Моносны үнэр …, Энэ ч бас биш!..
У.Шигүүргэ-д
Моносны үнэр цоргин.., тэнгэр нүднээс алдуурна...
Магадгүй, газрын үнэрийн “татах хүч”-инд
Шувууд өндөрт нисч чаддаггүй ч байж мэднэ!..
Энэ ч бас биш!..
Санааныхаа эсгэсэн үнэнээр, сэтгэлийн минь чац
Биеийнхээ өндөртэй, яагаад ч юм, харьцангуй бус!..
Энэ ч бас биш!..
Нээлттэй, хаалттайн эргүүлэг –
Нэрнээсээ эхлээд сөнгө амьдралын минь гэгээ л
Ханьсангуй сэтгэлийнхээ үл харагдах харанхуйтай
Хаа нэгтээ огтлолцох нь, харин,
Бие биедээ харгалзангуй мэт!..
Энэ ч бас биш!..
Ойлгомжтой орчлон эс ойлгогдоход дуулмаар!..
Энэ ч бас биш!..
Огторгүй өнгөгүй нь магад атал
Миний сүүдэр дор хар өнгөтэй нь, цуу татмаар!..
Энэ ч бас биш!..
Моносны үнэр улааран ханхлахад
Би үхдэл болно.., Юу ч мэдрэхээ болино ..,
Бурханд булаагдсан хүүгээ ч .., гэрээ ч..,
Зүс тодхон ижийгээ ч .., зүүд халууцуулдаг дурьдатгалаа ч мартана!..
Энэ ч бас биш!..
Яагаад ч юм, уйлмаар ... үнэрээс бусдыг хэмх шаамаар!..
Ялгуун гоо дэлхийтэй эргэлдэх хүн төрлөгтөн ч
Ялаа, батганаас дотногүй... булшнаас ч уйтай харагдах нь –
Нүдээ сох ухмаар!..
Энэ ч бас биш!..
Харсандаа л хайр хүрэн урсах ил нулимс,
Хавь тойрныхоо юуг ч юм, юунаас ч юм, бүү мэд,
Харамлан булиглах далд цус хоёрын тэнхлэг
Хаа зөрж, хаа огтлолцож буй цэг эс олдоно!..
Энэ ч бас биш!..
Өнгөрч өнхрөх хорол - хорвоод,
Өвөлдөө холдох нарны илчинд,
Ухаан солиортолоо дурлах... бас утгагүйд цөхрөх ...
Учир нь эс олдох шамрага
Сэтгэлийн үзүүрт л цайрна...
Энэ ч бас биш!..
Моносны үнэр... шувуудын бараа...
“Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –
Амьдрах гэж хүчлэхэд өчүүхэн шалтаг л хэрэгтэй шиг !..
Энэ ч бас биш!..
Амьдралаас уйдан ... эс хүсэхэд ч
Аанай л, өнөө шалтаг –
Моносны үнэр... шувуудын бараа...
“Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –
Өчүүхэн л шалтаг хэрэгтэй шиг!..
Энэ ч бас биш!..
Д.Урианхай
Гэрэл зургийн эх сурвалж: The new media creative studio http://www.facebook.com/NMCSteam?fref=ts
2000 оны 5 сарын 22-23. Хүн чулууны хонхор, Мэдээллийн төв.