. “. “Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:
Ном сударт ятгах нь, “Хүнд гурван өлгий байдаг. Эхийн хэвлийгээс сугарахад нэхий өлгий тосдог. Нэхий өлгийнөөс сугарахад журамын /ёс зарчимын/ өлгий тосдог. Хүн журамын өлгийд бойжоод, бие гээгдэхийн цагт нь газрын хэвлий өлгийдөж авдаг. Хүмүүнд нэхий өлгий багадавч хүн хэнбээр ч газрын өлгийдөө томдох нь үгүй, гагц, журамын өлгийдөө эс багтвал дэлхий өлгий ч эс багтаана!хэмээн өгүүлдэг.“Журамын өлгий” гэдэг бол хүний амьдралыг зөв, гэгээн болгох ёс суртлын хамжаарга юм.
Хүн төрлөгтөнд хамгийн нийтлэг үнэт зүйл бол ёс суртахуун гэдгийг дэлхийн хүмүүнлэгийн шинжлэх ухаан, түүн дотроо, нийгмийн философи, тэр байтугай, эдийн засгийн ухааны прагматист сэтгэлгээ ч хүлээн зөвшөөрөх боллоо. Нийгэм зөв зохион байгуулагдаж урт удаан хугацаанд оршин тогтнох зөв хөгжлийн бааз суурийг бэхжүүлэхийн үндэс нь, ингэхлээр, нийгмийн хямрал, регресс, магадгүй мөхлөөс баттай хамгаалагдахын үндэс нь эцсийн бөлөгт хүний ёс суртахуун байгааг нийгмийн сэтгэлгээний хийсвэрлэлт түвшинд ч төдийгүй дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай, хөгжлийн өндөр түвшинд аж үйлдвэржсэн хүчирхэг орнуудын зах зээл, ашиг-бизнесийн сэтгэлгээний хүрээнд ч сайтар ойлгож үйл ажиллагаандаа харгалзах болж эхэлсэн нь XXI зууны нийгмийн сэтгэлгээний нэг том ололттой чиглэл гэж үзэхэд хүргэж байна.
Хүний гол хөдөлгөгч хүч, бараг инстинкт чанарын нууцлаг “удирдлага” нь хүний хүн чанар, ёс суртахуун байдаг аж. Энэ хоёр эдийн засгийн бодот зүйл болох эд агуурс, хөрөнгө мөнгө шиг хүний ахуй оршилын яг тийм материаллаг, бодот зүйлд тооцогддог аж. Гэгээрсэн ёс суртахуунтай, дотоод ертөнцийн өндөр хөгжилтэй хүн ард л жинхэнэ хүмүүнлэг, шудрага, энэрэнгүй, ариун дээд нийгмийг байгуулна гэдэг нь үнэмлэхүй үнэн тул нийгмийн хөгжлийн хувьд ч бас ялгаагүй, жинхэнэ хүмүүнлэг, иргэнлэг, энэрэнгүй шатандаа хүрэх хамгийн найдвартай, баттай суурь нөхцөл нь ардчилалаас илүүтэй хувь хүмүүсийн ёс суртахуун, сэтгэл оюуны гэгээрэл байдаг байна.
Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам, “Ёс суртахуунлаг, энэрэнгүй, эелдэг, ухаалаг байх нь бүхий л соёл иргэншлийн суурь болж ирсэн. Ийм хүмүүжлийг нийгмийн таатай орчинд ёс зүйн системтэй боловсролтой олгох замаар төлөвшүүлбэл зохих бөгөөд, чингэснээр, илүү хүнлэг ертөнц үүсэн бүрэлдэж чадах юм!” гэж сануулжээ. /Дээрхийн гэгээнтэний айлдварын охь дээжис”. 2004 он. Ж.Гөлгөөгийн орчуулга. УБ/
Ёс суртахуунгүй бодгалийн сэтгэхүй нийгэмд хамрагдахаараа зөвхөн өөрийнхөө эрхийг, өөрийнхөө хэрэгцээг л ухамсарлахаас “бусдын эрх”, “бусдын хэрэгцээ”-г ойшоохгүй, бусадтай эвийг орох, бусдын өмнө журамыг сахих үүргээ ухамсарлахгүй, “Би” төвт эго сэигэхүйн “боол”- “махан робот”-ын л үйл ажиллагааныхаа зарчимтай хамрагдана. Ингэхлээр,янз янзын эрх ашгийн сонирхолтой, хувь хувийнхаа “Эго” төв рүү хүчтэй тэмүүлсэн бодгалууд нэгдмэл нэг зорилтот үйл ажиллагаанд захирагдан зохион байгуулагдахад хамгийн анхдагч шаардлага, “анхдагч хэрэгцээ” нь бүгддээ нийтлэг байж чадах эрх ашигт захирагдах явдал юм. Энэ бол хувь араншин төрхөт “Би”-гээ дор бүрдээ товойлгодог зарчимтай бодгалууд юуны өмнө хамтач, нэгдмэл, үндэсний глобаль зорилго, хэрэгцээнд ухамсартайгаар захирагдан нийгэм болж зохион байгуулагдана гэсэн үг бөгөөд ингэж нийгэмших үйл явц зөв, оновчтой хэрэгжихэд анхдагч нөхцөл, суурь боломжийг бүрдүүлдэг юм нь бодгалуудын ёс суртахуун буюу хувь хүмүүс хоорондын харилцааны хамгийн зохист хэм хэмжээний “дарангуйлал” байдаг.
Ёс суртахуун нь хамгийн хүчирхэг зохион байгуулагч хэрнээ ямар ч хэлмэгдүүлэлгүй, хамгийн ардчилсан, хамгийн хүмүүнлэг, хүмүүс хоорондын тэгш эрхийг шудрага хангагч “дарангуйлал” юм. Энэ шинж чанараараа ёс суртахууны “дарангуйлал” нь хүчирхийлэл огт биш, харин, нийгмийг аминцар бэртэгчин ашиг сонирхолын тэмцэл, анархи задгайрал, зэрлэгшил, хүн чанарын үхширлээс аврагч, нийгмийг эрүүлжүүлэгч хамгийн цэвэр, бодот хүч болно. Ингэхлээр, ёс суртахуун нь “хүлцэл”-ийн агуулгатай бөгөөд нийгмийн харилцаанд эс хүсирхийлэгч чанартай хамгийн “сайн засаглал”, хамгийн зөв захиргааны ёс юм. Эндээс силологик дүгнэлт хийвэл, ёс суртахуун л нийгмийн оршихуйн суурь хууль, нийгмийн харилцааны үндсэн зохицуулагч хямрал, зөрчилөө арилгаж чадах аж. Харамсалтай нь, манай нийгмийн харилцааны хөтөч болж буй “Шинэ үндсэн хууль”-д голлон тусгах ёстой байсан үнэмлэхүй ач холбогдолтой үзэл санаа-ёс зүй, ёс суртахууны үнэ цэн, үүргийг ойлгох сэтгэлгээ “Үндсэн хууль”-д хаягджээ.
Ёс суртахуун нь хэдийгээр шугаман бус үзэгдэл, Ахуу, Чанар хоёрын синергетик хам үйлчлэлийн илрэц үзэгдэл боловч гайхалтай консерватив, стандарт шинж чанар ч хадгалагддагаараа нийгмийг ч, хувь хүмүүсийг ч хооронд нь нягт шүтэн барилдуулагч гол хүч болдог.
Ер нь нийгмийг үндсэнд нь хүмүүнлэг ёс суртахууны оршин тогтнох арга, хэлбэр ч гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр, ёс суртахууны “дарангуйлал”-ын хийгээд “хүлцэл”-ийн оршин тогтнохуй гэж үзэж болно. Дарангуйлал бүхэн хүчирхийлэлийн шинжтэй байх ч юм уу, эсвэл, дарангуйлал бүглийн агуулга, хэлбэр ч тохиол бүхэнд харгис чанартай байх нь үгүй. Хүний хүсэх үнэт зүйлсийн дотор эерэг чанартай “дарангуйлал” багтаж ч болно. Дарангуйлалд сөрөг дарангуйлал байх логикийг амьдрал өөрөө зөвшөөрдөг. Яагаад гэвэл, Амьдрал хэмээх аугаа сайханы хөгжих, мөнх оршихын хэрэгцээ өөрөө мөн чанартаа эерэг утгатай аугаа “дарангуйлал” юм…
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос