Шинэ хүү
12 жил, 10 сар өмнө

Хотын байдал бухимдалтай бөөгнөрөлтэй, цагийн улирал утаатай шороотой. Түгжрэлтэй зам, хогтой гудамжийг дагаад ядарсан зовсон янз бүрийн хүмүүс явах бөгөөд дөрвөн зүг байшин барилгаар дүүрч, явах зам харагдах орчингүй хар утаа тунана. Өвлийн тэсгим хүйтэн гэрийг жихүүцүүлж, ажилчин хүний сэтгэлийг бухимдуулна. Гудамж тайлбайд халтиргаа үүссэнээс машинтай, явган хүмүүс арай ядан явах агаад, үүгээр түүгээр микроны кандукторууд Сансар, Зуун айл, Баянбүрд, Гандан, Хороолол.... гэх мэтээр эцэс төгсгөлгүй орилолдон давхина.

Хөлд орохоос авахуулаад  нэг замаар өгсөж уруудан явж, нэг хонхорт дүүрэг дамжин нүүж, замын түгжрэл, үйлчилгээний оочир, хүнд суртал, хариуцлагагүй байдал зэрэгт саатсаар энэхүү ертөнцийг эцэслэнэ. Телевизийн сувгуудаар савангийн дуурь,  үнэн худал нь мэдэгдэхгүй захиалгат мэдээ, нэвтрүүлгүүдийг үзэж төр болохгүй байна, хууль хэрэгжихгүй байна гэж худал баахан улс төржинө. Хахууль өгөхгүй бол ажилд орж чадахгүй хэмээн сэтгэж, авилга өгч, их мөнгөөр реклам сурталчилгаа хийлгэж  сонин телевизээр цацахгүй  бол бизнес эрхлэх боломжгүй хэмээн бодож, түмэн боломжоос хоцорч цахим ертөнцөөс гээгдэнэ. Өглөө гараад амьдрал хэцүү байгааг гайхаж, өдөр нь мөнгө бодож, орой нь ажил хэцүү байгааг гайхсаар энэ насыг барна.

Шинэ хүү автобусанд чихэлдэн байж арай ядан багтаад түгжирч түгжирч хайран цагаа үрэн байж найз Батындаа ирэв. Бат интернет  орохоор гарсан гэх бөгөөд тэднийхээс “ажил хэцүү байна, цалин бага байна, ажил олдохгүй байна, яаж баян болох уу? Түгжрэл аймаар байна, утаа ихтэй байна, банкны оочир дийлдэхгүйнээ, 21 хэзээ буух бол?, тэр тийм юм өмсөж зүүсэн байна, энэ ийм байшинд амьдарч тийм машин унадаг гэнэ, тэр тэгсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ” гэсэн ярианаас өөр мэдээлэл авч чадсангүй. Шинэхүү Баттай уулзаж хамт интернетэд сууж  мэйлээ шалгах, чатлах, тоглох, ганц нэг дуу сонсож, кино клип үзэхээс хэтэрсэнгүй. Шинэхүү хэдийгээр ухаан сэргэлэн боловч сонсож, мэдэж, үзэж харж, уулзаж байгаа хүмүүс нь дээрхээр хязгаарлагдах тул шинэ соргог юуг үзэж мэдэж, сонсох билээ.

Өөрөөсөө өөр итгэх хүнгүй, үхэх төрөхөөс өөр үнэн зүйлгүй, цахим ертөнцөд мэйл шалгах, бусадтай чатлах, тоглох, энэ тэр бичлэг үзэхээс өөр оролцох боломжгүй хэмээн сэтгэнэ. Юутай гомдолтой идэвхигүй амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ.

 Амьдрал нь ийм гунихралтай байгааг Шинэ хүү өөрөө яахан мэднэ. Хүний хөгжлийн 21000 ба идэвхи оролцоогүйн гайг бас хэрхэн танина. Дэмий л байдалд автаж, дэмий яриа, бүдүүлэг үгс, бүдүүлэг үйлдлүүд нь амьдрын хэв маяг нь болж, хийхээсээ хэлэхийг урьтал болгож, оролцохоосоо хойш суун хөндлөнгөөс ажиглаж шүүмжлэхийг урьтал болгож, аливаа зүйлд эзний ёсоор бус зочны ёсоор хандсаар нэгэн улс аймгийн ихэнхи хэсэг шинэ хүүгийн адил нүдээ анин, чихээ бөглөн цахим ертөнц гэж чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй дов довоо шарлуулан довны цаана уул байгааг харалгүй, утаатай хонхорт хоосон хоцроход тулжээ. Хайран цаг хайран амьдрал. Хөөрхий.

         Гэтэл шинэ хүүгийн нэгэн нөхөр цахим ертөнцийн талаар түүнд мэдээлэл өгөв. Шинэ хүү “Цахим ертөнцөд бүх хүмүүс адил тэгш эрхтэй, хэн нь хэн бэ? Хэн юу хэлдэг вэ? Хэн юу хийдэг вэ? Хэнтэй хэрхэн холбогдох вэ? Хэрхэн хамтран ажиллаж болох вэ? гэдэг нь бүгд тухайн хувь хүн, албан байгууллагын фэйсбүүк, твиттэр, блог, цахим хуудсанд нь ил тод байдаг. Тэр битгий хэл уулзахыг хүссэн хүмүүстэйгээ ямар ч оочир дараалалгүйгээр интернеттэй газраас хүнд сурталгүйгээр хормын дотор холбогдож, харилцан ярилцаж, үгээ хэлж, цаг хугацаа орон зайн хязгаарлалтгүй хамтран ажиллаж болдог. Бас тэнд замын түгжрэл, оочир, хүнд суртал, хээл хахууль, авилгагүй. Хүн бүр өөрийгөө хэн болохыг, юу хийж чаддагийг цахим ертөнцөд байгаа дэлхийн бүх хүмүүст маш бага мөнгө, цаг хугацаа зарцуулж, хүнд суртал, зардал чирэгдэлгүйгээр сурталчлан таниулах боломжтой байдаг. Зорилго, үзэл бодол нэгтэй хамтран ажиллах хүнээ олох боломжтой. Англи хэлээр зэвсэг хийж хүн төрөлхтөний өдийг хүртэл бүтээсэн мэдлэг мэдээллийн өв их сангаас чадлын хэмжээгээр хүртэх боломжтой гэдгийг мэдэж авлаа.

Цаашлаад монголчууд маань бүгдээрээ цахим ертөнцөд өөр өөрийн орон зайгаа эзлээд цахим ертөнцийн боломжийг зөвөөр ашиглавал бүгд нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх боломжтой бөгөөд Монголд төдийгүй дэлхийн хаана юу байгааг, хаана юу болж байгааг, хаана хэн байгааг, хэн юу гэж хэлж байгааг, хэн юу хийж байгааг, хэнтэй хэрхэн хамтран ажиллах боломж байгааг, алган дээрээ тавьсан юм шиг харж, шинэ холбоо харилцаа тогтоож,  боломжийг бий болгож, санаачилж дэлхий дээр байгаа бүх монголчууд хаана байгаагаас хамаарахгүйгээр цахим ертөнцөд нэгдэж боломжтойг олж харлаа.

Хэрэгтэй мэдээллийг хормыг дотор бусадтайгаа хуваалцаж чадна. Тэнд олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн мэдлэгтэй боловсролтой, чадварлаг хүнээ сонгоод цахим нийгмийнхээ хууль дүрмийг тогтоолгох боломжтой. Тэнд хэн сайн зүйл хийж бүтээж байгаа нэгнээ бүгдээрээ нэгдэж цахим орчиндоо болон бодит үйлдлээрээ дэмжих боломжтойг, цахим ертөнцөд Монгол хүн бүр, төрийн хувийн гэлтгүй Монгол байгууллага бүр өөр өөрийн орон зайгаа twitter, facebook, blog,web site-р дамжуулан бий болгож идэвхитэй хамтран ажиллавал бүх зүйл ил тод болж, бүх мэдээлэл нийтэд хүртээмжтэй хурдан хугацаанд тарж, олон асуудлыг шийдвэрлэж сайхан амьдрах боломжтой зэргийг ойлгож мэдлээ.

Өнөөгийн Монголын дүр төрх болох хөмөрсөн тогоо дотор байгаатай адил хаана юу байгааг мэдэхгүй, хаана юу болж байгааг харахгүй, хэн юу хэлж байгааг мэдэхгүй, аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж салгах боломжгүй, нуугдмал, хаагдмал, тодорхойгүй, хариуцлагагүй, холбоо харилцаа муутай, хөлдүү царцанги, тархай бутархай хэн хэлсэн нь мэдэгдэхгүй цуурай сонсож, түүнийхээ эзнийг олох гэж бие биенээ хардан, тэмтчин бүдчин, төөрөгдөн, андууран, цаг алдан, түгжрэн, оочирлон, эрж хайн, аргаа баран амьдралд гутарч, итгэл алдран амьдарч байгааг, буруу зүйл хийж будлиан тариад байгаа эзнийг нь олсон ч холбоо харилцаа муутайгаас хүчээ нэгтгэн түүнд хариуцлага тооцож чадахгүй байгаагийн, хүмүүст мэдээлэл түгээдэг цагаан хоолой бүр эзэнтэй болохыг, эзэн зөвхөн өөрийн таалалд нийцсэн зүйлийг ярьдаг болохыг, иргэд үнэн зөв мэдээлэл авч чадаагүйгээс , нэгдэж хүчээ нэгтгэж чадаагүйгээс, телевиз радио, сонин сэтгүүлд төлөх мөнгөгүйгээс, хэлэх гэсэн үгийг нь тэр бүр хэлүүлдэггүйгээс  иргэдийн нийгмийн амьдрал, улс төрд оролцох, дуу хоолойгоо хүргэх идэвхи оролцоо нь суларч, ямар ч тэмцэлгүй дархлаагүй болж, идэвхигүй хүнд хэцүү амьдралынхаа боол болж, бүхнийг хувь заяандаа даатгаж, амьдралын эрхээр зовж зүдэрсэн үедээ үнэний тухай, үнэт зүйлийн тухай, ёс суртахуун, шударга ёсны тухай хоосон ярихаас хэтэрхээ болисон дүр төрхийг Цахим Монголыг бүтээснээр өөрчилж болно хэмээн итгэж Цахим монголыг бүтээхээр сэтгэл шулуудав.

Шинэ хүү ЦАХИМ ХҮҮ болов.

Хөх монгол ЦАХИМ МОНГОЛ болов.

Юутай завшаан, юутай баяр.

Цахим ертөнцөд шинэ монголыг бүтээхийг мөрөөдөж байна.

Цахим хүү болохыг хүсэж байвал доорх хаягаар холбогдоно уу.

Утас: 88641816 

Мэйл хаяг: handaa.amjilt@gmail.com