“ГУУЛЬ” ХУУЛЬТАЙ СОНГУУЛИАР БҮРДСЭН “ПАРЛАМЕНТЦАР” ХУУЛЬ БУС ИНСТИТУЦИ БӨГӨӨД ТӨР БАРИХ ЭРХГҮЙ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/
11 жил, 10 сар өмнө

Ард иргэд ээ: Эх оронд маань улс төрийн ер бусын байдал үүсэв. Сэтгэл машид зовном! Өнөөгийн “ёс бус” нөхцөлийн үндсэн шалтгаан нь 2004 оны зохион байгуулалт муутай, хараа хяналт султай, хариуцлагагүй сонгуул юм. Энэхүү сонгуул олон тойрогт хууль зөрчсөн үйлдлээр дүүрэн, “Эх орон-Ардчилал” эвслээс хэрэглэсэн гадаадын турхиралттай, их хэмжээний валютын /3 сая ам.доллар/ амь тариатай, бохир технологит сонгуул байсан нь огт нууц биш, зүйрлэвэл “Эрэл” компанийн явуулсан “алтны дайн”-д цөлмөгдөн сүйрсэн газар нутгийн маань “аймшиг” шиг нүдэнд ил!

            Ардчилал, шудрага ёсонд илэрхий харж “технологи”-ооролон тойрогт санал хулгайлсан будлиантай сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Н.Багабандийн “хүчиндэлт”-ээр яаран баталгаажуулж, сүүлийн үес улам бүр монголын төрийн “хутгуур” болж хувирч буй энэ хүний “хачирхалтай” зарлигаар “ухасхийн” хуралдсан “хурланцар”-аар байгуулагдсан 2004 оны УИХ нь дэлхийн парламентуудын түүхэнд инээдтэй “шинэ хуудас” хавчуулах ер бусын “парламентцар” болов. Учир нь энэ “парламентцар”-т 34 суудал /урьдчилсан дүнгээр/  “хумсалсан” “Эх орон –Ардчилал” хэмээх “шармал” нэртэй шаараг “Эвсэл”-ээс нэр дэвшигчидийн ихэнхи нь, нарийндаа, нийгэм улс төрийн мэдлэг, чадварын хэлтэрхий ч үгүй, чадах ганц ажил “мэргэжил” нь гэвэл, - өнөөгийн Монгол Улсын “сийрсэн” хуулиудын “ас”-аар хулгай, луйвар, хар захын наймааны л “багш” нар байхаар ажил мэргэжилтэй хүмүүс бөгөөд Хятадын Эрээн, Хөххотын хогийн барааны “гахай” зөөвөрлөж хөлжсөн, дамчид л юм. Хэрэв Монголын хууль, ард олны ярьдагаар “гууль” бус “очир алмас” хууль байсансан бол “Эвсэл”-ээс сонгуулд нэр дэвшиж УИХ-ын “эрхэм гишүүн”-ий тангараг өргөгчид нь бараг бүгдээрээ шахам “эрүүгийн элемент”-үүд, мөн бидний гэр гэртээ ярьдагаар “өрний бөөснүүд”, нам намаас “экспортлогч” улс төрийн эр, эм “янхан”-ууд, “хувьчлал” нэртэй хулгайнхаа”унац”-аар гулгигчид л байх тул өдийд “жип” унаж, “наранд” тарвалзаж явах бус, зээтүү жоотуу хөлөргөн “нарсанд” хөдөлмөрлөж суух ёстой улс юм!

            Тэдний дунд бүрэн дунд сургуулийн боловсрол ч эзэмшиж чадаагүй “недоросль” сугавчилагдаж суухын дээр анкетын асуулт бөглөх хоромд л ийм тийм дээд сургууль төгссөн гэж нүүр тахлан бичих албан “хавтас”-тайгаас биш, ачир нидэр дээрээ бол амьдралдаа ганц ном ч бүтнээр нь уншсанд нь үнэмшихэд бэрхтэй “оюуны одой”-чууд олноороо цугларчээ.Ийм “оготгорууд”-аас бүрдсэн УИХ Монголын төрийн эрх барих хийгээд хойшдоо өөрсдийн батлан гаргах “суррогат” хуулиудаа амьдралд хэрэгжүүлэх, нийцүүлэхийг ард түмнээс шаардах эрхгүй гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн” үзэж байна. Яагаад гэвэл, тал хувь нь Монгол улсын олон хууль зөрчин, гэмт хэргийн бүрдэлтэй үйлдлүүдээр сонгогчдын санал суйлсан бохир ёс суртахуунт, дорд ухамсарт “гишүүд” –ийн сэтгэхүйгээс цэвэр, зөв, хууль боловсроно гэдгийг улс төрийн, шинжлэх ухааны логик ч, практик ч хамтдаа үгүйсгэх бөгөөд үл хүлээн зөвшөөрнө!

            “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн бол унах унаагүй “явган” хөдөлгөөн, өөрөөр хэлбэл хоёр хөлөөрөө газар хороож, заримдаа нийтийн тээврээр “цаг“ хожиж, “газар дээр”, “ард түмэн дундаа” эв хамтын ёсоор амьдарч, ажиглалт хийж, онол-сэтгэлгээний түвшинд амьдралын үнэний зарц болж ажилладаг Хөдөлгөөн юм.

            Ард түмэн хийгээд сонгогчид гудамжинд явгаар холхихдоо, эсвэл, унаа хүлээж буудалд зогсох зуураа, эсвэл автобус, “микро”-нд хөл дүүжлэн гэр орноо бараадах зуураа өөр хоорондоо юу хүүрнэлдэн жиг-жуг шивнэлдэнэ вэ? гэвэл, “Гадаадаас нууцаар, ямар сувгаар орж ирснийг нь илрүүлэх аргагүй “сүв”-ээр “Эх орон-Ардчилал” эвсэл 3 сая ам.доллар /доллар, төгрөгийн одоогийн ханшаар 3 тэрбум төгрөг/  2004 оны сонгуулийг өнөө “шалгарсан” технологиороо молигодоход нь зориулагдан орж иржээ. ”Эвсэл”-ийн нэр дэвшигч бүр өөрийнхөө тойрогт тус бүр 40 сая төгрөг банкаар шилжүүлж аваад гарчээ! Үгүй ер, муухай залины хөрөнгөнүүд ээ, хөөе! Монгол орон ч энэ 4 жилд худалдагдаж дуусах нь ээ! Бид ч, үр хүүхэд маань ч амьдралынхаа эцэст хаанах улсын ямар хийцтэй авсанд таглагддаг юм бол доо, бүү мэд!... гэж ярилцах нь олонтой дуулдана. Монгол түмний ам ч, зүүд ч, аймаар зөнтэй байдаг шүү! Сэрэмжлэгтүн!

            Бодь сэтгэл, эв хамт ёс - Ганцаарчилсан хөдөлгөөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАХН-ын ухамсартайгаар дэмжиж, 6 сарын 27-нд ухамсартайгаар сонголтоо хийж, МАХН-д саналаа өгсөн. МАХН-ын макро эдийн засгийн бодлого, зөв холч хараатай үйл ажиллагааны нь цар хүрээг дүгнээд, яруу найрагчийнхаа сэрэхүйгээр МАХН-ыг монголын улс төрийн тавцан дахь эртний удамт сайхан хүлэг морин – цагаан ажнайгаар төсөөлөн бодож байсан бөгөөд харин “Эх орон – Ардчилал” Эвсэлийн үйл ажиллагааг Монголын “Дөрөв дэх засаглал”-ын мэдээлэлүүдээс авсан ойлголтоороо дүгнээд, шавар шавхайд тийчлэн буй халтар гахайн дүрээр төслөн бодохоос өөр зүйлгүй байв. Гэтэл МАХН сонгуулийн эцэст “Эх орон – Ардчилал” эвсэлтэй “зөвшилцөл” зарлаж эхэллээ. Яаж байгаа нь энэ вэ, Та минь? Юу гэгч болж байна гэж ойлгох вэ?! Илт шудрага бус, бохир, башир үйлдлийн ичгүүргүй эзэдтэй “зөвшил”, “хэлцэл” тохиролцоно гэдэг чинь, логикоор, өнөө, урьд өмнө нь жигтэйхэн муулаад, өглөө үдэшгүй эсэргүүцэн тэмцээд байсан булайтайгаа, буруу зөрүүтэйгээ одоо эвлэрнэ./ Хэдийгээр, “ард түмний сонголтыг хүндлэх ёстой гэж тал талаасаа “саймширч” байгааг хүлцүүштэй ч, ард түмнээ “хүндлэнэ гэдэгийн утга агуулга нь ард түмний үг,үйлдлийн зөв, бурууг нягтлалгүй хар сохроор дагах учиртай догма бус, харин ард түмний үг, үйлдлийг шинжлэх ухаанчаар шинжилж, мөн чанар, үр дагаварыг нь ул үндэстэйгээр тайлбарлан таниулах, танин мэдүүлэх, алдаа мадагийг нь ойлгуулан засах үйл ажиллагаанд оршино. Ард түмэн ухаантай, мэргэн ч алдаа гаргадаг тохиол байнга давтагддагийн жишээ хүн төрлөгтний түүхэнд түм бумаараа бий!/, хүлээн зөвшөөрөхөд хүрч хүлцэнэ гэсэн үг шүү дээ! Цаашлаад, тийм бохир, буруу үйлдлийн намаг балчигтай нийгмийн сэтгэлзүйг эвлэрүүлнэ, түүнд дасгана, тэгээд хойшдоо нийгмийг тийм үл бүтэх гашуудлын ангал руу чирж оруулах хорын үрийг тарина гэсэн үг! Ингэж болох уу?! Эхнээсээ баримталж байсан үзэл, чиг хандлагынхаа эсрэг ийм хөлбөргөн үйл ажиллагаа явуулна гэдэг, бас, хэдхэн хоногийн өмнө “байдаг дуу хоолойгоороо” бульхай зальхайг нь илчилж эргэлзээ төрөхөөргүй тоо мэдээ, эд мөрийн баримтаар нь булайг нь дэлгэж байсан “зөрчилийн үүр” улс төрийн сөрөг этгээдтэйгээ өнөөдөр нам сэм “зөвшилцөн” албан тушаалын ашиг хонжоо хуваалцах үе шатандаа тулахаар “нүд ирмэлцэн” тэврэлдэнэ гэдэг өөрийнхөө сонгогчидоос, анхныхаа үгнээс, үйл ажиллагааныхаа луужин болгосон үнэнээс, хатуугаар хэлэхэд, урвалаа, зөөлнөөр хэлэхэд, нүүр бурууллаа гэсэн үг! Энэ бол, энүүхэн “өнгөлөн далдлалт”-ын цаад руу өнгийгөөд харчих сэхээтэн, малчин, тариаланчин, оюунтан, эгэл ард энэ Монгол оронд, “Ард” тодотголыг нь хэдэн жилийн өмнө монгол хэлний үгийн давхар, дам утга агуулгыг үл сэнхрэгч, харанхуйчуул, албан мугуйдлалаар “баллуурдсан” энэ Монгол улсад цөөнгүй амьд явааг сохроор огоорсон, балраар тохуу хийсэн хэрэг! Ингэснээрээ МАХН монголын улс төрийн удамт сайн “цагаан ажнай” бус, “Эвсэл” хэмээх / “Эх орон – Ардчилал” Эвсэл хэдийгээр 34 санал /урьдчилсан дүнгээр/  “авсан”, түүнийгээ хуулиар “баталгаажуулж”, амжсан ч эдгээр санал бол, чухамдаа, тэдний сонгогчид өөрсдийн чин хүсэл, ухамсараар өгсөн санал огт бус, амьдрал ахуй нь үнэнхүү ядуугийн уршигаар, “эвсэл”-ээс наашаа харж малийж, цаашаа харж ярвайн  байж  амалж буй 10 мянган төгрөгөнд “худалдсан” санал юм./ “халтар гахайн”-н ууж, туучиж буй шавхай шалбааганд хамтдаа орогнон тэлчлэгч “салтар гахай” болж хувирлаа.

            2004 оны ил, далд маапаантай сонгуулиар байгуулагдаж буй Монгол Улсын УИХ бол мөнөө “Халтар”,”Салтар” хоёр гахайс эрх мэдэл, эд мөнгөний ашиг хонжооны “хурьцал”-ынхаа “дур тавилт”-аар “үр тогтоосон”, арай ядан 4 жил амьдрах чадвартай /чадваргүй ч байх өндөр магадлалтай, шулуухан үнэнийг хэлэхэд, ард түмэнд минь ач буян болох чадварын илэрхий “хомсдол”-той нэг муу зэгэл торой юм. “Торой”-ноос өөр амьтан байж ч яаж чадах вэ, яагаад гэвэл, хоёр гахайнд шинжлэх ухааны ямар ч дэвшилтэт аргаар “зохиомол хээлтүүлэг” хийгээд, яаж ч нийлэгжүүлээд торой л төрөхөөс хэзээ ч унага төрөхгүй нь байгалийн хууль, цэвэр жам юм.

            Ард иргэд ээ, Яавал зөв бэ?

  1. XXI зууны дэлхийн түүхэнд Монголоос өөр аль ч оронд явагдахгүй байж мэдэх энэ “түүхэн бохир” сонгуулийг хүчингүй болгох эсэх талаар нийт ард түмний санал асуулга – реферондиум яаралтай зарлан явуулах
  2. Төрд үүссэн улс төрийн хурцадмал, ер бус, хямралт нөхцөл, төрийн “эзэнгүйдэл”-ийн хугацаанд төр засгийн эрхийг “Улсын Аюулгүй байдлын зөвлөл”-д түр шилжүүлэх
  3. Референдумаар өнгөрсөн сонгуулийг хүчингүй болгосон тохиолд улс төр, иргэнийг өндөр ухамсар хариуцлагатай жинхэнэ “шинэ сонголт” хийх “дахин сонгуул”-ийг шудрага зарчимаар, хуулийн чанд хатуу дэнстэйгээр, гадаадын ганц ч валютын оролцоо “шургалаагүй”, дотоодын ганц ч зоосны зардал, сурталчилаагүй, амралтын өдөр бус, ажлын өдөр маш шуурхай, ажил хэрэгчээр явуулах

Энэхүү саналыг ард түмэндээ яаравчлан өргөн мэдүүлж, Та юүндээн амгалан жаргалтай амьдрал ерөөж, эх орондоо эдийн засгийн түргэн өмөлт, хурдацтай хөгжлийг хичээн хүсэж мэдэгдэл минь олон даяар сааргүй түгээсэй билээ! хэмээх сэтгэл барин илгээв.

2004.07.29 - 2004.07.30

Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос