“НИССЭН ШУВУУ …”, “Шувуу биш шувуу …” хэмээх Экспромт
I
Ниссэн шувуу
Хаашаа ч нисч буй бус,
Хаа ч хүрч буй бус,
Ирсэн зайгаа л эргээж эвхдэг,
Ирээгүй зайгаа хороож буцдаг!
II
Ниссэн шувуу
Хаана ч очдоггүй,
Хараанаас бараа тасран ариллаа ч
Хаа ч хүрдэггүй!
Зөвхөн,
Миний нүдэн дотор л дэвж,
Зүрхний минь лугшилтын
Удаан түргэнийг хэмждэг!
(“Тоолдог” ч гэж хэлж болно!”).
III
Ниссэн шувуу
Хаашаа ч нисдэггүй,
Хаачихаа ч мэддэггүй,
Зөвхөн,
Миний цээжин дотор л эргэлдэж,
Үгний минь үнэнийг
Насыг тоолдог!
(“Урт, богиныг хэмждэг!” ч гэж болно!)
IV
Тэртээ гүнд тэнгэр цэнхэртэнэ …
Тэнд,
Цэнхэр харагдах юу ч байхгүй!
Хоосноос бусад нь
бүгд байдаг ч
Хоосон нь байхгүй,
эсвэл, олдохгүй мэт,
Тэнд,
Юу ч тааралдахгүй!
Харин … !
V
Харин,
Би тийшээ очдог!
Харахгүй бодлогоширч яваад,
цаад руу нь,
Ниссэн шувуу шиг унадаг!
Тэхдээ,
Би шувуу биш шувуу!
Элэн галаваас,
Тэндээс наашаа ниссэн,
Эргээд бас,
Эндээс тийшээ ниссэн,
Эргэлдэн оргилдсоор
Хүрд шигдугуй далавч ургасан
Шувуу биш шувуу! …
VI
“Тийм”, “Үгүй”-г батлахад ч хэцүү,
Тэмдэг дохиог нь дамжуулахад ч хэцүү,
Хачин зүд минь өдөр ч үргэлжилдэг!...
Харамсалтай нь ,-
Тэр зүүд хүний хэлэнд тайлалгүй!
Тэнд,
Эндээс ялгаатай нь,-
Хамгийн ойлгомжтой нь
хамгийн сүүлд ойлгогддог,
Хамгийн ойрхондоо
хамгийн сүүлд хүрдэг;
Хамгийн хол нь
хөл дор гишгэгдэж,
Хүний “түүхий”-н нууцыг задалдаг нь
Намайг үхтэл ичээдэг! …
2006.02.15. Алтан тэвшийн хөндий
2006.05.20. (Бурхан багшийн дүйчэн өдөр)
2006.06.11. Алтан тэвшийн хөндий
2006.09.25 Алтан тэвшийн хөндий
(39г байр, 13-р өрөө)