. “Шинэ үндсэн хууль” дахь “Үндсэн буруу”-г шүүмжлэх нь:
13 жил, 1 сар өмнө

Монголын нийгмийн интеграл харилцааг төрөөс өөрийн шийдвэрээр зах зээл рүү албадан шахаж оруулах /хүчээр тулган шаардаж оруулах!/ эрх зүйн орчин болж өгсөн “Шинэ үндсэн хууль” нь нийт ард түмнийхээ амьдралын тухайн үе дэх амин хэрэгцээ, хүсэл зорилгыг нэгэтгэн тусгаж чадаагүй юм.

“Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа нийгмийн амьдралд болоод сэтгэлгээнд либераль өөрчлөлт оруулсан шийдмэг эхлэл болсон нь үнэн ч Төрөөс гаргаж буй шинэ, “зоригтой” шийдвэрт заавал байвал зохих шинж чанар, үндсэн шаардлагыг хангаж чадаагүй.

            Төр, засгаас гаргаж буй “зоригтой” шийдвэр, “шийдмэг” алхам тухайн түүхэн нөхцөл дэх бодот байдал, ард түмний амьдралын хэрэгцээ, шаардлагатай нийцэж эерэг үр дүнд баттай хүрэхүйц  зөв байх гуравхан нөхцөл бий;

1.Цагаа олсон байх; /Нийгмийн бодот бүтэц, материаллаг баазын үйлдвэрлэх, бүтээх чадамжтай нягт уялдан тооцоологдсон байхыг хэлж байна./

2.Ард түмний амьдралын уламжлалт тогтолцоо, аж төрөх арга, ухааны онцлогтой нийцсэн байх; /Энэ нь, шийдвэрлэж буй алив асуудал нийгмийн олонхийн амьдралын хэрэгцээнээс зайлшгүй үүссэн байхын дээр нийгмийн хөгжлийн бодот хүчин зүйлсээс эсэргүүцэл үл үзүүлэх, тэдний эрх ашигт үл харшлах үр дүнг хангасан байхыг хэлж байна!/

3.Үр дүн нь цаг хугацааны аль ч мөчлөгт /интервалд/ үргэлж эерэг, ард түмний амьдралын түвшинг хөгжлийн бүх үзүүлэлтээр дээшлүүлж байх;

            Энэ гурван нөхцөл нь нийгмийн олонхийн /цөөнхийн бус!/ тухайн үе дэх үнэмлэхүй хүсэл, амьдралын бодот хэрэгцээ, ойр, хэтийн зорилгын нийтлэг үнэнийг нэгэтгэн илэрхийлж чадсан үйл ажиллагаагаар хангагдана.  Эл нөхцөл хангагдаж чадсан эсэхийн шалгуур нь амьдрал өөрөө, нарийвчилбал, нийт ард түмний бодот амьдралын үнэн эерэг үнэн байвал төрийн бодлого шийдвэр зөв байсныг гэрчилнэ, эсрэгээр сөрөг үнэн байвал /нийгмийн ёс суртахуун хийгээд хүн чанарын эрс доройтол, сэтгэлгээнтй алхайрал, сэтгэлзүйн зэрлэгшил, хүн амын олонхийн ядуурал, ажилгүйдэл, авлига, гэмт хэргийн гаарал, архидалт, янхандалт, үл эдгэрэх өвчин хийгээд үхэлийн хориггүй эрхшээл, өмч хөрөнгийн мөлжлөг, хүчирхийлэлээр нийгмийн үйлдвэрлэх хүчийг хувьдаа завших гажуудал зэрэг/ эрс бурууг нь батална.

“Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа, эрхзүйн орчины хэрэгжилтийг бодот амьдрал дээр харуулж буй сүүлийн 15-16 жилийн нийгмийн үйл явцыг бодот үр дүнгийн шалгуураар тодорхойлбол, нийгэм бүхий л хүрээндээ өмч хөрөнгөнд шунах, хүний биемахбодын биологи хэрэгцээний хангалтанд улайрах, ёс суртахуунлаг идэвхийг үгүйсгэх, хүний физиологи инстинктэнд захирагдан задгайрах, хүнээ алдах зэргээр дорогш унаж, нийгэм хүний амьдралын дотоод хэрэгцээнээс гадаад хэрэгцээ рүү тэмүүлэх “төвөөс зугатаах” үйл явцад эргэлт буцалтгүй хамагдлаа.

            Нийгэмд “үүрэггүй эрх”, ард олонхигүй “ардчилал” ноёрхсоноор гагц өнгө мөнгөний дарангуйлал тогтож, зөвхөн өмчжих, хөрөнгөжихийг амьдралын утга болгосон “хэрэглээний сэтгэлзүй” хүмүүсийн үйл ажиллагааг удирдаж, оюун сэтгэлгээний нь хөгжлийн далайц, дотоод хүчдэл, эрчимжилтийн шим хөрсийг цөлжүүлэв. Энэ бол нийгмийн хөгжилд том уналт! Хүний дотоод хөгжлийн гол хүчин зүйлсийн эрчимжилт, идэвхижилтийн уналт, “цөлжилт” бол үндсэндээ нийгмийн хөгжлийн эмгэнэлт ухралт мөн!

            Өнөөдөр хүмүүн Оршихуйн амин үндэс-оюун, гэгээрлийн “дотоод гэгээ”, “дотоод цөм”-ийн хүчирхэг тэсрэлт нийгэмд явагдахгүй, иргэд бодгалуудын сэтгэл санаа, оюун сэтгэлгээний “өндөр хүчдэл”-ийн шугам огт цэнэглэгдэхгүй байна. Ийм үлбэгэр, “дотоод хүчдэл”-гүй, амин зуулгын явган сэтгэлгээний прагматик үйл ажиллагааны үл тасрах “гинжин хэлхээ” нь нийгмийн хөгжлийн хурд, хүмүүнлэг бүтээн байгуулалтын далайцыг эрс сааруулж буйгаас шинжлэх ухаанч, бүтээлч, оюун сэтгэлгээний орон зайг ч амьдралын гүнээс шахав. Ингэснээр, нийгмийн хүчирхэг хөгжил араасаа дагуулах онол баримтлал, эцсийн эерэг үр дүнгээрээ зөвтгөгдөх сэтгэлгээний зөнч эрэл амьдралд туршигдахгүй удсанаар манай нийгэм-улс төрийн сэтгэлгээ ч харамсалтайгаар өгөршиж эхэлжээ…

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос