Өөрийн тухай
13 жил, 3 сар өмнө


Одоогийн байдлаар буцаад оюутан болчихсон гүйж явна. Ялгаа нь гэвэл урд урдынхаас илүү хичээнгүйлэн суралцаж байхыг бодоход яагаад сураад байгаа, юуны тулд сураад байгаа вэ гэдгээ илүү сайн ухамсарладаг болсоных юм байлгүй.

 Би гэдэг хүн энд ирэхээс өмнө 2 жил орчим бизнесийн байгууллагад ажиллаад, тогоонд нь чанагдаад бага сага зүйлийг гадарладаг болсон. Цаашдаа ч бас сурах, мэдэх зүйл зөндөө. Энд ирэхээсээ өмнө олон улсын тээвэр зуучийн Туушин ХХК- д ажиллаж байв. Эргэн тойрноо ажиглаад байхад гадаадад төгсөж ирсэн, ямар нэг хэлийг сайн эзэмшсэн (ер нь бол заавал орчинд нь сураагүй ч гадаад хэлийг гарамгай эзэмшсэн хүмүүс зөндөө л бий л дээ. Хэдий тийм боловч гадаадад амьдарч, суралцана гэдэг бол хүний амьдралын бас нэгэн сонирхолтой туршлага. ) хүнд боломж арай илүү байгаад байсан юм. Тийм болохоор л наашаа ирэхээр тэр чигтээ зориг шулуудчихсан хэрэг.

Энд ирсэнээс хойш соёлын шокыг амжилттай даваад, одоо нэг дасдаг хэсэг дээрээ ирчихсэн яваа хүн. Харь гаригийн зочны нүдээр энэ орныг ажиглаад байхад бусадтайгаа хуваалцчихмаар, санаа бодлоо солилцоод, зарим нэг зүйлсийг нь эх орондоо нутагшуулчихмаар зүйлс толгойд зөндөө л орж ирдэг юм. Тийм болохоор би энд амьдарч байгаа жирийн л нэг оюутан хүний нүдээр харж буй Америк орны талаар бичихээр шийдсэн юм.

 Шударга л байя. Би тийм нийтлэл бичдэг гарамгай хүн биш ээ. Өөрөө хувийн блогтой, тэр блог дээрээ өөрийн үзэл бодол, мэдрэмж зэрэг хувийн чанартай зүйлүүдээ өөртөө зориулж нийтэлдэг хүн. Харин одоо миний бичсэнийг олон хүн унших учраас хэн хэндээ үр ашигтай байх зүйлсийг бичих хэрэгтэй болж байна. Хариуцлагатай байх ажил нэгээр нэмэгдэв. Олон сонирхолтой зүйлсийг та бүхэнтэйгээ хуваалцана гэдгээ амлаж байна.

 Дашрамд дурдахад “Яруу сэтгэгч” сонины хамт олонтой учирсандаа их олзуурхдаг юм. 3 жилийн өмнө анх сонин авахаар оффис дээр нь очоод, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байсан. Олон ч сайхан оюунлаг найз нартай болсон. Одоо харин бид бүгд буцаад онлайн оффистоо нэгдэж байна. Бидний өөртөө нэвтрэх хаалга дахин нээгдлээ.

 

Оюунлаг амьдарцгаая!