“ДӨРВӨН ЕРТӨНЦ” Уран бүтээлийн үзэсгэлэн
Эрхэм та бүхний Эрхэмсэг оршихуйд зориулж сэтгэлийн таашаал мэдрүүлэх уран бүтээлүүдээ өргөн барьж байна. Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлаж чадна.
МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд Зураач Ц.Баттөр, В.Ундраа, С.Цагаанчулуун, Х.Батжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ.
Үзэсгэлэнгээс та бүхэн уран бүтээлчдийн дахин давтагдашгүй онцлог арга барил, өнгө гэрэл, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн дөрвөн өөр ертөнцийг мэдрэх болно.
НЭЭЛТ: 8-р сарын 16-ны 16:00 цагт
Үргэлжлэх хугацаа: 8/16- 8/23 хүртэл
Ц.Баттөрийн бүтээлүүдэд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бие сэтгэлийн гүнд жихүүдэс төрөм сүнслэг шинж чанар бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц тод гэрэлтэй зүйрлэдэг. Ц.Баттөр оюутан байх үеэсээ Европын сонгодог зургийн аргыг хуучин Монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршиж бүтээлээ туурвидаг.
В.Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Түүний уран бүтээл хүүхдэрхэг, эгдүүтэй гэнэн төсөөлөлтэй бас хөгжилтэй, хурц тод өнгө, сонирхолтой зохиомж, давтамжит шийдлүүдтэй боловч чимхлүүр ажиллагаа ихтэй, хээ угалз, үндэсний хэв маяг давамгайлсан байдаг. Өөрийн бүтээлдээ Монгол үндэстний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг зорьдог.
Тэр бол хүн бүрийг урлагаар амьсгалж амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж хүсдэг эрч хүчтэй, гэгээлэг уран бүтээлч юм.
Зураач Н.Цагаанчулуун бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран зураач. Түүний бүтээлүүдэд ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхи, агаар дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ Монгол эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг.
Х.Батжаргал нь Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаан, ахуй орчины сонин ухаарал, дүрслэн өгүүлэх сэрэхүй, мэдэрхүйн мэдрэмжийг илтгэсэн, далд утга, нууц уур амьсгалаар дүүрэн дөрвөн өөр ертөнцийн илэрхийлэл болсон бүтээлүүдээ та бүхэнд толилуулна аа.