.”ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ” ДАХЬ БУРУУ
Монголын нийгмийг системийн дотоод хямралд оруулсан нөхцөл, шалтгаан угтаа 1992 оны “Шинэ үндсэн хууль”-иар тавигджээ. “Шинэ үндсэн хууль”-ийн нөхцөл нийгмийг бүрдүүлэгч хувь иргэд, давхрагуудыг өмчийн гүнзгий ялгарал, задрал, хуваагдлын зөрчилд хүргэж, нийгмийг дотроос нь ганхууллаа.
“Шинэ үндсэн хууль” нь хүний /Homo sapiens/ амьдралын имманент шинж чанар, дотоод утга зорилгыг нийгмийн философи сэтгэлгээний түвшинээс танин мэдээгүй, ойлгон боловсруулж чадаагүй, монгол үндэстний оршихуйн арга билэг, монголчуудын уламжлалт ёс зүй, сэтгэл санааны ертөнцийн экзистенциал үндсүүдээс ургаагүй, гадаад орчноос хуулмал, өчнөөн төчнөөн засвар хийх шаардлагатай “түүхий” хууль юм. Гэтэл энэ “Хууль”-иас айдаг, нэг нэгнээ худлаа айлгадаг хуурамч психоз Монголын улс төрд угшлаа.Ард түмний наян /80%/ хувийг амьжиргааны эх үүсвэргүй, өөртөө хүний хөгжлийн анхдагч орчин нөхцөлийг хангахуйц бодот өмч хөрөнгөгүй, ухамсарт хөдөлмөрийнхөө цэвэр үр ашгаар нийгмийн “цөөнх”-тэй адил тэгш амьдрах, гэгээрэх, хамгийн гол нь –сэтгэл бурханлаг хөгжилд хүрэх ямар ч бололцоогүй болгож буй “хар толбо”-той “зах зээл”-ийг /Үнэн чанартаа, зарим эрдэмтдийн нэрлэснээр, “зэрлэг капитализм”-ыг / нийгмийн харилцаанд зөвшөөрөн хуульчилсан “үндсэн хууль” дахь бурууг, сэтгэлгээний алдааг засах зайлшгүй шаардлага нийгмийн философи сэтгэлгээнд тулгарч байна. Харамсалтай нь, “Үндсэн хууль”-иа Бурханы зарлиг хадгалсан эрдэнийн бумба мэтээр, эсвэл, хавьтаж үл болох “Радны мангаа” мэтээр үзэж төрийн плюрал сэтгэлгээнээс айх, “ард олонч сэтгэлгээ”-ний логикоос зугтах хандлагаар манай улстөрчид өвчилжээ.
Ертөнцөд Бурханаас өөр төгс юм үгүй гэдэг. Тэгэхлээр юмс, үзэгдэл цөм non-finito чанартай гэсэн үг. Гэтэл төгс “бүтээл” мэт цалигчлаад, өөрчлөхөөсөө айдаг “Үндсэн хууль” гэдэг үг, өөд нар үздэггүй “Ард түмэн” гэдэг үг хоёр манай хоёр амтай, дөрвөн уушигтай юм шиг уухилдаг улстөрчдийн амнаас өдөр бүр шүлстэй нь үсчисээр байгаад энэ хоёр үгийн фетишизм Монголын улс төрчид хэмээх ихэнхидээ эрүүгийн болоод эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг “бамбай” үг болж хувирав. “Ард түмэн” гэж амаараа дүрэмддэг ч амьдрал дээрээ тэд ард түмнээ талхидаг, нимгэн халаасны нь хэдээр зузаан халаасаа язалдаг, Төр-бизнесийн олигархи бүлэглэлийг улстөрөөс цэвэрлэх, эрхзүйн механизм “үндсэн хууль” –д байхгүй байгаа бурууг засах, манай нийгмийн харилцаан дахь гажуудалын гол буруутан –энэ “цоорхой”-г цойлдох /нөхөх/, хүний хөгжлийн философид нийцүүлэн “Үндсэн хууль”-д том өөрчлөлт, засвар оруулах нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний тулгамдсан асуудал болов.
Ард түмний дийлэнхийг /80%/ үгээгүйрүүлж, бүтээлч хөдөлмөрөөрөө өөрийгөө өв тэгш хөгжилтэй иргэд болох материаллаг нөхцөлийг устгасан нийгмийн харилцааг эрүүлжүүлэх, нийт ард түмний амьдралыг жигд бийлэгжүүлж чадах эдийн засгийн биеэ даасан хөгжлийг хангахын тулд “Үндсэн хууль”-д сэтгэлгээний 3 том “урсгал” оруулах шаардлагатай.
Нэгдүгээрт, нийгмийн үйлдвэрлэлд зөвхөн хувийн өмчийн хэлбэрийг онцлох бус, нийгмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх ач холбогдолыг гагц хувийн өмчинд өгч үүрүүлэх бус, өмчийн олон хэлбэрийн хөгжлийн тэнцвэрийг хадгалах; өөрөөр хэлбэл, улсын өмчит, улсын төсөв-санхүүгийн эх үүсвэрээр баталгааждаг төвлөрсөн төлөвлөгөөт, бүтээгдэхүүний өртөг зардлыг шинжлэх ухаанчаар тооцсон зохист хатуу үнэ тогтоолттой, орчин үеийн тэргүүний техник-технологид суурилсан үйлдвэрлэлийн процесстой, мэргэжлийн өндөр ур чадвар, дэлхийн стандарт түвшинд өрсөлдөх туршлага дадлага эзэмшсэн бөгөөд эх оронч ухамсар сэтгэл хүчтэй хөгжсөн ажилчид, мэргэжилтнүүдтэй, үйлдвэрлэлийн дээд үр ашигтай улсын үйлдвэрийн газруудыг олноор ажиллуулах, төрөөс дэмжих “шинэ харилцаа”-нд эрхзүйн орчиныг чиглүүлэх;
Хоёрдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь хүний эрх, үүргийн харьцааны гажуудалыг засах;
Гуравдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь “Байхгүй”-г бий болгох; Өөрөөр хэлбэл, хүний амьдралын дотоод “удирдлага”-ёс суртахуун л нийгмийн хөгжлийн гол эх сурвалж байдагийг ойлгох ухамсарыг нийгмийн сэтгэлгээнд хэвшүүлэх; Яагаад гэвэл, энэ ойлголт манай “Шинэ үндсэн хууль”-ийн сэтгэлгээнд дутагдсан “цоорхой” буюу хоцрогдол юм.
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос