Дээд эрүүл мэнд Цуврал 4: Дээд эрүүл мэнд
11 жил, 8 сар өмнө

Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм. Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй. Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм. Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм. Дээд эрүүл мэнд гэж юу?

“Бие эрүүл- гоо сайхан,

Ухаан саруул- цэцэн мэргэн,

Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

Ухамсар төгс- гэгээрэнгүй,

Сэрэмсэр төгөлдөр-бурханлаг

Орон тааламжтай бат бэх” байж

Газар дэлхий,

Тэнгэр огторгуй,

Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм. Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм. Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа, Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдийч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм. Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү. Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүүч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг. Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсанч энэ л гурав байх болно.Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм. Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна. Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд таньд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

 

 

Х.Цэрэндорж
ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номоос цувралаар хүргэж байна.