Өөрийгөө тордож яв
13 жил, 1 сар өмнө

Харилцаанд нөлөөлдөг бүхэн бидний өөрсдийн сэтгэлээс хамааралтай. Бодит үнэн ихэвчлэн бүтээлээр, үр дүнгээр үнэнд ойртож очдог. Харин ярьж байхад жинхэнэ чухал санаанууд гарч ирнэ. Хүн бол өөрөө Бурханы оршдог газар мөн.

Бид юухныг ч гэсэн Бурханы тааллын дагуу, байгалийн жамаар л хийж байдаг. Харин үүнийгээ өөрсдөө мэддэггүй. Мэдсэн нь энэ гээд биеэ нөөгөөд эхлэх бол хор хөнөөл болно. Зорьсондоо хүрэхийн тулд харин ч бүр улайран зүтгэж байх хэрэгтэй.

Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэж хараад, жил улирах тоолонд нэг нас нэмсээр ирснийг л эс тооцвол, түүний санаж бодсоноор бүтсэн юм огт байхгүйг гайхдаг. Санаанд ороогүй цаг үед, санаанд ороогүй ажил үйлс гарч ирээд огт санаанд ороогүй үр дүнд хүрээд л явсан байдаг юм. “Өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш”. Үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг орчин нөхцөлд өөрийнхөө мөн чанарыг өөрчлөхөд өдөр бүр төдийгүй хором бүрд бэлэн бай. Ийм уян хатан чанарыг эгэл жирийн өдрүүдэд ч биедээ шингээж авсаар байхгүй бол бид даруй мухардалд орох осолтой.

Би чөтгөр шуламын нүдэнд ч “дулаахан” харагддаг хүн байхыг хүсдэг. Хоосон санааны биш, бүрэн биет бүтээгдэхүүн, бүтээл болох бодитой зорилт тавиад түүн лүгээ алхам алхмаар гуйвалтгүй шуудхан дөхөөд бай. Хүний дийлэнх нь, үнэхээр их ухаантай л биш бол өөрийнхөө “би”-д хүлээстэй байдаг. Иймд өөрийгөө ямагт ажин шинжиж, бузар буртгаасаа салахыг хором бүрд хичээн тэмцэх нь нэн чухал. Бодохоосоо хийхийг эрхэмлэ. Юм хийж байхад ч олон сайхан санаа орж ирдэг дээ.  

Хүний аяг ааш хүүхдийнх шиг цэвэр ариун биш үүл бүрхсэн тэнгэр шиг бүрсгэр дүнсгэр байна гэдэг арга башир, маяг даягтай л холбоотой. Элдэв хуурамч дүр эсгэх, биеэ баримтгай байх хоёр бол хүний гадаад дотоод талын зөрчил юм. Хүн өөрийнхөө байгаа үнэн байдлаас дээгүүр сүрхий хүн болох гэж юмуу тухайн үед байгаагаасаа өөр хүн болж харагдах гэсээр их шаналдаг.

Хүн бүр байгаа байгаагаараа л байх ёстой. Нялх нь нялхаараа, дуугүй нь дуугүйгээрээ, өвчтэй нь өвчнийхөө мөрийг хөөгөөд, ухаантан нь ухаантайнхаа төрхөөр л байх нь үзэмжтэй харагдана. Хүн бүр өөрийнхөө хамгийн дуртай хамгийн сайн чаддаг юмыг л хийж бай. Бусдын шүүмжлэлийг буруутган гомдож, тунирхах дуртай зангаас л болгоомжил. Хүн шүүмжилж орхих вий! Гэж цаг үргэлж айж бэмбэгнэж явснаас өөрийгөө ажин шинжиж засч залруулж явах нь л өлзийтэй.

Энэ дэлхийн хүмүүс бие биедээ сайн сайхныг бэлгэдэж тэсвэртэй хүлцэнгүй хандаж байгаасай гэж хүсдэг. Тэгэх тусмаа л хүн өөрийгөө хатуу чанд шинжиж, хянаж явах боломжтой болдог. Бид гэр бүлийн амьдралд ч тэр нийгмийн амьдралд ч тэр юм юман дээр л өөрийнхөө хар амийг хичээсэн, өчүүхэн сэтгэлтэй амьтан болохыг мэдэх болно.

Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй. Ядуу хүмүүст болохоор ярвалзаж дээрэлхээд байх ч явдалгүй. Хэний ч өмнө бид аль болох энгийн эгэл сайхан, хэрэггүй маяг даяг гаргахгүй л байх эрхэм сайхан.

Ямар нэгэн чухал юмны хамгийн далд нарийн нууцыг нээж чадсан хүн сагсуурч бардамнан түүгээрээ гайхуулах гэж байдаггүй. Гайхамшигт бүтээлийн эзэн нь “тэгнэ чинээ огт санаанд ороогүй хүн” байх нь тун цөөнгүй. Харин асман, саармаг мэдлэг чадвартнууд болохоор үргэлж сайрхан бардамнаж, тэр чанараараа ч өөрийгөө бодит ажил хэргээс хол хөндий хүн гэдгийг алхам бүрдээ харуулж явдаг юм.

Ямар нэгэн зүйлийн жинхэнэ нууцыг тайлах гэж улайран зүтгэж яваа хүн бол эхлээд найрсаг зантай, гэтэл нөгөө талаас нь харахаар өөртөө нэлээд найдангуй, орчлонгийн алив хүлээснээс мултарчихсан хүн шиг байдаг. Хөлийн хөнгөнөөр ийш тийшээ харайлгаж явдаг хүн ч дээ, адаглаад л хүрэлцээтэй хат хараахан суугаагүй байдаг юм. Анх харахад тэнэгдүүхэн ч юм уу даа гэж санагдсан хүн хэрэг дээрээ ихээхэн ухаантан байх нь ч бий. Харин олонхи хүн үзэгдэх өнгөндөө яггүй сүрхий мэт байвч чанх цаанаа ажил амьдралын арчаагүй өнгөцхөн үзэл бодолтой байх ч бий. “Их ухаантан тэнэг хүн шиг харагддаг. Нэвт гэгээрсэн хүн нялх хүүхэдтэй адилхан санагддаг” гэсэн эртний үг байдаг.  

Хоёрын хооронд хүн бол аар саархан юм л шохоорхож, хэрэг явдлын жинхэнэ нууц далд учрыг олох зүг чиггүй явж байдаг юм.

Л.Нарантуяа “Гэр бүлийн амьдралын нууц” номоос