Өөрийгөө бүү хуур...
Энэ хорвоод ирсэн хүн бүр аз жаргал, амар тайвныг л эрэлхийлдэг. Харин аз жаргал, амар тайвны үндэс эрүүл амьдрал гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Эрүүл байвал санаа зоволт, зовиур үгүй агаад эрүүл үед бидний сэтгэл амгалан байж ихийг бүтээх хүсэлдээ хөтлөгдөн урагшилдаг. Тиймээс ч эрүүл биед саруул ухаан оршино хэмээн өвөг дээдэс сургасаар ирсэн. ГЭХДЭЭ эрүүл амьдралыг бүтээх нь хялбар биш бөгөөд биднээс ухаан, тэвчээр, зоригыг шаарддаг... \Гэхдээ гэдэг энэ үг үнэхээр чухал бөгөөд үнэтэй санагддаг. Энэ үг энэ амьдралд үнэ цэнэгүй, үнэгүй зүйл үгүй гэдгийг байнга тодотгосоор байдаг...\ Миний хувьд эрүүл амьдралаа бүтээхийн төлөө зоригтойгоор шийдвэр гаргаж чадалгүй жоохон хугацаа алдсан. Би их сургуулийн нэгдүгээр курсэд байхдаа тарган, туранхай огт хамаагүй хүний хэлбэр дүрс ямар хамаа байнаа гэж боддог байсан юм. Харин би 2 жилийн дараах нэгэн өдөр хүний бие өвчилсөн тохиолдолд таргалж, турдагийг мэдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд манайд таргалалт нэмэгдэж олон хүний толгойн өвчин болоод ирэхээр судлаж сонирхохгүй гээд яах билээ? Тэгсэн би өөрөө ч бас таргалалт болчихсон байснаа 3-р курсдээ ороод л анзаарсан юм. Энэ юу юм бэ? яагаад ийм харвинтай болчихдог юм гэж нэгдүгээр курсэд байхдаа хэлж байсан би 3-р курсдээ өөрөө харвинтай болчихсон. Ингээд л юунаас болов, яав гээд л судалсан юм даа. Тэгсэн өдөр бүр иддэг тостой пирожки, ундаа хоёр буюу буруу хооллолтын уршгаар таргалсан байлаа. Мөн яаруу сандруу хазаад л залгидаг буруу хооллолт. Үүнийг мэдсэн өдрөөсөө эхлээд л өөрчлөлтийг хийж эхэлсэн гэвэл худлаа. За байж маргаашнаас идэхгүй, маргаашнаас уухгүй ээ гээд л чихэртэй сироп уусаар, тостой пирожки идсээр өөрийгөө хуурсаар төгссөн дөө. Харин ажлын байран дээр гараад энэ цаг үеэс эхлэн хэмээн өөртөө хэлж өөрийгөө болно доо хэмээн хуурсаар байсан Би-д муу дүн тавиад өдөр тутмын өчүүхэн үйлдлүүдээ хатуу хянах болсон юм. Сүү тараг, ус л уудаг болж, сироп тэр дундаа колагаас бүрэн татгалзан тайван хооллож эхэлсэнээр маш их үр дүн гарсан. Одоог хүртэл эрүүл амьдралын төлөөх зөв сонголтынхоо эзэн байгаа шүү. Саяхан оюутан ангийн хонхны баяраараа /одоогоос 4 жилийн өмнө/ өмсөж байсан палажаа өмсөхөөр шүүгээгээ онгойлгосон. Дотор минь таарах болов уу, яах бол гэдэг огтхон ч эргэлзээ байгаагүй, би шууд л өмсөж цахилгаанаа эгчээрээ татууллаа. Эгч минь ч яаж ингэж жингээ баридагийн нууцыг мэдэх тул гайхаагүй юм. Ердөө л хортой бүтээгдэхүүнийг хортой гэдгийг нь мэддэг учраас хэрэглэхээ больсон зориг, хөдөлгөөн надад жингээ хэвээр барихад эрүүл байхад тусалдаг юм.