Өтгөн хатдаггүй амьдрал
12 жил, 11 сар өмнө

Буруу хооллох нь их хэрэгтэй зүйл юм байна гэж би боддог болсон. Юуг яаж идвэл хүсмээргүй ямар зовлон гарцаагүй үүсдгийг өөрийн бие дээр нотолж, бодитоор амсаж эдэлнэ гэдэг дахин өөрийгөө хорлохгүй байхад тун сайн хамгаалалт болно гэдэг утгаар нь. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг үг байдаг. Гэтэл буруу хооллоод  хаширч ханадаггүйн цаана нэг чухал учир байна. Түүнийг ойлгочихвол өвчингүй амьдрах, өвдсөн бол эдгэхэд тун амархан. Өтгөн хатахтай холбоотой хамгийн түгээмэл жишээн дээр ярья л даа. Эслэгтэй бүдүүн борог хүнс  байнга идэх нь   биедээ зохимжтой хооллож байгаа хэрэг учир өтгөн хатахгүй.

Дээд гурилан боов, цагаан будаа идэх, бүдүүн ширхэгтэй гурилан боов, хальстайгаа будаа идэх нь зажлах, залгих талаасаа бол яг адилхан ажил. Харин хүний сэтгэлд тэс өөр санагддагаас л борог хүнсээ идэхээс яаж ийгээд зайлсхийдэг. “Дөрвөн цагаан хор”-ны нэг гэж нэрлэгддэг цагаан гурил байнга идэхэд өтгөн хатдагийг үзэж мэдсээр байж, цусны даралт, чихрийн шижингээр бодитойгоор зовж байж хашрахгүй л цагаан гурилдаа дурласаар байдаг шүү дээ. Үнэхээр халширмаар  байдлын тухай мэдлэгээ эргээд харцгаая. Энэ мэдлэгээрээ дамжин, дээр өгүүлсэн  чухал учрыг олж харахыг хичээе. Өтгөн нь хатдаг ихэнх хүнд илэрдэг асуудлуудаас  заримыг нь нэрлэвэл:  шамбарам, чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судас хатуурах, зүрх өвдөх, дархлаа муудах, харшилтай болох, вирус тээгч болох, ханиаднаас салахгүй гэх мэт. Хавдар, шарх гээд гэдэс өөрөө хэлмэгдэх нь мэдээж ойлгомжтой.

Бас илүүдэл жинтэй бүдүүн болсон байх магадлал өндөр. Яагаад гэвэл ийм хүн бүдүүн гэдсэндээ дунджаар 8 – 25 кг илүүдэл  тээж явдаг. Энэ бол гурваас дөрвөн наймын хувин олиггүй юм гэсэн үг. Ийм их овоолго тээж явахад бэлхүүс нарийхан байх боломжгүйгээс гадна жинд сүрхий нэмэр. Гэхдээ өтгөн хатдаг л бол туранхай хүний гэдсэнд ч илүүдэл байдаг. Дээр нэрлэгдсэн өвчин эмгэг үүсэхэд өтгөн хаталт нөлөөлдгийг тэр бүр мэдэхгүй хүн олон бөгөөд өвчнүүдээ тусдаа зүйл гэж ойлгох тул эмчлэх гэж тусгайлан хөөцөлддөг. Жинхэнэ шалтгааныг биш үр дагавартай л их “ноцолдоно”. Эм тариа гээд төрөл бүрийн заслуудыг ээлж дараалан хийлгэвч зовиур шаналгаа түр намдахаас цаашгүй. Үнэхээр халширмаар! Физиологийн жам ёсоор өдөрт 2 - 3 удаа хүндэрч, үргэлж бие хөнгөн, бэлхүүс гоолиг, өвчингүй амьдардаг хүн дэндүү цөөн юм.

Өдөрт олон удаа хүндээр бие засах нь жам ёс гэдгийг  Стив Паркерын “Хүний бие” гэдэг номноос иш татан сонирхуулъя.  “Нарийн гэдэснээс ялгаатай нь бүдүүн гэдэсний дагуух булчин түүний ханыг бүтээж, бүрэн хучдаггүй.  Булчин нь гурван хэсэг болж багц үүсгэдэг бөгөөд бүдүүн гэдэсний шугам гэж нэрлэгддэг. Эдгээр шугам хүрээ гэдэсний дагуу явахад шугам хооронд цүлхэн гэж нэрлэгддэг хонхорхой уутнууд үүснэ. Хүрээ гэдэс ханынхаа булчингийн хөдөлгөөнөөр доторх баасыг хольж, шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Гэдэс доторх агууламжийн хөдөлгөөн янз бүр байдаг бөгөөд доторхи хоол боловсруулах үе шатаас хамаарна. Тухайлбал үечилсэн, гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан, бөөнөөр хөдөлсөн хэлбэрүүд байна.

Хүрээ гэдсэн доторх агууламж нарийн гэдсэнд байхаасаа удаан хөдөлж, гэдэс өдөрт 2 литр усыг эргүүлэн шимж авч байна. Үечилсэн хэлбэр: Бөөрөнхий хэсгүүд тодорхой завсартайгаар шахагдана. Эдгээр нь нухагдаж холигдож байх боловч урагш  явдаггүй. Гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан хэлбэр: Энэ нь бага багаар долгилсон хөдөлгөөн бөгөөд баасыг шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Арын булчин агшиж байхад урд хэсгийнх нь булчин суларч байдаг. Бөөнөөр хөдөлсөн хэлбэр: Энэ нь хөндлөн хүрээ гэдэсний дунд хэсгийн хүчтэй гүрвэлзэх хөдөлгөөн юм. Эдгээр хөдөлгөөн өдөрт 2-3 удаа хийгдэж, баасыг шулуун гэдсэнд оруулна.” Ингээд өдөрт хоёроос гурван  удаа хүндрэхээс өөр аргагүй болно гэсэн үг. Гэтэл яагаад үүнээс цөөн байна вэ?

Эслэгээс нь салгачихсан, цавуулаг ихтэй учир наалдамхай чанартай гурил, будаа их иднэ.  Төмс, ногоо жимсээ хальсалж, үрнээс нь салгана. Түүнчлэн эслэг агуулдаггүй мах хэтрүүлж иддэг атал  эсэг цагаан идээ, ногоон навчит ургамал бараг идэхгүй учраас гэдэсний дотор ханын сахлаг хөхлөгүүдийг “сойздон” цэвэрлэх аргагүй болж, цардагдсан  гадаргуу үүсч, гүрвэлзэх хөдөлгөөнд саад учирдаг. Аажимдаа цүлхэнгүүдэд өтгөний овоолго, чулуужсан хэсгүүд хуримтлагдан, гэдэс хэцүүдэж, элэг, бөөрний ажил хүндэрнэ. Тэдгээр овоолгуудад үүсэх хорт бодисууд, бүдүүн гэдсэнд амьдарч ажилладаг бичил биетнүүдийн алдагдсан харьцаа гээд зөндөө асуудал ар араасаа үүсдэг ажээ. Эслэгтэй хүнс өдөр тутам иддэг болоход л өтгөн хатахын нэг том шалтгаан арилах нь байна шүү дээ. Тийм амархан! Өтгөн хатахаа больчиход нөгөө олон өвчин зовиуруудын шалтгаануудын нэг нь бас давхар устана гэсэн үг. Хичнээн сайхан!

Гэтэл яагаад энэ амархан боломж ашиглагдахгүй байна вэ? Энэ нь эдэлгээнд сургагдаагүй эмнэг амьтан мэт сэтгэлээс болдог юм байна. Тиймээс өөрийгөө танина гэдэг нь сэтгэлээ таних, хүн болно гэдэг нь сэтгэлээ боловсруулан номхотгохыг хэлдэг ажээ. Нөгөөх чухал учир үүнд л оршдог. Энэ ажлыг л багахан ч гэсэн амжуулбал хүн болж төрсний хэрэг давхар давхар гарна. Ядаж л өтгөн хатахгүй байх нь л дээ. Сэтгэлээ боловсруулах ажил нь ном сурахтай адилгүй. Мэдлэг олж авахтай зэрэгцүүлээд дадлагын ажил хийхгүй бол огт номхрохгүй. Маш сонирхолтой бөгөөд асар их ач холбогдолтой энэ ажил үр дүнтэй болохын тулд  дараах үе шатыг дамжин өрнөх номтой ажээ.

  1. Тайвшрах  - өөрийн дотоод мөн чанарт  анхаарал хандуулах
  2. Эргэцүүлэх – мэддэггүйгээ мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх
  3. Илрүүлэх – мэдлэг ухаанд захирагдахгүйгээр эрхэндээ байлгаж чадаж байгаа сэтгэлээ “олж харах”
  4. Ажиглах – сэтгэл нь ямар хэмжээнд дураараа, сургаал боловсролгүй, эмнэг догшин байгааг хөндлөнгөөс “харах”
  5. Танилцах –  эрүүл амьдрах зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө “танилцуулах”
  6. Дадлагад гарах –  ажлын зөв болон буруу хувилбаруудын туршилт
  7. Үр дүнг ажиглах – биеийнхээ хэлийг анзаарч, ойлгох

 Шат болгоны тухай бид дараагийн дугааруудад Тантай ярилцах болно. “Авгайдаа хайртай бол авдаг л морь доо” гэдэг шиг үнэхээр үргүй зардалгүй, эрүүл амьдаръя гэж боддог юм бол хийдэг л ажил даа. Үндэс шалтгааныг зөв болгохгүйгээр урагш ахидаггүйг үзэхээрээ нэг болж байна шүү дээ. Харин одоо Танд цусны даралт өндөр, нэгдүгээр бүлгийн цустай, өтгөн нь хатдаг хүнд зориулсан нэг өдрийн үлгэрчилсэн цэс сонирхуулж, нэг хоолны орцыг танилцуулъя.

Өглөө: 1. Хоёр өндөгний цагаанаар хийсэн омлет, ногоотой  2.Оливын тосоор амталсан брокколи, салат навч, ногоон сонгино, улаан манжин зууш  3.Буудайн соёолж  4.Хивэгний ундаа

Өдөр: 1.Гурван шимтийн шөл амтат чинжүүтэй  2.Жигнэсэн гүзээ, шар лууван  3. Өргөст хэмхийн зууш  4. бүхэл үрийн гурилан мантуу 5.Алимны шинэ шүүс /эслэгтэй/

Орой: 1.Дүфүтэй ногоо жимс  2.Хөх тариа, буудайн гурилан ёпоошиг

Дүфүтэй ногоо жимсний орц: дүфү, ногоон навчнууд /салат, чинцай, яншуй, юуцай г.м./, өргөст хэмх, цагаан лууван, шар лууван, улаан манжин, ногоон сонгино, аньс, алим, хальстай нимбэг. Эдгээрийг хүссэн хэлбэр хэмжээгээрээ хэрчиж, шар буурцгийн жан, оливын тосоор амталж, холиод идэхэд бэлэн болно. Өөр ногоо, жимс байж болно.

ВИП клуб ТББ-ын тэргүүн, Монголын Лектор Төвийн Жинхэнэ гишүүн, “Соёолж” зохимжит хоолны газрын зөвлөх Б.Гэрэлмаа