“Боломжийн юм шиг цалинтай мөртлөө боломжгүй амьдраад байгаа байдлаа өөрчдөхөд минь туслаач?”
11 жил, 7 сар өмнө

Бид хувийн, бизнесийн, нийгмийн гээд олон янзын түвшинд байнга мэдэхгүй зүйлтэй тулгарч, тэр нь биднийг давж гарахад эргэлзээтэй төрөл бүрийн эрсдэл, эргэлзээ, айдас руу дагуулж байдаг. Ялангуяа Монголчууд бидэнд бурхан дааж давшгүй их хүнд ачааг үүрүүлсэн.  Үүний тулд бид маш их саад бэрхшээлийг туулдаг. Хичнээн хичээсэн ч амьдрал нэг л болж өгдөггүй, ийм үед надад яахыг минь хэлж өгдөг хэн нэгэн байдаг ч болоосой гэж чин сэтгэлээсээ бодох нь ч бий. 

 

 Чухам энэ л хүсэл, шаардлагын тань эрэлхийлэл болгож Амьдралын дасгалжуулагч зөвлөж байна булангаа бид танд зориулж нээгдсэн юм. Спортод дасгалжуулагчийн ачаар тамирчин амжилт гаргадаг шиг, хувь хүний амьдралдаа амжилт гаргахад дасгалжуулж танд өөрт байгаа боломжуудыг нээж өгч амжилттай амьдралтай золгуулах мэргэжлийн хүнийг Амьдралын дасгалжуулагч гэдэг. Лондонд энэ мэргэжлээр мэргэшсэн Амьдралын дасгалжуулагч ажиллаад амжилттай явж буй Б.Мөнгөнтуяа (Monica Batsukh) манай UPTOWN сэтгүүлтэй хамтран, уншигч Монгол Бүсгүй танд амжилтанд хүргэх их нэгэн сайхан аянд нэгдэж ажиллах боломжтой болж байгаад нь бид их баяртай байна. Түүний туйлын зорилго нь монголчуудаа ядуурлаас гаргах бөгөөд гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулахын төлөө ажилладаг нь гайхалтай санагддаг юм. Мэдээж хүн нэг бүрийн сайн сайхан амьдрал, амжилтаар улс эх орны ирээдүй тодорхойлогддог учраас тэрээр хувь хүний өөрийн зорилго, сонголт руу чиглэгдсэн захидлуудад сэтгүүлээр дамжуулан хариулт өгч байх болно. 

Магадгүй та, 

  • Өөртөө итгэх итгэл муутайгаас болж байгаа сайхан боломжыг ашиглаж чадахгүй шантарч байна уу?
  • Та гэр бүлийнхэнтэй учир зүйгээ олж чадахгүй, яаж харилцахаа мэдэхгүй байна уу?
  • Таны мөнгөний асуудлаас бол байнга муудалцдаг эсвэл та мөнгөнөөс болж өөрийгөө золиосолдог, атлаа яаж мөнгөтэй болох аргаа мэдэхгүй байна уу?
  • Та ажил дээрээ сэтгэл хангалуун бус, ажилдаа ахиц гаргаж чадахгүй, нэг л тогтвор суурьшилгүй байна уу?
  • Таны амьдрал хэтэрхий нэг хэвийн уйтгартай, амьдралаа яаж аз жаргалтай болгох талаар мэдэхгүй байна уу?
  • Та болон таны хайртай хүн эрүүл мэндээрээ хохирч байгаад санаа зовниж байна уу?
  • Та болдогсон бол хувийн бизнестэй болоод түүгээрээ амжилтанд хүрэхийг хүсдэг боловч яг яаж хаанаас эхлүүлэхээ, яаж цааш нь хөгжүүлэхээ мэдэхгүй шантарч байна уу?
  • Таныг эргэн тойронд байгаа хүмүүс чинь хүндэтгэхгүй, нийгмийн амьдрал таныг дарамт шахалтанд оруулаад байна уу? 

Тэгвэл манай энэ булан танд тусалж чадна. Таныг ямар ч салбарт ажилладаг бай өөрт хамаатай нийгэм, эдийн засгийн асуудал, өөрийн хүсэл зорилготой холбоотой асуудлаар Editor@uptown.mn хаягаар хувийн захидалаа бидэнд бичиж ирүүлээрэй. Танд амжилт хүсье. 


 “Боломжийн юм шиг цалинтай мөртлөө боломжгүй амьдраад байгаа байдлаа өөрчдөхөд минь туслаач?”

 

Editor@uptown.mn хаягаар маань ирсэн захидлууд дундаас энэ удаад гэр бүлийн сэдвээр хандсан захидлыг та бүхэндээ сонгон хүргэж байна. Бидний сонгосон энэ бүсгүйн захидалд эмэгтэйчүүдийн амьдралд түгээмэл тохиолддог гэр бүлээс гадуурх харилцааны талаар өгүүлжээ. Ийм асуудалтай олон бүсгүйчүүд байгаа. Манай бүсгүйтэй ижил төстэй бүсгүйчүүд байх аваас дор дороо нэгийг тунгаах биз ээ. 

 

Захидал:

Сайн байна уу? Та бүхэн үнэхээр хэрэгтэй асуудлаар хэлэлцэх гэж байгаа юм байна. Би ч гэсэн өөрийнхөө санхүүгийн байдлыг та бүхэнтэй хуваалцаж, мэргэжлийн хүний үгийг сонсохыг хүслээ.


 Би нөхөртэйгээ хамт амьдраад жил орчим болж байна. Бид хоёр хоёулаа хотод хувийн байгууллагад ажилладаг. Сарын орлого маань хоёр сая дөхдөг. Гэхдээ энэ нь Монголын нөхцөлд аль түвшинд хамаарахыг би мэдэхгүй. Өнгөрсөн хавар бид хоёрт хадмууд маань хашаа байшин авч өгсөн. Бид өрхийн төсвийн гол хэрэглээний хүнс болсон, үнэ нь тэнгэрт хадаад байгаа махаа худалдаж авдаггүй, малгүй ч гэсэн хөдөөнөөс аргалаад байдаг. Ийм нөхцөл байдалтай амьдарч байгаа гэхээр ихэнхи хүмүүс хангалуун биш ч ямар ч байсан боломжийн амьдрах боломжтой гэж харах байх. Гэхдээ бодит байдал дээр огт өөр. Нөхөр маань машин болон гэр ахуйн хэрэгслийн лизинг гээд сардаа 500-600 орчим мянган төгрөг банкинд тушаадаг. Заримдаа бид хоёр лизингээ цагтаа өгч чадахгүй, мөнгө олохын хооронд банкнаас байнга утасдаж, авсан зүйлийг чинь хураана гэж сүрдүүлнэ гээд л хэцүү. Үлдсэн мөнгө хаашаа ордог вэ гэвэл мэдээж сарын хэрэглээ гэж байгаа. Гэхдээ бид хоёр хүний урманд өөрсөддөө тэгж их юм аваад, хувцаслаад байж ч амждаггүй. Ер нь хараад байхад мөнгө зарж байгаа юм нь машины тордолгоо, сэлбэг, бензин, бас гэр орноо тохижуулах гэсэн аар саар зүйлс, хөдөө гадаа явах зардал энэ тэр гээд үрэгдээд байх шиг байгаа юм. Нөхөр маань анх ер нь үрэлгэн талдаа байсан. Хоёулаа болсноос хойш хэмнэлт хийдэг болсон ч яах аргагүй мөнгөгүй болоод ирэхээр бага сага зээл тавьчих юм. Тэгээд л цалин буухад бас өр дарах ажилтай. Лизингээс бол үнэхээр хашраад байгаа бид хоёр. Хуримтлал үүсгэе гэж боддог ч яагаад ч болдоггүй тэгээд л мөнгө алга болдог. Мөнгөө бид буруу зүйлд зарцуулаад байна гэж хэлэхэд бас хэцүү.

 

Мэдээж хүн л болсон хойно, өөрсдийн гэсэн байр юм уу хаустай болох хүсэл байна. Гэхдээ цалин хараад өр лизинг дараад бүтэхгүй ч юм шиг. Нэг нь цалин харлаа гэхэд нэг нь ядаж бизнес хийгээд илүү мөнгө олох боломжтой юм хийвэл зүгээр санагдах юм. Гэхдээ юу хийх вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Нөхрөө хүн амьтантай уулз, боломж юу байна хар гээд хэлдэг ч бас яг цагаа тулахаар би өөрөө ч яахаа мэддэггүй. Тэгээд юу хийх вэ, яах уу гээд нэг санаа оллоо ч бид хоёрт тусалж дэмжээд зээл олгоод байх газар, хамаатан садан байхгүй.


Би нэг студид ажилладаг, дуу оруулалт, текст бичих гээд олон зүйл хийдэг дээ. Яваандаа чөлөөт уран бүтээлч болохыг хүсдэг. Бас Монголдоо шинэ шинэлэг зүйл оруулж ирж хийхийг хүсдэг. Нөхөр маань холбооны инженер, мэргэжлээрээ ажилладаг. Давуу тал гэвэл техник сэтгэлгээ маш сайтай, гэхдээ тийм ч нээлттэй биш, даруу талын хүн л дээ. Энэ нь бас юм сэдээд хийгээд явахад жаахан саад болоод байдаг ч юм шиг. Бидний нөхцөл байдал ийм л байна. Нэг бол Монголд огт байхгүй шинэлэг зүйл хийвэл амжилт, ашиг олох ч юм шиг. Ийм санаа оноо байвал бидэнд хэлж өгөөч. Иймэрхүү санхүүтэй хүмүүс хуримтлал яаж үүсгэх вэ, цаашдаа яасан нь дээр вэ? Энэ хэвээрээ амьдраад байх үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна.

 

Сайн байна уу, эрхэм уншигч З! 

 

Юуны өмнө танд чин сэтгэлийн асуудлаа дэлгэн бидэнд хандсанд баярлалаа! Бид таны захидлаар дамжуулж танд болоод тантай төстэй асуудал бэрхшээлийг нүүрлээд буй олон Монгол эмэгтэйчүүддээ хүрэхийг хичээлээ. Захидлын хариултыг уншиж үзээд, танд хэр зэрэг тус нэмэр болж байгаа тухайгаа бидэнд сэтгэгдэлээ бичвэл бид дуртай байх болно. 

 

Таны захидалаас үзвэл танд маш олон боломжууд байна. Өнөөдрийн байж байгаа санхүүгийн байдалд тань нөлөөлсөн хэд хэдэн хуучин бодлогогүй алхамууд ч байгаа нь ойлгомжтой. Хүмүүн бид санхүүгийн ийм байдалд санамсаргүй унаагүй, өөрсдийн гараар бүтээдэг. Магадгүй бид өөрсдийнхөө ур чадвар, нөөц бололцоонд бүрэн итгэж ашиглаагүй учраас бас харахад л болоод байгаа мэт боловч ирээдүйгээ харахаар харанхуй ертөнцийг бүтээж байж болох юм. 

 

Таны захидалаас уншвал доорхи хэд хэдэн чиглэлийн бэрхшээлүүдээс үүдэн өнөөдрийн тань нөхцөл байдал үүдсэн гэж ойлгогдлоо.

 

 Нэг. Санхүүгийн урьдчилсан төлөвлөгөө. Гэр бүлийнхээ хувьд та 2т санхүүгийн бүрэн төлөвлөгөө дутагдаж байгаа юм болов уу гэсэн ойлголт харагдлаа. Ихэнх хүмүүс, залуу гэр бүлүүд бүрэн төлөвлөлгүйгээр таарсан зүйлдээ, тухайн үед нь сэтгэлийн түр зуурийн таашаал эсвэл ямар нэгэн гадны нөлөөллөөр шийдэл гаргадаг. Танай гэр бүлийн сарын орлогын 25-30% хэрэглээний зээлд явж байгаа гэж та хэллээ. Энэ бол маш өндөр тоо. Ухаалаг гэр бүлүүд ийм хэмжээний мөнгөөр орон сууцныхаа байрны түрээс, байрны зээлийг дарахад ашигладаг. 

 

Хоёр. Зээлийн хавх. Зээлийг муу өр, сайн өр гэж 2 ангилдаг. Муу өр гэдэг нь худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэлгээ нь өсдөггүй, цагийн элэгдэлд орж үнэлгээ нь буурдаг зүйлсийг хэлдэг. Сонгодог жишээ нь гэвэл, таны дурьдсан машин, гэрийн тавилга хэрэгсэл гэх мэт хэрэглээний зээл болж байна. Эдгээр эд зүйлийг худалдаж авлаа гэхэд та хүүтэй зээл төлж байгаа, тэр нь таны худалдаж авсан бүтээгдэхүүн зах зээлийн үнээсээ өндөр үнийг та зээлийнхээ хүүгээр дамжуулж төлж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид ийм хэрэглээний зүйлсийг зээл тавьж худалдан авахыг цээрлэдэг. Учир нь энэ бол таны ирээдүйд маш сөрөг үр дагаварууд авчирдаг. Хэрэглээний эд зүйл материалыг худалдаж авахдаа хэзээ ч хүүтэй зээлийн мөнгөөр бүү худалдаж аваарай гэж хувийн зүгээс зөвлөх байна. 

 

Гурав. Түр зуурийн таашаал ба ирээдүйн эрх чөлөө. Хадгаламжаар хуримтлагдаад бэлэн мөнгөөрөө худалдан авах нь магадгүй хамаагүй ухаалаг шийдвэр байж ч болох юм. Ийм шийдвэрийг гаргалаа гэхэд танай нөхөрт дуртай машинаасаа хагацаад бодвол нэр хүнд унана гэх мэтийн эрсдэлтэй, бас тав тух алдагдахаас авахуулаад их харамсалтай байх л даа. Гэсэн ч ирээдүйгээ хараад зөв тооцоолоод та хоёр ухаалгаар ярилцаад үзвэл, одоогийн богино хугацааны тааламжаас ирээдүйн санхүүгийн эрх чөлөө ч бүтээж эхлэх боломж бий. 

 

Дөрөв. Хөрөнгө оруулалт ба зээл. Сайн өр гэдэг нь таны зээлийн мөнгөөр худалдаж авсан бараа бүтээгдэхүүн цаг хугацааны туршид үнэ нь өсөөд танд тодорхой орлого ашиг авчрахыг хэлдэг. Шилдэг хөрөнгө оруулагчид зөвхөн ийм зүйлд л зээл авдаг. Тэд зээлийн хүүг авч байгаа бүтээгдэхүүний гарах ашгийг бүрэн тооцоолж үзэж байж шийдэл гаргадаг. Үүний сонгодог жишээ нь, орон сууц, байр, бизнесийн зээл байдаг. Хэрэв та өөрийнхөө машиныг ямар нэгэн мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаад, түүгээрээ дамжуулж сар болгон гаргасан зардалаасаа өндөр орлогыг оруулж ирдэг бол өөр хэрэг. 

 

Тав. Орлого ба зардал. Таны хэлсэнээр бол машины бензин, сэлбэг хэрэгсэл гэх мэтийн бусад дагавар зардалуудыг байнга гаргадаг гэж байна, тэгэхээр та зөвхөн машинаараа дамжуулаад олж байгаа мөнгөн орлого ашигийг, гаргаж байгаа зардалтай нь нийлүүлээд тооцоолоод үзэхэд ч илүүдэхгүй байх. Магадгүй чанар муутай хямд машин болохоор зардал нь өндөр байдаг ч байж болно. Хэрэв үнэхээр тийм бол дээр гуравдугаар зүйлд дурьдсан шиг бодож үзээд, яах эсэх шийдэлээ гаргаж болох юм. 

 

Зургаа. Санхүүгийн эрх чөлөө. Сүүлийн үед хүмүүс энэ талаар маш их ярих болж. Мэдээж энэ нь таны орлогоосоо илүү ихийг олох, мөнгөнд хавчигдахгүйгээр сэтгэл хангалуун амьдрах тухай л ярьж байгаа. Олж байгаа мөнгөө зөв зарцуулаад хуримтлуулж сурна гэдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн эхний үе шат. Олдог орлогоо өсгөнө гэдэг бас томоохон үе шат. Та хоёр энэ талаар бодоогүй биш бодож л байгаа. Бизнесийн эх үүсвэрүүдийг л бид энд ярилцаж байна. Ялангуяа таны хэлсэн чөлөөт уран бүтээлч болох санаа ч энэ чиглэлд маш том боломжуудыг нээж болох юм. Заавал цаг хугацаа өнгөрөхийг хүлээлгүйгээр одооноос энэ чиглэлээрээ судалгаа хийгээд өөрийгөө зах зээл дээр гаргаж эхлэхэд ч болохгүй юм байхгүй байх. Нөхрийн чинь хувьд ч ялгаагүй. Ямар ч хүнд өөрийгөө үнэлүүлээд чаддаг ажил мэргэжил дуртай юмаараа орлогоо нэмэгдүүлээд амжилтанд хүрэх бүрэн боломж байдаг. Гагцхүү өөрийгөө бүрэн дайчлах, өөрчлөх чин сэтгэл эрмэлзэлээр л амьдрал дээр хэрэгждэг. 

 

Эдгээр өгсөн хариулт танд гэр бүлдээ санхүүгийн өсөлт өгөхөд хэрэгцээтэй байсан байх гэж найдаж байна. Доор би танд зориулж тунгааж үзэхэд хэрэгтэй хэдэн асуултуудыг бичлээ. Эдгээр нь танд боломжуудыг олоход цаашилбал амьдралдаа нөлөөлөхүйц эерэг өөрчлөлт хийхэд нөлөөлөх болно. Нөхөртэйгөө ярилцахаас өмнө та өөрөө доорхи асуултуудад хариулах гээд үз. Тэгээд нөхрөө бэлэн үед нь эдгээр асуултууд дээр хамтран ажиллах гээд үзээрэй.

 

а. Танай гэр бүлийн санхүүгийн хэт зорилго юу вэ? Хэрэв та хоёр хангалттай мөнгөтэй болчихлоо гэж бодвол танай гэр бүлд юу юу өөрчлөгдөх вэ? Энэ өөрчлөлтүүд хэр чухал вэ? Эдгээр өөрчлөлтийг бий болгохын тулд болсон та хоёрын тус тусдаа хэр зэрэг зорилгоо ойлгож чадаж байна? 

 

б. Таны мөрөөдөл юу вэ? Танай нөхрийн мөрөөдөл юу вэ? Хамтын мөрөөдөл юу вэ?

Та 2ын гэр бүлийн амьдрал 10 жилийн дараа, 20 жилийн дараа эсвэл 30, 40 жилийн дараа ямар байх вэ?

 

в. Та нөхөртөө хайртай юу? Нөхөр чинь танд хайртай юу? Хайртай атлаа мөнгөн дээр гаргадаг ямар зүйлд нь дурамжхан байгаад байна? Та нөхрийнхөө мөнгөнд ханддаг хандлагыг нь ойлгодог уу? Нөхөр чинь таныг бас ойлгодог уу? 

Та нөхөртөө өөрийгөө ойлгуулж чаддаг уу? Нөхөр чинь таныг ойлгож чаддаг уу? 

 

г. Та өөрийгөө чөлөөт уран бүтээлч болоод ажиллалаа гээд төсөөл. Тэгвэл та хэдий хэмжээний орлогыг олох боломж байна? Энийг бүтэн бий болгохын тулд өнөөдрөөс эхлээд анхаарал тавьж ажиллаж болох зүйлс чинь юу байна? Таны тооцоогоор та хэзээ чөлөөт уран бүтээлээрээ орлого олдог болохоор зорилго тавьж байна? Энэ зорилгоо биелүүлэхийн тулд та юу хийж болж байна. 

 

д. Танай нөхөрийн хувьд орлогоо нэмэгдэж болох боломжууд өнөөдөр нэн тэргүүнд юу юу харагдаж байна? Нөхрийг тань орлогоо нэмэгдүүлэхэд саад болж буй зүйлс юу байна?

 

е. Танай гэр бүлийн санхүүгийн төлөвлөгөө, ирээдүйд үр хүүхдүүдийнхээ амьдрал тусын тулд, аав ээжийгээ асарч халамжлахын тулд яаж хэдий хэмжээний орлого ашиг бүтээх хэрэгтэй гэж харагдаж байна? 

 

Миний дээрх асуусан асуултууд дор бүрнээ таны бодож амжаагүй хариулахад магадгүй төвөгтэй, ээдрээтэй зүйлсийг дэлгэн таны оюун санааг тэлэх боломжийг олгох болно. Хэрэв танд дээрх зөвлөмж хангалтгүй бол Бэрхшээл ба Боломж номыг уншаад үзээрэй. Санхүүгийн чиглэлд хэрэгжүүлж болох олон янзын зөвлөмжүүдийг багтаасанаас гадна миний өөрийн туршлагаас хэрхэн орлогоо нэмэгдүүлсэн түүхийг ч унших боломжтой. 

 

Би таныг хүссэн амьдралаа бүтээхийн тулд өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчилж ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Хэрэв танд энэ бүхнийг зохицуулахад өөртөө итгэх итгэл, бусад төрлийн асуудал бэрхшээл тулгарч байвал бидэнд хандаж тусламж эрэхээ бүү мартаарай. Итгэсэн хүнд боломжгүй зүйл байдаггүй гэдэгт би итгэдэг. Энэ итгэл намайг хүний санаанд ормооргүй гайхалтай амьдралыг бодит болгоход тусалсантай адилхан таныг ч бас хүссэн сайхан дулаан уур амьсгалтай гэр бүлийн амьдралаа бүтээхэд ч тусална гэдэгт итгэж байна. Хэрэв танд орлогоо өсгөхөд, ялангуяа бизнесийн чиглэлийн нэмэлт зөвлөмж, дасгалжуулалт хэрэгтэй бол надтай чөлөөтэй холбогдоорой. Таны бодож буй санааг амьдрал дээр хэрэгжүүлэх олон янзын аргуудыг бид хамтдаа нээх болно. 

 

Хэрэв танд дээрхтэй ижил төстэй асуудал бэрхшээл тулгарч байсан болоод энэхүү булан танд шинийг бодогдуулж, амьдралд тань урам зориг эрч нэмэгдүүлсэн бол бидэнтэй өөрийн санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Бид дуртайяа танын захидалыг уншиж, таны сурсан мэдсэн чадварыг уншигчидтайгаа хуваалцах болно. Магадгүй бид таны захидалыг сонгож дараагийн дугаартаа хэвлэх ч боломж бий. 

 

Манай дараагийн дугаар өнөөгийн нийгэмд тулгарч байгаа, хамаг юмны зангилаа, зовлон бэрхшээлийн эх үүсвэр болсон мөнгөний эргэн тойронд болдог асуудлыг хэлэлцэх болно. 

 

  • Та өөртөө итгэх итгэлгүйгээсээ болж сайхан боломжуудыг алддаг уу?
  • Таны амьдрал ямар нэгэн гал дөл мөрөөдлөөр дутагдаад, сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа юу?
  • Та ажилгүй учраас өөртөө итгэлгүй, хүнд дээрэлхүүлж байна уу?
  • Та өөртөө итгэлгүйгээсээ болоод гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцол үүсч, муудалцдаг уу?
  • Та өөртөө итгэлтэй л болчихвол болчихмоор атал яаж гэдгээ мэдэхгүй байна уу? 
  • Та ажил дээрээ үнэлэгдэж чадахгүй байна уу? 
  • Та хүмүүсийн хэлэх үгэнд автаад өөрийн хүсэл мөрөөдөлдөө, санасандаа хүрч чадахгүй эргэлзэж байна уу? 
  • Та зорилготой тэмүүлэлтэй амьдрахийг хүсч байна уу? 

 

Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь Тийм гэж хариулж байвал, бидэнд захидалаар бичиж Editor@uptown.mn хаягаар илгээхээ бүү мартаарай. Бид таны нэрийг нууцлах бөгөөд таны асуудалд дээрхийн адил амьдралын дасгалжуулагчийн чин сэтгэлийн зөвлөгөөгөөр гарах боломж олж харахад туслах болно.