчилсан Нам”-ын энэ нууц баримт бичгийг Ерөнхийлөгч Н.Багабанди Монголын төрийн тогтвортой үйл ажиллагааны дархлаа, эв нэгдлийн эрх ашгийн үүднээс ул үндэстэй анхаарч, туйлын хариуцлагатайгаар хяналтандаа байлгаж, ажиллах ёстой байжээ.Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Элсын аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд 2004 оны УИХ-ын сонгууль ямар ёс суртахуунтай сонгууль болох, Монголын Ардчилсан Нам, “Эх орон-Ардчилал” Эвсэл ямар зорилго, арга тактиктайгаар сонгуульд оролцож, ямар үр дүнд яаж хүргэх үйл ажиллагааны нь “дэлгэрэнгүй нууцлал” ямар ч микроскоп хэрэглэлгүйгээр уншигдахаар, ямар ч компьютер, “Эхо” ашиглалгүйгээр “оношлогдох”-оор илхэн бэлхэн мэдэгдэж байсан байна. 

Товчдоо, 2004 оны УИХ-ын сонгуульд дээрхи “төлөвлөгөө”-т улс төрийн хүчнүүд хууль бус олон арга, мэх хэрэглэж оролцох нь, ингэхлээр, сонгууль аль боломжит тойрог хэсгүүд дээр хуульд харш, шудрага бус, хуншгүй өрсөлдөөнт, луйвар, мунхаглал шургалсан сонгууль болж мэдэх магадлалтайн дохио мэдээ Ерөнхийлөгчид тов иодорхой байсан гэсэн үг! Гэтэл ерөнхийлөгч Н.Багабанди Ардчилсан Намын эртнээс төлөвлөсөн үйлдлийг зогсоох арга хэмжээг урьдчилан зохион байгуулах, хяналт шалгалтыг хүчтэй болгох, сэрэмжит ажлыг огт хийлгүй орхиж, Улсын аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдсан мэдээлэлийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ “урсгасан” байна! Яагаад вэ?

Нэгэнт үр дүн, шинж чанар нь ямар байх нь урьдаас өөрт тодорхой /өөрөөр хэлбэл, хууль бусаар санал “суйлж”, нийгмийг будлиан, төөрөгдөлд оруулах нь!/ байсан сонгуулийн тухайд Ерөнхийлөгч яагаад “Ард түмэн нэгэнт сонголтоо хийлээ. Одоо сонгуулийн Ерөнхий хороо баталгаажуулах л үлдлээ!” гэж /Энэ үгийг Ардчилсан Намын дарга М.Энхсайхан телевизийн бүх сувгаар байн байн иш татан сануулж, үг дуугүй ёсчлон гүйцэтгэхийг улайрангуй шаардаж байна!/ даалган тулгасан өнгө аястай хэлж байна вэ? Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын сонгуулийн товлогдсон хугацааг аль эртийн мэдсээр байж, сонгуульд Монголын Ардчилсан Намын чихэх арга тактикийг мэдсээр байж, ингэхлээр, сонгуулийн үр дүн ямар болохыг, энэ дүнгээс болж сонгогчдын дотор ямар хурц маргаан, зөрчил үүсэхийг хүнээр хэлүүлэлтгүй мэдсээр байж яагаад Хятад улсад хийх айлчлалынхаа хоног өдрүүдийг заавал сонгуулийн үр дүн зарлагдах хугацаатай давхцуулж гадаадад оччихоод, хилийн чинадаас, “Ард түмээн, тайван байцгаа! Би бүх мэдээлэлийг авч байгаа!3 гэж “анальгиндаж” сууна вэ?

Энд тавигдаж буй асуултуудад үндэслэн “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн дараах логик дүгнэлтийг бас хийж байна:

            2004 оны УМХ-ын сонгуулийг будлиантуулах, зөрчил үүсгэх, хуульд хориотой арга замаар засгийн эрх авах зорилго бүхий Монголын Ардчилсан Намын нууц ажиллагааг Ерөнхийлөгч Н.Багабанди товтой мэдэж байсан ч хэрэгжилтийг нь таслан зогсоох туштай арга хэмжээ авалгүй таг чиг орхиж, нам сэм ажиглаж суусан нь ажлын хариуцлагын ноцтой алдаа мөн!

            Монгол ардын үгэнд “Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхийн эвэр доргино” гэдэг. Нэг байтугай нилээд тойрог, хэсгүүд дээр, үхсэн хүнээр хүртэл санал “өгүүлсэн”, бас, хэн нэг буг чөтгөр мэт хэд хэдэн дүрээр хувилж санал өгсөн, хүн, хүүр хоёрыг ч адилхан “ардчилан” хүүрээр нь “улс төр хийлгүүлсэн” энэ “шидэт”, “гайхамшигт” сонгуулийн үр дүнг яаран баталгаажуулахыг хэн нэгэн шаардах бус, харин ч, нухацтай, шинжлэх ухаанчаар шинжилж, сонгуулийн үйл явцыг нарийн шалган нягтлах ажлыг эрчимжүүлэх нь зүйд илүүтэй нийцнэ.

            Сонгуулийн жинхэнэ үнэнийг ард түмэнд ойлгуулан таниулах, хойшид улс төрийн соёл, ёс суртахууны хэвшилд сургамж болгох зайлшгүй шаардлага саяын сонгуулийн явцаас нэгэнт тод харагдаж байгаа учраас 2004 оны сонгуулийг дахин явуулах, тэхдээ хүлцэнгүйдээ хүлцэнгүй, цөсөрхөгдөө цөсөрхөг монголчууд бидний санаа сэтгэл, сэтгэцийн хэвийн ажиллагаа зэгсэн хямрал, бухимдалд “савлачихаад” байгаа энэ өдрүүдийн “доргио” нилээд намдаж тайвширсны хойно, монголын төрийн болон төрийн бус байгууллагууд ихэнхидээ амардаг, монголчууд бид найр хурим, наадам цэнгэлийг эрхэмлэдэг дэлхий дэлэнтэй зун цаг, мөн, монгол түмний ахуй байгалийн хавчлагаар өвс хадлангаа зэхэх, тариа будаагаа хураах, өвөлжөө хашаа, аргал түлшээ базаах ид нөр ажил овоордог намрын шар нарны өдөр хоногуудыг өнгөрүүлсний эцэст алив сурталчилгаа, дуулиангүй, ажил хэрэгчээр явуулж “за”-даа “ёо”-гүй зарчимтай, итгэлтэй, үнэмшилтэй сонгуулиар төрөө даатган бариулах элчис, гэгээнтэнүүдийг ард түмнээр “томилуулах” шийдвэрт тал талаасаа хүрэх нь өнөөдөр улс төр бүрдээд буй нөхцөлд хамгийн өлзийтэй зам хэмээн үзэж байна.

 

2004.07.03-2004.07.04

Алтан тэвшийн хөндий

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос