“Сүүлчийн өдрүүд” үнэн үү? Хэзээ вэ?!
13 жил, 1 сар өмнө

“Бүх найдвараа орхи!” Эртний Ромчуудын булшин дээрхи дайлуурын үг гэгддэг энэ үг яг өнөөгийн хүн төрлөгтөнд зориулж үлдээсэн сануулга шиг санагдахуйц цаг тулж ирсэн үед бид амьдарч байна.

Ирээдүй нь сүйрэл мөхөл рүү авчирч буй мэт төсөөлөгдөн өөрийн эрхгүй айлгах цаг үе рүү хүн төрлөгтөн өөрийн мэдэлгүй ирчихлээ. Ирээдүй нь өмнө маань бус ойртохтой адил утгатай “хөгжил” болж хувирах үйл явц руу орчин үеийн үйлдвэрлэл-технологийн дэвшил, хэрэглээний прагматизм, өмч хөрөнгийн төлөөх өрсөлдөөн, зах зээлийн харилцааны “мөлжлөг” авчирав. Ингэснээр Өнгөрсөн нь Ирээдүй болох цаг хугацааны парадоксыг л хүн төрлөгтөн бүтээлээ.

Ирээдүйг харанхуй гүн анаг /ангал/ болгочихсон үйлдвэрлэл-технологийн хөгжлийн “цацраг идэвхит туяа”-нд хүмүүсийн нүд ч, оюун санаа ч, сэтгэлзүй ч “гэрэлд цохиулж”, хойдох урдахаа оношлох чадвараа харамсалтайгаар алдсаар “хүүхэлдэй –робот” болчихсон өнөө цагт хэвийн, эрүүл сэтгэлгээтэй, шинжлэх ухааны зохих мэдлэг боловсролтой хүн өнөөгийн нийгмийн хөгжлийн зөвд, хүн төрлөгтний ирээдүйн өнө мөнхөд итгэж чадахгүйд хүрлээ. Шалтгаан нь тун ойлгомжтой бөгөөд 3 том үндсэн сүйрэл:

-Байгаль дэлхийн сүйрэл                                         

-Хүний сүйрэл

-Шинжлэх ухаан-техникийн хөгжил буюу бүрэлгэгч хүчний хөгжил./Хөгжил бүрэлгэгч хүч болж, хөгжил биш агуулга, хэлбэртээ шилжиж буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй үйл явц мөн!/

Энд би, “хүний сүйрэл” гэж хүний ухамсар, хүн чанар, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахуун эрс уналтыг голлон хамааруулж байна.

Хүмүүс өнөөдөр ямар аймшигтайгаар хүн чанараа алдаж байна вэ, Бурхан минь? Хүмүүсийн сэтгэлийн гүн рүү адгуус араатад, там, бирдийн хүмүүн бус амьтадын хүсэл шунал шунган нөхцөж, хүнийг хүн биш, ад чөтгөд болгожээ. Байгал-дэлхийн сүйрэл нь,-дэлхийн бүтэц, тогтоц, орчил хөдөлгөөний зүй тогтолд орж буй эрс өөрчлөлт гажуудал эвдрэл юм. Энэ хоос сүйрэлд дэлхийн өөрийн нь архитектоникт орж буй дотоод хувьсал, зүй тогтолын эсрэг үйл явц, дээр нь байгалийн хүчний нөлөөлөлөөс гадна өнөөгийн хүн төрлөгтний амьдрал эрүүл бус, эмгэг согогт хэрэглээний шаардлагаар үүсч буй үйлдвэрлэл-технологийн галзуу хурдацтай хөгжлийн сөрөг үр дүн хүчтэй нөлөөлж байна. “Сүүлчийн өдрүүд” хэзээ вэ? гэдэг асуулт хүн төрлөгтөнд өнөөдөр бодитой нүүрлэж, нийгэмд бизнес мөлжлөг, мафижсан гэмт хэрэг, дээрэм тонуул, цуст хядлага хэвийн үзэгдлийн дүр төрхийг олж, хүмүүс хоорондын харилцаа далд утгаараа антигонист тэмцлийн шинж чанар агуулж, нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлууд улам бүр хөгжлийн энтропийг хурдасгах болов.

            Хүн төрлөгтөн өнөөдөр өнгөрсөн хөгжлийнхөө түүхийг буруутгах, гажуудалыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн маш хачирхалтай, харамсалтай, гашуун үнэнтэй тулгараад буй нь:

            -Нийгмийн хөгжлийн явцад хүний амьдралын зовлон /ялангуяа, эгэл ард олон!/ багасахгүй, харин эсрэгээр, өдрөөс өдөр хүндэрч, гуниг, сэтгэлийн дарамт, амь зуулгын бэрхшээл үнэмшимгүй хурдтай нэмэгдэж буй:

            -Үйлдвэрлэлийн хүрээ, хүчин чадал нэмэгдэж, өндөр түвшинд технологи эрчимжиж, өмч хөрөнгө, эд баялагийн хуримтлал ихсэх тусам амьдралын өртөг өсөж, хэрэглээний парадокс нь амьдралыг абсурд үзэгдэл болгон хувиргаж буй:

            -Хүний махбодын байгаллаг, амьтанлаг шинж чанар хүнд улам бүр хүчтэй илрэн гарч хүний оюун санаа, тэнгэрлэг тэмүүлэл зорилго, зөв сэтгэлийн ундаргыг бохирлож, Бурханд таалагдах ариун бүхний нь үндэс язгууруудыг мөхөөж буй:

            Миний энэ ядаргаат тайлбар уг нь хэрэггүй, илүүц нь мэдээж байлаа, гэвч би хүн төрлөгтний хэм хэмжээгээ алдсан илүүдэл эрэлтийг дагаж буй эдийн засаг-үйлдвэрлэлийн утгагүй хөгжлийн сүйтгэл, дарамт, оноос онд ядууран хоосорч буй эгэл олны бухимдал, нийт хүн төрлөгтний оюун санааны мансуурал, мунхарлыг дуугай тэвчих нүглээс айж байна. Одоо би материаллаг ахуу, оршихуйг дээдлэгч, хөгжлийг нь тэтгэн гааруулагч шинжлэх ухааны хөгжлийг ч хязгаарлахыг хүсч байна. Хүн төрлөгтөний “Сүүлчийн өдрүүд”, “Дэлхийн төгсгөл” улам хурдан, улам өргөн далайцтай ойртоход орчин үеийн материаллаг юмс, үзэгдлийг судалж амьдралд ашиглах зорилготой шинжлэх ухааны хөгжил, дэвшил хамгийн гол гайг тарьсан. Иймд цаашид хүн төрлөгтөнд хамгийн эргэлзвэл зохих, хойноос нь дагахгүй байвал зохих юм бол техник-технологийн хөгжил, дэвшил мөн! гэж хэлээд шоолуулах юм уу ад үзэгдэхэд хохирох юм байхгүй!

            Бурханы хайр, энэрлээс бусад бүх юманд хэмжээ, хязгаар бий! Байгал дэлхийг бүрэлгэгч, хүний хүн чанарыг авслагч алив арга ухаан, техник –технологи нь хүний хөгжүүлэх, Бурханд ойртуулах, хүнд жинхэнэ үнэн жаргал, сэтгэлийн жинхэнэ амар амгаланг эдлүүлэх оюун ухаан огт биш тул хөгжлийг нь цааш хурдасгах, даамжруулах хэрэгцээ шаардлага байхгүй, харин ч зохис хэм хэмжээнд хязгаарлах нь хэтдээ хүн төрлөгтөнд аврал болж мэднэ. Атом, цөмийн эрчимийн хэрэглээ, сансарын техник, пуужин, дуунаас хурдан элдэв тийрэлтэт хөлөг онгоцны зохион байгуулалт, үйлдвэрлэлт, электрон, нано-биотехнологи, газар дэлхийн хэвлийн далд бүтцийг эвдэн онгичих, ашиглах зэрэг зорилго бүхий шинжлэх ухаанд зарж буй хөрөнгө зардал хожмоо зөвхөн хүний эсрэг чиглэсэн үйл ажиллагааны дэмжлэг болж хувирна. Бурханаас хориглосон хориотой мэдлэг эзэмшихээр хөөрцөглөх нь Бурханыг буруу харуулж хөнгөдөхөөс цаашгүй нь магад.

Д.Урианхай "Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос