Гоо зүйн хүмүүжил
13 жил өмнө

Хүүхдэд гоо сайхан, гоо зүйн хүмүүжил олгож гэмээнэ саятан төлөвших учиртайг өмнө  дурьдсан. Хүүхэд гоо сайхны хүмүүжилтэй болохын тулд тэрхүү гоо сайхныг олж харж сурах ёстой. Харин үүнийг эцэг эх нь суулгаж өгдөг. Шинэ ном уншиж өгөх, шинэ хөгжим сонсгох, музей үзүүлэх, уран зураг үзүүлэх гэх мэтээр гоо зүйг төлөвшүүлнэ. Аажимдаа хүүхэд хорвоогоос гоо сайхан бүхнийг хүлээн авдаг болно. Нэгэнт гоо сайхныг хүлээн авч сурсан хүүхэд өөрийн ахуй амьдрал, ажил төрөл, аливаа асуудал аз ба бүтэлгүйтлийг яг л шүүлтүүр шиг гоо сайхны давхаргаар шүүн гаргаж сурдаг. Одоо та энэ хүүхдийн дотоод ертөнцөд санаа зовох хэрэггүй. Энэ хүүхэд гарцаагүй саятан болно. Та гоо сайхны үнэлэлт хэмжүүрийг өндөрт тавихын хэрээр танай хүүхэд хожим олон гай түйтгэрийг тойрон гарч хүмүүсийн төлөө төрсөн саятан болж чадна. Хэрэв та ердийн шоуг гоо сайхны хэмжээнд хүлээн авах юм бол хүүхэд мөн энэ хэмжүүрээр хэмжиж алсдаа хар саарал түмний нэг л болно. Гэтэл таны гоо сайхны хэмжүүр сонгодог урлаг байх аваас таны хүүхэд саятан болно.

Хүүхэд уран зураг, сонгодог бүтээлийг хараад шууд ойлгохгүй. Түүний оюун ухаан гүйцэд хөгжөөгүй байгаа. Тиймээс та эдгээрийг үзүүлэх үедээ бага зэрэг тайлбарлаж ярьж өгөх аваас үр дүнтэй болно.

Хүүхдийн дотоод гоо сайхны төлөвшилд амьд байгаль хэмжих аргагүй үүрэгтэй. Байгаль ямар ухаалаг, давтагдашгүй, төгс төгөлдөр зохицолтой вэ?  Хүн байгалийн зохицлоос жишээ авахын хэрээр амжилтанд хүрдэг. Голын эрэг, хээр тал, ой мод, нуурын мандал, уулын оргилд аваачаарай.

Хүүхэд хорвоогийн түмэн ургамал, шавьж ба амьтныг өөрийн нүдээр харна. Энэ хүүхэд хорвоогоор дүүрэн муухай шавьж байдгийн адил муу хог өвс шиг хүмүүс байдгийг ойлгож муухай шавьж ба хог өвсийг түүж устгаж барахгүйн адил эдгээр хүмүүстэй тэмцэх хэрэггүйг ойлгоно. Тэр хог ургамлын дундаас ганц ганган цэцэг тасалж, олон шавьжийн дундаас үзэсгэлэнт эрвээхэйг хардаг болж сурдаг. Амьд байгаль хүний гоо зүйн хөгжилд давтагдашгүй үүрэгтэй.

Өнгө үзэмжтэй, амт чанартай зүйл бүтээхэд хүнд дотоод гоо зүй маш чухал. Мэдээж амт сул, өнгө үзэмж муутай бол хэрэглэгч мөнгөө түүнд өгөхгүй. Олон хэрэглэгчийн мөнгийг өөртөө цуглуулж байж сая саятан болдог.

Хүний төлөвшсөн дотоод гоо зүй нь зөвхөн ажил хөдөлмөрт биш хань ижлээ сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Саятан хүний ар гэр гэдэг бол хамгийн дотны зөвлөгч, туслагч нь байдаг. Гэр бүл тогтворгүй, ажил хөдөлмөрийг нь ойлгодоггүй, хэрүүл уруултай бол хүн их мөнгө олох их ажлыг амжуулах боломжгүй болдог. Дотоод гоо зүйтэн хүн аливаа зүйлийн сайн талыг олж харж чаддаг болсон байдаг. Тиймээс хэрүүл уруулаа урьтал болгохгүй эв эеэ хичээж, хийж бүтээхээ эрхэм болгодог.

Дотоод гоо зүй нь хэр төлөвшхийн хэрээр хүн бусдын уур хүргэсэн үйлдэл бараг хийдэггүй. Үйлдэл бүү хэл муу үгээ ч амаараа давуулахаас эмээдэг болдог. Энэ нь хэрүүл маргаан, зодоон цохио, өнчрөл салалт гээд олон муу зүйлээс хүнийг холдуулахаас гадна хийж бүтээх цагтай байлгадаг сайн талтай.

Л.Нарантуяа "Хүүхэд- гэр бүл" номоос