“Байгаа”-гийн “Байхгүй” мэт рүү тэмтчихүй…
13 жил, 1 сар өмнө

Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан эгэл бөөмс, долгион хоёроос бүрдэж буй одот ертөнцийн бүхэллэг нэгдлийн бүтэц, интеграл зүй тогтлын талаар нэгдмэл ойлголтонд хүрчээ. Орчлон ертөнцийг инагуухи бүтэцдээ матери, эрчим /энерги/ мэдээлэл гэсэн гурван “юм” хийгээд “юм биш”-ээс бүрдэн, нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх төлөвөөр хувьсал, хөдөлгөөнд оршин тогтнож буйг олж тогтоосны дээр бодит ертөнцийн эсрэгцээ хийбод ертөнц буюу “эсрэг матери”-аас үүсэх “эсрэг ертөнц” оршдогийг ч хүлээн зөвшөөрчээ.

            Матери, Эрчим, Мэдээлэл хэмээх гурвал бүтэц нь орчлон ертөнцийн дан бүтэц буюу зөвхөн “энтээ”, “наад” тал нь, өөрөөр хэлбэл, бүхэллэг, супер нэгдлийн нь зөвхөн тал хагас нь юм. В.Рентген өөрийнхөө эрдэм шинжилгээний туршилтын үг дүнд лабораторийн нь хананд зурс зурсхан сүүтэгнэн эхэлсэн цацраг идэвхит туяанд итгэж байсан дэлхийн Квант физикийн эрдэмтэд ч хүртэл итгэж ядмаар хачирхалтай нэг үзэгдлийг АНУ-ын эрдэмтэд,–Итали гаралтай Эмелио Сегре, Сан-Франциско хотын харъяат Оуэн Чемберлен хоёр нээж 1959 онд Нобелийн физикийн салбарын шагналыг хүртжээ. Нээлт нь бодисын атомын цөмд оршигч бичилинцэр /частица/ -иротоны эсрэгцээ “сөрөг протон” байдагийг нотолжээ.Шинэ онолоор материйн эсрэгцээ “сөрөг матери”-аас бүрдэх “өөр ертөнц” буюу “сөрөг ертөнц” оршин байх ёстой боллоо.

            Орчлон ертөнцийг бүхэллэг, супер нэгдэлийн нь хэмжээнд “Ертөнц” ба эсрэгцээ нь зэрэгцэн орших “Сөрөг ертөнц” гэсэн нийлмэл бүтэцтэйгээр буюу матери, эрчим, мэдээлэлийн гурвал бүтэц /дан, инаагуух бүтэц/-тэй  “энтээ” бодот ертөнц, халз нөгөө талд нь зэрэгцэх “Сөрөг матери”, “Сөрөг эрчим”, “Сөрөг мэдээлэл”-ийн “Сөрөг гурвал” бүтэц /давхар чинагуух бүтэц/-тэй  “тэнтээ” хийбод ертөнц гэсэн “хосмол гурвал” синкрет нэгдэлд бүхэлчлэн олйгож хандах шаардлагатай болов. Ингэхгүйгээр бид одоо орчлон ертөнцийн гадаад дотоод ахуу, үзэгдлийн тухайд төдийгүй хүн төрлөхтөний ахуу амьдралын тухайд ч хагас дутуу ойлголттой, андуу буруу үзэл баримтлалтай цаашаа явах нь! Энэ бол хүн төрлөхтөн бид өөрсдийнхөө амьдрал, ирээдүйн үнэнийг хагас дутуу ойлгож, “тал” үнэнтэй амьдарна гэсэн үг. Бүтэн үнэнтэй бус, тал үнэнтэй амьдрах нь хүн төрлөхтөний амьдралыг худал хуурмагаар, алдаа мадаг, гажуудал, зөрчилөөр зэрэмдэглэх нь гарцаагүй юм. Бид орчлон ертөнцийн бүхэллэг, супернэгдэлийн  нарийн нийлмэл зүй тогтол, ил далд үйл явцын орчилтой амьд амьтадын, түүн дотроо ухаант хүний амьдрал хэрхэн уялдан зохицох үндэс, нөхцөлийг ул суурьтай ойлгох, үйл ажиллагаагаа  хатуу чанд, зөв, эерэгээр шүтэн барилдуулах нь хүн төрлөхтөний түүхийн гол шаардлаг, магадгүй, хүн төрлөхтөн ирээдүйд оршин амьдрах цаг хугацааны хамгийн чухал асуудал болж хувирах байх.Түүхээр тулгагдаж буй энэ шинэ асуудлыг оновчтой шийдэх, тулгарч буй шаардлаганд нийцүүлэн амьдралынхаа үйл явцыг өөрчлөх нь өнөөгийн хүн төрлөхтөний ухамсарлавал зохих, бас, зайлшгүй хэрэгжүүлбэл зохих эрхэм зорилго болов. Үүнд маань нэн түрүүнээ туслах юм гэвэл, хүн төрлөхтөний эртний уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухааны нээн илрүүлсэн зарим “нууцлаг үзэгдэл”-үүдийн үнэнийг амьдралынхаа бодот үнэний хэмжээнд хүлээн зөвшөөрч хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон хүнс хоол, хувцас хунар, орон байртайгаа адилтган ойлгох, тэгээд, тэр нууцлаг үзэгдэл, юмсаас бидэнтэй харилцах харилцааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангахад үйл ажиллагааныхаа зонхилох хувийг зарцуулах явдал юм. Ингэж чадах эсэхээс хүн төрлөхтөний ирээдүй хамаарч хувь заяа маань хэтдээ хаашаа эргэх нь шийдвэрлэгдэнэ.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос