“ОЙЛГООГҮЙ” АРДЧИЛАЛААС ҮҮДСЭН “ОЙЛГОМЖТОЙ” ҮЗЭГДЛҮҮД
Монголчууд бид хүн төрлөгтний ихэнхи хэсгийн нэгэн адил хүний нэгэн “гайхууштай” чанарын хамгийн сонгодог загвар болохуйц үндэстэн юм.Энэ “гайхууштай” чанар нь, -сэтгэлгээний хойрго чанар! Үүнийг, шулуухан хэлэхэд, сэтгэлийн залхуурал гэж нэрлэж ч болно.У.Черчилийн нэг үгийг манай улс төрчид олонтаа иш татдаг.Би үг бүрчлэн яг санахгүй байгаа ч санааг нь ойролцоогоор илэрхийлэхэд, “Ардчилал бол тийм ч өөдтэй зүйл, гэхдээ, түүнээс дээр, илүү сайн зүйлийг хүн төрлөгтөн олоогүй!” гэсэн утгатай үг байдаг.
Улс төрийн үйл явцад консерватив хандах нь зөвдөх тохиол ч байдаг, бас буруудсан тохиол ч түүхэнд зөндөө бий.Эерэг, сөрөг хоёр тал хоёулаа боломжтой, хоёулаа эрсдэлтэй, тэгэх мөртөө аль нь ч амжилтанд хүргэх өөр өөрийн магадлалтай энэ үзэл, хандлага, аргазүйд жаахан шүүмжлэнгүй өнцгөөс хандаж, У.Черчилийн хэлсэн “Ардчилалаас илүү сайн зүйлийг хүн төрлөгтөн одоо хүртэл олоогүй!” гэсэн ойлголтыг бодож үзвэл, тэрхүү, “илүү сайныг олоогүй” гэдэг тайтгарал , цагаатгалын цаана, далд үндсэнд нь, хүн төрлөгтний сэтгэлгээний залхуурал оршиж байгааг ухаж болно. Сэтгэлгээний хойргошил, консерватив хандлагаас залхуурал руу, залхууралаас нийгмийн идэвхигүй ажиглалт руу, эсвэл, үргүй хоосон софист цэцэрхэл рүү, эсвэл бүүр, сэтгэлгээний хүлцэл, боолцлогдол руу шилжих нь үерийн ус жалга уруудах шиг чөлөөтэй, Б.Наполеоны сүүрсэн алдан хэлснээр, “аугаа ихээс инээдтэйд хүрэхэд ганц алхам” гэдэг шиг төвөггүй замтай.
“Ардчилал” гэдэг муу талтай сайныг яагаад хүн төрлөгтөн шүтэж бүх нийтээрээ “хормойдон” хошуурч байна вэ?Яагаад гэвэл, муугүй сайныг, цэвэр сайныг, төгс сайныг эрэх, эрлийнхээ үр дүнд олох сэтгэлгээний тэмцлээс төвөгшөөгөөд, залхуурлын консерватизмд үзэл бодлоо хүлүүлчихээд байгаагаас юм. “Ардчилал өөдтэй биш!” гэдгийн, дээр нь тэгээд, “ардчилал”, “хүний эрх”, “сэтгэлгээний эрх чөлөө”, ““ардчилсан төр”, “чөлөөт, ардчилсан сонгууль” гэх мэт сайхан хэрнээ хоосон, хийсвэр, ямар ч бодот хэмжүүргүй үгсийн цалигийг толгойдоо сийлчихээд аман дүйвээнээр хөхиж, нийгмийн амьдралын урсгалд хөл алдан хөвж явдагийн “сонгодог” жишээ нь өнөөгийн монголчуудын улс төрийн амьдралын дүр төрх юм. Энд хүн төрлөгтний дийлэнхи олонхийн сэтгэлгээний залхуурал монголчуудын сэтгэлгээний хэв шинж, үйл ажиллагаагаар дамжин гайхалтай тод илэрдэг.Ялангуяа, монголын улс төрийн амьдралын үйл явцад монголчуудын туйлшрангуй чанар ч, мөн, консерватив “дүлэгнэл”, амьдралын ядуурал, эдийн засгийн болоод улс төрийн тусгаар тогтнолын хуурамчийн бодот үнэн, нийгмийн сэтгэлгээ-онол үзлийн хоосрол, амьдралын ерөнхий хэв загварын дууриамал, хуулмал төлөвшил…цөм галт шилэнд тодрох лугаа адил илт, хурцаар тодордог.
Бид нийгмийн сэтгэлгээнийхээ залхуурал, үзэл бодлынхоо гуйланчлалаас ангижрах, тэгээд, үндэсний биеэ даасан сэтгэлгээний цогц тогтолцоонд хүрэхийн тулд иддэг хоол хүнснийхээ нэг төрлөөс хавьгүй олон тооны шинэчлэл, өөрчлөлт сэтгэлгээндээ хийх шаардлагатайг амьдралынхаа бүхий л хүрээнээс харж болох ч наад захаас нь холтлоход л, дутуу дулимаг ойлголттой, эсвэл бүүр хахь буруу ойлголттой, магадгүй, огт ойлгоогүй “Ардчилал”-аас монголын нийгмийн амьдралд үүсч буй зарим тун ойлгомжтой, гажуудалт үзэгдлүүд өдөр тутам нүд чичилж байна.
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос