Өөртөө итгэ
Би өөртөө итгэлтэй нэгэн. Тиймээс таныг ч бас өөртөө итгэ гэж уриалж байна. Танд энэ үг их хүндхэн сонсогдож, та Яаж? гэж асууж байж ч болох юм. Эсвэл та би өөртөө итгэдэг, өөртөө итгэлтэй байна гэж хэлж ч болох юм. Харин юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа бол эрхэм та дараах асуултанд хариулна уу?
Та аз жаргалтай байна уу?
Таны сэтгэл амар тайван байна уу?
Та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
Эдгээр асуултанд бүдрээгүй бол та өөртөө итгэлтэй нэгэн бөгөөд амжилтын замаараа алхаж яваа юм байна. Харин эдгээр асуултанд амар тайвнаар хариулж чадахгүй байгаа бол амжилтын замаар алхаагүй гэдгээ шударгаар хүлээн зөвшөөр. Ингэж чадвал та амжилтанд хүрэх болно. Өөрөөр хэлбэл эхлээд та өөртөө үнэнг хэлснээр шударгаар үнэнг зөвшөөрснөөр амжилтанд хүрэх болно. Жилийн өмнө надаас миний хамгийн сайн найз эдгээрийг асуусан юм. Би тэгэхэд нь би аз жаргалтай байна, би өөртөө итгэлтэй байна энэ ажлаа л хийж байхад л болно гэж хариулсан юм даг. Энэ үед улайхгүй худлаа ярьсан даа. Дотоод сэтгэл минь чи ийм амьдралыг хүсээгүй, чи илүү ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй гэсэн ч би худлаа ярьчихсан. Ингээд л нэг хэсэг өсөн дэвжие, илүү ихийг хийж бүтээе гэсэн хүслээ нуун дарж амьдарсан юм даг. Харин урагшлахгүй зогссон мөчүүдээс болж тэвчээрийн хязгаар нэгэн өглөө тасардаг юм байна лээ. Тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрснийг мэдэрч, ийм амьдралыг хүсэхгүй байна, шинээр эхлэе гэж өөртөө хэлж чадсандаа би одоо баяртай байдаг. Хуучин амьдралдаа баяртай гэж хэлээд бүгдийг шинээр эхлэхээр гүйн гарч билээ. Хэдийгээр дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг өмнөх амьдралын өдөр бүхэн нүдэнд үзэгдэж дурсамж бүхнээ үгүйлэн санагалзаж байсан ч тэдгээр өдрүүдийг би хэсэг, хэсгээр нь сэтгэлээсээ арчин байна... Энэ л өдрөөс хойш би өөрийнхөө цор ганц үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч, хэрхэн өөрийгөө илүү их таних вэ? Би чухам энэ дэлхийд юуг хийж бүтээж, үлдээх ёстой вэ? Эрүүл сайхан бие заяасан байхад энгийн нэгэн байж болно гэж үү? гэх мэт бодлуудаа сэргээн өөртэйгөө ойртож эхэлсэн юм. Хамгийн гол нэг зүйл нь би болохгүй зүйлийг болгохын төлөө хичээсэн, ингээд л тэвчээд амьдрая ийм л хувь тавилантай байж гэсэн утгагүй амьдралаа дуусгаж чадсанаар өөртөө итгэж эхэлсэн юм. Өөрийгөө хуурахаа болих энэ үеэс л би амжилтын замаар алхсан. Би өнөөдөр өөрийн хийж чадах бүхнээ, өөрийн хүссэн ажил бүхнээ хийж байна. Мөн би БУСДЫН ТӨЛӨӨ амьдралаа зориулахыг хүссэн өөрийн сэтгэлээ сонсож чадсан юм. Би ингэж л аз жаргалыг олж авсан. Одоо бол олон салаа замаас амжилтын замаа олсон учир үргэлжлүүлэн алхана. Гэхдээ хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэйг өнгөрсөн он жилүүдээсээ олж авсан билээ.
- Юу хийхийг хүсч байна гэдгээ олох
- Хийхийг хүссэн ажлаа эхлүүлэх
- Дэмжин түших хүмүүсийг амьдралдаа оруулах
- Зөвлөгөө, шүүмжийг бусдаас байнга авч байх
- Хэзээ ч үл шантрах
Ингээд үүнийг уншигч эрхэм та одоогийн амьдралаа эргэцүүлэн бодож сэтгэлээ сонссон гэдэгт итгэж байна. Мөн миний сэтгэлийн дотор юу байгааг надад харуулагч таны нүдээр би өөрийгөө оллоо. Баярлалаа намайг ширтсэн, цаашид ширтэх нүд бүхэнд...