.”Сайн засаглал”-ын загварт нэмэх бяцхан “засвар” ойлголт
Өнөөгийн Монголын улс төрийн сэтгэлгээгээр сайн засаглалын нэг чухал үзүүлэлт нь материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хувийн секторын аж ахуйнуудад түлхүү хөрөнгө оруулалт хийх, татварын болон гаалийн бодлогоор дэмжих үйл ажиллагаа байдаг. Тэгвэл, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн харилцаанд энэ үзүүлэлтийн чиглэл, утга өөр вектортой болох бөгөөд ач холбогдолын үнэлэлт нь өмчийн хэлбэртэй хамааралтай бус, харин хүний дотоод ертөнцийн хөгжлийн хэрэгцээтэй холбоотой болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын тухай ойлголт, эд таваарын үйлдвэрлэл - үйлчилгээ эрхэлж буй хувийн секторт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээтэй бус нийгмийн цэвэр оюунд зориулагдах хөрөнгө оруулалтын хувийн жингийн хэмжээ, өсөлтийн хурдацтай холбоотой болоод явчихна. Үүнтэй уялдаад, засаглалын “хомсдол” нь “Мэдлэгийн эдийн засаг”-ийн ач холбогдлыг хийгээд бодтой арга хэмжээгээр хүчтэй хөгжүүлэх мэдлэг, ухамсарын хомсдолоор илэрнэ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа чухам юу болохыг “тогтвортой” чинад сэтгэлгээ, тодорхой, онч хараагаар ухан бясалгах юм бол тэр баталгаа, нидэртээ, Оюуттолгой, Цагаан суврагын зэсийн орд ч бус, Заамар Бороогийн алт, Асгатын мөнгө, Тамсагийн нефть, Мардайн уран, Тавантолгойн коксиждог нүүрс, Хөвсгөлийн фосфоритын орд уурхайнууд ч бус, зөвхөн монголын “Монгол оо!” гэсэн чин элэг сэтгэлтэй эрдэмтэд, мэргэжилтнүүдийн “хөлстэй алга”, “бор зүрх” хэмээх “уурхайнууд”-ын л нөөц хүч чадал байх болно. Өөр ямар ч баталгаа, ямар ч аврал, горьдлого Монголд байхгүй! Өнгөрсөн түүхэнд маань байгаагүй шигээ Ирээдүйн түүхэнд маань ч байхгүй! Уудам газар нутагтай ч цөөхөн хүнтэй өчүүхэн Монголын аврал, горь найдлагыг олж болох ганц “нуугдмал”, дарагдмал “Марианийн хонхор” 1 нь, -дэлхийн хүн төрлөгтний аль саар муугийн “музей”-д тооцогдож буй монголчуудын тархи, гар хоёрын чадамж, бүтээмж байхаас бус өөр “эх үүсвэр”, өөр “зээл тусламж” хайгаад энэ Дэлхий хэмээх жижигхэн цэнхэр гараг эрхэсээс хаанаас нь ч олохгүй, магадгүй, “харь гараг”-аас, эсвэл, хором тутам халуун цөмийн дэлбэрэлт үргэлжилж байдаг наран дээрээс ч юм уу, бүүр эсвэл, “үл танигдах нисдэг биет” хааяа илгээдэг “Х” төрлөгтний “хөрөнгө оруулалт”-аас олж мэдэх юм, даан ч, тэгэх эсэхийг би мэдэхгүй нь!
Сайн засаглалын хэвлэл, мэдээлэлийн бодлогод ч бяцхан “захиргаадалт”, үл ялиг “хүйтрэл” салхилуулах нь өвгөд өтгөсийн “хайраа дотроо, халаа гаднаа!” гэдэг хүмүүжлийн зарчимтай дүйнэ. Хэвлэл, мэдээлэлийн эрх чөлөө - “бамбай”-н дор нийгмийн сэтгэлгээ, мэдлэг, боловсрол, гоо зүйн таашаалыг хөгжүүлэх бус, дорогшлуулах, хүний сэтгэл санаан дотор үргэлж “буцлагч” адгууслаг хүсэл тачаалыг өдөөгч, далд үндсүүдийг нь элдвээр сэрэлзүүлэгч, хүнийг мунхагийн “цооног” руу уруу татагч сэрэл сэрэхүйн ад бүдэсийн хүчийг дэвэргэн хөдөлгөгч элдэв “шар” хэвлэлүүд , “шар” нэвтрүүлгүүд, гадаад дотоодын “хогийн” шоунууд, “хөгийн” зар сурталчилгаануудыг нийгмийн оюуны талбараас шууд таягдах нь нийгмийн ёс суртахууныг цэвэршүүлэх тул үндэсний оюуны хөгжил, нийтлэг эрх ашигт нийцсэн хүмүүнлэг үйлдэл болно. Ёс зүйгүй /гагц порно хэвлэл ч биш/ үйл ажиллагаа хөөцөлдөж нийгмийн сэтгэлзүйг “хагтуулж” буй этгээдүүдийн мөнгө олох сааз зорилгот арга сааманд ёс суртахууны “захиргаадалт” нэвтрүүлэх нь хүнийг аугаа, төгс, гоо сайхан хүн болгон төгөлдөржүүлэх аугаа дээд зорилгын Хайр , Халын нэгдэлт логикоор дүгнэвээс, хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй ёсгүй хэрэг огт бус, харин ч хүнийг Жинхэнэ хүн, Бурханы шүншигт “бүтээл” болгох Үүрэгийн ариун, хатуу шаардлагаас ургаж буй сахилга хариуцлагын дотоод хууль!
Хүнийг хүн төрхөөс нь, “дотоод хөгжил” -өөс нь төөрүүлэх аливаа үйл ажиллагааг төрөөс ч, орон нутгийн засаг захиргаадаас ч үл зөвшөөрөн, сайн засаглалын бодлогоор хавчин “ивээх” нь цаанаа Хайр Нигүүлсэлийн л хориг юм. Энэ “хориг” бол төрсөн үрээ, мөн, бусад нэгний учир мэдэхгүй балчир хүүхдийг час улайссан төмөр самардахаар, эсвэл, иогой шүүрч авахаар гараа сарвайхад нь хажуунаас нь харж зогссон хэн хүнгүй уулга алдан ухасхийж, мөнөө,”хүний эрх”-ийнхээ дагуу “хүссэн зүйл”-ээ хийхийг нь хорин шүүрч авдагтай чанар нэг хориг бөгөөд хүний хэтийн сайн сайханы төлөө, хүнд зөвийг санахын үүднээс эрхэнд нь, эрх чөлөөнд нь халдан, хүнлэгээр хорих, хясахын “хамар дорхи” жишээ юм.
2003.11.12 - 2003.12.05
Хүн чулууны хонхор – Мэдээлэлийн Төв
“Зууны мэдээ” сонинд 2004 оны
¹93(1603) –д нийтлэгджээ.
Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос