“БАЙХГҮЙ” МЭТИЙН “БАЙГАА” ҮНДЭС /Амьдралын философи эрэгцүүлэл/ I. Бодлын буруугаас амьдралын буруу…
Амьдралын утга, зорилгыг ойлгох чадвар орчин үеийн хүмүүс бидэнд эхлэхдээ л эхнээсээ дандаа буруу мэт бодлоос эхэлж, тэгээд, хүн амьдралыг дандаа буруугаар ойлгож эхэлдэг нь хүний эмгэнэлт үнэн юм.
Хүмүүс хоёр том алдаатай бодолд хорлогддог. Нэгдүгээрх нь, -хүн өөрийгөө газар дээр нэг л амьдрахаас хоёр амьдрахгүй, газар дор нэг л орохоос хоёр орохгүй /өөрөөр хэлбэл, нэг л үхэхээс хоёр үхэхгүй!/ гэж боддог эндүү бодол! Энэ бодлын алдааг чухамдаа алдаа гэхэд ч зөөлдөнө. Шулуухан, хүний амьдралыг эмгэнэлд хүргэж буй гамшигийн эх сурвалж гэж нэрлэвэл зохино. Учир нь, үнэний урвуу бодол, хүнд андуу ташаа ойлголттой итгэл үнэмшил төрүүлж, буруу үйлд хатгаж, хүн төрөлхтнийг өнөөгийн газар дэлхийн донсолгоон, нийгмийн хөгжлийн энтропи, ахуу амьдралын зовлон, бэрхшээл рүү авчирчээ. “Хүн нэг л амьдардаг, нэг л үхдэг!” гэдэг алдаатай бодол, ойлголт хөөрхий хүн төрөлхтнийг амьдралынхаа бодит цаг хугацааг ихэнхидээ буруу үйл ажиллагаанд буюу материаллаг эд баялагийн хэрэглээг бие махбодынхоо хэвийн, зөв хэрэгцээнээс хэт давуу хэмжээгээр хангах үйлдвэрлэл, техник-технологийн улангасангуй өрсөлдөөн, өмч хөрөнгийн хуримтлалын утгагүй тэмцэлд зарцуулсаар барахад хүргэж, эцэст нь, өнөөгийн дэлхий даяарын байгал-экологийн сүйрэл, нийгмийн харилцааны суурь болсон эдийн засаг-улс төрийн хурцадмал хямрал, улс үндэстэн хоорондын антигонист зөрчил, ард олны аж амьдралын ядуурал, доройтолын нөхцөл рүү гарах гарцгүй шахам хэмжээнд гулдарчээ.
“Зууны мэдээ” сонинд товч мэдээлснээр, “НҮБ”-ийн “экологийн судалгаа”-нд оролцсон дэлхийн 1400 эрдэмтэд дэлхийн нөөц баялагийг сүүлийн 20 жилд ашигласан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрч, хурдад сэтгэл түгшин, “Энэ үйл явц хүн төрөлхтнийг мөхлийн ирмэг рүү түлхлээ!” гэж дүгнэжээ. Тэгээд хүн төрөлхтний мөхлийн эсрэг эрс шийдвэртэй тэмцэх алхам хийхийг дэлхийн улс орнууд, засгийн газруудад уриалжээ.Сүүлийн 20 жилд дэлхийн хүн ам 34 хувиар өссөн бол жил бүр 73 мян.м.кв ой мод устаж, дэлхийн 10 голын нэг нь ширгэн хатаж, газар уснаа нутаглагч хос нутагтаны 30 хувь, сүүн тэжээлтний 23 хувь, шувуудын 12 хувь нь сөнөх аюулд гарцаагүй нэрвэгджээ. Өнөөдөр дэлхийд жил бүр 14 сая хүүхэд өлсгөлөнгөөр үхэж, 3 сая хүн эмчлэгдэхгүй өвчний гайгаар амьдралаас хагацаж байна. Дорно дахины зөнч вивангарьдчидын айлдаж үлдээсэн “Цөвийн цаг”, “Галав юүлэлт”, “Шамбалын дайн” зэрэг эш бошигийн үнэнээс, эсвэл, Христос Тэнгэрийн “Ариун Библи” сударт дурьдагддаг “Сүүлчийн өдрүүд” буюу “Дэлхийн төгсгөл”-өөс дэлхийн эрдэмтэд, шинжээчид, шашин-гүн ухааны сэтгэгчид, оюун сэтгэлийн гэгээрэлд хүрсэн өндөр соёлт хүмүүс айж, нийгэм олноо сэрэмжлүүлж эхэлсэн нь орчин үеийн дэлхийн соёл-иргэншлийн шинэ шинж төрх болов.
Энэ айдас болгоомжлолыг төрүүлж буй бодит шалтгаануудыг хураангулбал:
-Амьдралын утга, зорилгын тухай хүн төрөлхтний буруу ойлголт, буруу үйл ажиллагааны уршгаар эргэлт буцалтгүй идэвхижиж буй байгал-экологийн сүйрэл./Жилээс жилд олширч эрч хүчээ улам бүр нэмж буй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн хар шуурга, цунами, гал түймэр, зуд, үер усны догшрол/;
-“Даяаршил” нэртэй эдийн засгийн “хүйтэн дайн”;
-“Амьдрах орон зай”, байгалийн нөөц баялагийн /үйлдвэрлэлийн түүхий эд/ төлөөх геополитик, улс төр, үзэл баримтлалын “халуун цөм”-ийн болон вакуум зэвсгийн дайн;
-Нийгмийн харилцааны буруу хөгжлийн үр дагавар /бодит үзүүлэлт/-жилээс жилд гамшигийн шинж чанартайгаар хавтгайрч буй ядуурал, гуйланчлал, үл оношлогдох болон үл эмчлэгдэх өвчин эмгэг/хорт хавдар, тахал, ДОХ/;
-Хүний мөс чанарын “сүйрэл”, ёс суртахууны уналт, хүний зэрлэгшил, хүчирхийлэл;
Хураангулсан баримт, үнэнээс эрүүл саруул ухаантай хүн бүр айх, барайх нь аргагүй. Гэвч өнөөдөр хүн төрөлхтөнд гол хэрэгтэй юм, цөхрөл бус амьдрал ахуйнхаа хэвшил, загварын бурууг засах ухаарал, гэгээрэл юм. Өнөөдөр хүн төрөлхтөн амьдралын жинхэнэ хугацаа, мөн чанар, далд үнэнийг нарийн нээгээгүй, нийгмийн үнэмлэхүй зөв хөгжлийн үндэс суурийг олж таньж чадаагүй төөрөлдсөөр явна. Хүмүүсийн харилцаа улам бүр шудрага бус, хүнлэг бус, хүйтэн цэвдэг болж, улам бүр мөлжлөг, заль мэх, хээл хахууль, авлига, хүчирхийлэл, антигоний дайсагнал, аллага хядлагаар тодорхойлогдох шинж чанар агуулж, нийгмийн хөгжил далд дам явцаараа улам бүр энропийн утга руугаа чиглэн тэмүүлэх хандлагатай боллоо.
Хүн төрөлхтөн асар буруу амьдарч байна!
“Үхэл магад, амьдрал магад бус!” гэсэн айхтар үг бий нь үнэн. Энэ үгс эртний их богдосын ном сударт бичиглээтэй үлдсэн үгс! Гэвч энэ алдарт үгс хүний амьдралын багахан хугацааг, хүн “сансарын хүрд”-энд төрөл тасралгүй орчин эргэлддэг нөр хугацаанаас зөвхөн газар дэлхий дээр хүн төрхөөр саатан амьдрах хэсэгхэн, маш охорхон хугацааг тасдан авч хэлсэн үгс мэт бодогдоно. Үгийн илд дарагдсан утгын далдыг хуулах, наана илийн цаанаа нүүснийг онгилох арвил, гэгээрлийн “түлхүүр”-ээс хүний нүд ч, гар ч харамсалтайяа зөрсөөр олон мянганыг үдсэн юм шиг байна. Одоо хэдэн мянганыг үдэхийг Бурхан тэвчих эсэхийг үл мэднэ…
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос