ӨРНӨТЭЙ Ч, ДОРНОТОЙ Ч…
13 жил, 1 сар өмнө

Залуу насны ааг омог харьж, идрийн хүчээр ажиллах чадвар яалт ч үгүй буурсан өнөө насанд сэтгэлээс минь нэгэн баргар гунигийн сүүдэр зууралдаад эс салах нь өнөөгийн дэлхий дахинаас Монголчууд бидэнд ханддаг бодот хандлагаас үүдэлтэй юм. Энэ хандлага, үнэн чанартаа, Монголчуудыг үл тоомсорлох, илт “жижигрүүлэх” хандлага!

            Өнөөгийн дэлхий дахины аж үйлдвэржсэн, техник-технологи тасархай хөгжсөн орнууд Монголд ямар бодлоор ханддаг сэтгэхүйтэй вэ? гэвэл, ний нуугүй үнэнийг хэлэхэд, “Монгол улс өнөөгийн хүн төрлөгтний түүхэнд өчүүхэн ч нөлөөгүй, ямар ч бодот оролцоо байхгүй, монголчууд байхгүй байлаа гэхэд хүн төрлөгтний түүхэнд өчүүхэн ч нөлөөгүй, ямар ч бодот оролцоо байхгүй, монголчууд байхгүй байлаа гэхэд хүн төрлөгтний аль ч үйл явцад юугаар ч үл үгүйлэгдэх, үл дутагдах ард түмэн!” гэсэн үзэл бодол, сэтгэлзүйгээр ханддаг. Монгол орон дэлхийн анхаарлыг юугаараа жаахан татдаг нь ч ил. Юу гэвэл, Монгол зөвхөн газарзүйн “сонирхолтой” байршил, байгалийн “сул” баялагийн хөндөгдөөгүй нөөц, жижиг хэмжээтэй боловч үлэмж ашигтай, хямд зах зээл зэрэг зэрэг “үзүүлэлт”-үүдээрээ л татаж, том гүрнүүдийн “хар хайрцагийн бодлого”-оос хараахан гоожчихолгүй тордог.

            Би бээр цээжиндээ ийм нэг “жижигхэн” гунигийн хүүштэй баргардуу царайлж явсан тэр жил Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Энхбаяр Монголын зохиолчидтой уулзахдаа чамгүй цаг хугацаагаа зарцуулж, өөрийнхөө бодол санааг илэн далангүй хуваалцахдаа миний цээжийг дандаа хөндүүрлүүлж явсан мөнөө зовиурьтай “хил нийлэх” олон хөндүүр өмьдрөл хөндөж ярьсныг би мартдаггүй. Тэрхүү үл мартагдагч ярианаас бараг үг үгээрээ ой тойнд үлдсэн хэдэн үгийг дурьдваас, “Хүн харийн улс оронд суухад, эх орон, ард түмнээсээ алсад явахад хамгийн түрүүнд боддог юм, -Би хэн бэ? Ямар улс үндэстний хүн бэ? Миний ард түмэн хүн төрлөгтний түүхэнд үнэ цэнтэй юу бүтээсэн, ямар орон зайтай ард түмэн бэ? Би хүмүүст хэрэгтэй юу хийж юугаараа ард түмнийхээ нэр төлөөлж чадах билээ? гэсэн бодол л толгойд эргэлдэж, энэхүү, улаан нүүрийг улас улас хийлгэсэн асуултанд өөртөө ч, бусдад ч ул сууртиай хариулахыг шаардсан хүчтэй шаардлага байдаг юм билээ!” гэсэн үгс! Энэ үзэл баримтлал Н.Энхбаярт бүүр хар залуугаас нь төлөвшсөнийг сайн мэдэх хүмүүсийн нэг нь би юм.

            Би 1979 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын Дээд сургуулийн Дээд Курс дүүргээд Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороонд  /хуучин нэрээр/ Гадаад харилцааны Зөвлөлийн эрхлэгчийн ажил хийж байх үес дурьдсан сургуулийн орчуулагчийн ангийг Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар төгсөж ирснээр Зохиолчидын Хорооны Гадаад Харилцааны Зөвлөлд “Орчуулгын Товчоо”-г давхар буй болгож дээрхи, залуу, мэргэжлийн орчуулагчидыг надаар ахлуулан, Монголын Зохиолчидын шилдэг бүтээлээс оросоор орчуулах, дэлхийн сонгодог болон орчин үеийн нэрт төлөөлөгчидийн сор бүтээлээс эх хэлнээ хөрвүүлж ном, товхимол хэвлүүлэх, “Орчуулах эрдэм” хэмээх уран сайханы орчуулгын онол, шүүмж, хэлэлцүүлэгийн цоморлиг эрхлэх, тэр үеийн ЗХУ болон социалист тогтолцооны орнууд, мөн, Ази-Африкийн орнуудын уран зохиолоос монголчлон, Зохиолчдын Эвлэлийн Хорооны хэвлэл – “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонинд тогтмол нийтлүүлж байх үүрэгтэй тулгар албыг даалган эхлүүлсэн юм. Н.Энхбаяр Орос-Зөвлөлтийн төдийгүй Өрнө, Дорнын уран зохиолын гүнзгий мэдлэгтэй, уран зохиолын орчуулгын онол, хэл найруулгын эрдэмийг чамлалтгүй эзэмшсэн мэргэжилтний хувьд мэргэжил чацуу залуу нөхөдтэйгээ сэтгэл, зорилго нэгтэйгээр маш шаргуу, идэвхитэй шаламгайлж эхэлсэн. Нэн удалгүй нүдэнд үзэгдэхүйц бодтой үр дүнд ч хүрсэн. 1983 онд намайг мэргэжлийн зохиолчоор шилжихэд Н.Энхбаяр Монголын Зохиолчидын Эвлэлийн Хорооны гадаад харилцаа, орчуулга, сурталчилгааны албыг ахлан үлдэж, Монголын утга зохиолыг ЗХУ-ын болон Өрнө Дорнын уран зохиолын хөгжлийн түвшинд ойртуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодынхоо зохиолчидын уран бүтээлийн харилцаа, нөхөрлөлийг нягтруулахад нилээд хугацаа, идэвхи зүтгэлээ зарцуулсан. Тэрбээр орос хэлний бичгийн ч, ярианы ч мэдлэг чадвар өндөртэй, олны ярьдагаар “унаган орос хэлтэй”-н сацуу гадаад хэл төвөггүй сурах төрөлхийн их авъяастай, тиймдээ ч олон хэлээр ном зохиол уншиж, оюуныхаа багтаамж, зайг тэлэх, сэтгэлгээнийхээ бяд, чөмгийг өтгөрүүлэх ханашгүй хүсэл, тэмүүлэлтэй нь илт байсныг харгалзан Монголын Зохиолчидын Эвлэлд ажиллаж байхад нь англи хэлний бүрэн хугацааны дамжаанд суралцуулж, улмаар Англи улсын Лидс хотод англи хэлний нь мэдлэг, боловсролыг гүнзгийрүүлэхээр одуулахад хамт ажиллаж байсан зохиолч бид ихэд баяртай үдэн хоцорч байж билээ.

            Цуг ажиллаж, маргалдаж, нөхөрлөж байх хугацаанд Н.Энхбаярын хэлж байсан сонин соргог санаа, тухайн цагийн нийгмийн сэтгэхүйн үзэл баримтлалыг зэгсэн шүүмжлэнгүй  “өнцөг””-өөс хавирсан жаахан “эсэргүүдүү” үг ярианаас ихэнхи нь сэтгэлд тод үлджээ.

            Нэг удааа Н.Энхбаяр гадаадад /Европын нэг улсад утга зохиолын уулзалтад оролцоод ирсэн юм. Аль улс явсаныг мартжээ!/ томилолтоор явж ирээд Зохиолчидын Эвлэлийн Хорооны ажилтнуудад яриа хийж, сэтгэгдлээ хуваалцахдаа, “Энэ хугацаанд би хүний хүсдэг юмыг маш сайн мэдэж авлаа. Юу гэж мэдэв? гэвэл, хүн өөрийгөө ямар нэг маш чухал, хамгийн хэрэгтэй гэж үзсэн юмандаа үрж дуусгасныхаа дараа л үхэхсэн гэж хүсдэг юм байна. Үүнийг би юу гэж ойлгож байна гэхээр, хүн өөрийгөө өрөөл бусдад маш хэрэгтэй байгаагаа маш хүчтэй мэдрэх явдал л хүний жаргал байдаг юм байна гэдэг утгаар ойлгож байна. Өөрийг чинь хүсдэг өөр хүмүүс байхгүй, өөрийн чинь эзгүйд онгойж хонхойгоод байдаг ажлын талбар, орон зай байхгүй, өөрийг чинь хажуудаа байгаасай гэж тэсгэлгүй хүсдэг, тэсч ядан хүлээдэг дотно нөхөд байхгүй тохиолд л хүн их ганцаарддаг юм байна. Би өөрийнхөө бие, оюун ухаанаа насан туршаа зориулах ард түмэнтэй, сонгосон тодорхой зорлготой болохоороо л сэтгэлдээ жаргалтай явдаг, тэгээд ч өдөржин ажилласан ч ядарснаа мэдэхгүй, улайраад сууж чаддаг, түүн дээрээ үргэлж урагш дууддаг хүсэл, мөрөөдөлтэй байдаг юм байна!” гэж ярьж байсан нь одоо ч миний цээжин дотор үг үгээрээ биш гэхэд үндсэн утга санаа нь онцын гажуудалгүй “халуу оргиулсаар” л байна. Тэр өглөөний ярианы дараа Н.Энхбаяр бид хоёр “Цог” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, жүжгийн зохиолч Д.Батбаярын өрөөнд орж чихэртэй байхуу оочингоо экзистенциализмын мөн чанарын үндсүүдээр жаахан мэтгэлзэж, сүрхий чанга чанга дуугарцгааж суув. Тэхэд Н.Энхбаяр ч маргаанд хошуучлангуй оролцож экзистенциалист  онолын талаар уг онолын эш баримтлан бичсэн Европын алдартай зохиол туурвилуудаас, тухайлбал, Ф.Кафка, А.Камю, Р.Музиль, П.Сартр, С.Бенет, Ж.Жойс нарын роман, тууж, жүжиг, өгүүллэгээс жишээ иш татан ярих зуураа хүний амьдралын утга чанарыг ойлгох, өөрийнхөө ойлголтыг ч багагүй хавчуулж байсныг санаж байна. Тэр үед мань хүн ажил алба эрхлээд базаатай удаагүй “зеленянкий новичок” шахуу байсан ч маргаан дундуур, “Бодоод байхад, зорилгогүй амьдрал л утгагүй юмаа. Тэхдээ зорилго гээд нэг их золиос шаардсан, цус урсгах тэмцэлд шахсан хувьсгалч үйл ажиллагаанд зорих биш л дээ, харин, өөрийгөө ч, бусдыг ч ямар нэг үр ашиггүй хохирол, эрсдэлд хүргэлгүйгээр хэвийн амьдралаар жаргаах үйл ажиллагааг сонгох хэрэгтэй!  Улс орноо дэлхийн түүхэнд үнэ хүндтэй улс болгох үйл хэрэг бол хамгийн дээд зорилго байна байх, гэхдээ, үнэ цэнтэй, баатарлаг үйл хэрэг ч цаад ул сууриндаа хамгийн энгийн, өдөр тутмын гэгддэг, ул дол болсон гэж муучлагддаг үнэ, сонирхолоо алдсан эгэл жирийн ажил хөдөлмөрийн үр дүнгээр бүинэ шүү дээ! гэсэн санааг тодорхой хамгаалж байсан нь одоо эргээд олон жилийн дараа, дурсамж дурьдатгалын “нурам” дороос дорхноо улалзаад сэргээд ирж байна.

            Би Н.Энхбаярыг улс төрийн хавс /талбар/ руу “хулжсан”-ыг анхандаа гайхдаг байлаа. Уг нь, миний бодлоор, Н.Энхбаяр шинжлэх ухааны чиглэлээр, тухайлбал, монгол судлал, Монгол-Төвд, Монгол-Энэтхэгийн соёл, утга зохиолын харилцааны бичгийн дурсгалуудаар нарийвчилсан судалгаа хийж “шинэ үг” хэлэх өндөрлөг рүү мацах ёстой хүн гэсэн ойлголттой байсан. Яагаад гэвэл, их эрдэмтэн, Ц.Дамдинсүрэн гуай Н.Энхбаярыг сүрхий тоож, Монгол -Төвд уран зохиолын сурвалжуудын судалгаанд мэргэжүүлэхээр Шинжлэх Ухааны Академийн Төвд хэл судлалын тасаг руу “урвуулах” санал тавьж өөрийгөө дагалдуулахыг хүсдэг, Н.Энхбаяр ч өөрөө Төвд хэл сонирхож, эхлэн суралцаж, манай нутгийн / Булган аймгийн/ их лам, Гандантэгчилэн хийдийн номч багш Пүрэвжамц гуайд шавилж, төвдөөр нэрийн ном уншдаг болоод хаа нэг хуучин судар шагайж суугаа харагддаг байсан юм. Уран зохиолын орчуулга, онол, эргэцүүлэл, товчдоо, уран бүтээл, шинжлэх ухааны замаас улс төр рүү гэнэт шилжсэн “үсрэлт” ганц намайг ч бус, уран бүтээлийн олон нөхдөө гайхашруулсан байх. Энэ эрс шилжилтийн шалтгааныг өнөө би ойлгохдоо /тэр үед сайн ойлгоогүй үлдсэн!/ , аль нэг хүн өөрийнхөө хувийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх ч юм уу амин хувиараа өөрийгөө төгс төгөлдөрийн өндөрлөг рүү “чирэх” нь ч тийм ч гол бус, харин нийт үндэстнээ, улс орноо бүхэлд нь хөгжүүлэх, нийт үндэстнийхээ оюуны үр шимийг дэлхий дахины хүртээл болгох, идэвхи хүчийг нь эрчимжүүлэх, нийгмээ гэгээрүүлэх, ард түмнээ Тэнгэр Бурханы ариун дагшин мөр рүү замнуулах үйл ажиллагааг тэргүүлэх нь хавьгүй хэцүү, хавьгүй чухал нөлөөтэй, ингэхлээр, хавьгүй илүү их өгөөжтэй, үнэмлэхүй дээд үр дүн үйл ажиллагаа байх болно гэж яв цав ойлгосон холч ухааны ойлголт, бүтээлч зорилго байжээ! гэж өнөө би ойлгож сууна.

            Н.Энхбаяр улс төр, намын удирдлагын үйл ажиллагаа руу шилжсэн үе нь 1990-ээд оны эхээр тохиосон. Монголын нийгмийн харилцаанд яаравчилсан шинэчлэлт хийгдэж эхэлсэн энэ үе залуу Н.Энхбаярын амьдралыг ойлгох ойлголтонд ч, улс төрийн үзэл бодолд нь ч, бодот үйл ажиллагааны нь идэвхижилийн чиглэл, зорилгод ч шинэ эргэлт, шинэ “тэсрэлт” гарсан үетэй давхацжээ. Аль нэг үндэстний хэн нэг хувь хүн, өөрөө тэнцүү байх нэг хэрэг /Монголын цөөнгүй эрдэмтэн, сэхээтэн энэ зиндаанд хүрсэн ч байгаа!/, улсаа, эх орноо бусадтай энэ чацуу байлгах үйл хэргийг бүтээх нь илүү эрхэм том зорилго, илүү баатарлаг гавъяа мөн гэж сэтгэх нь яалт ч үгүй зөв юм.Хүн өөрөө бусдын дотор бусдаас дутуугүй байхаасаа илүү улс үндэстнээ, ард түмнээ дэлхийтэй тэнцүүлэх, зэрэгцүүлэх зорилготой аврага цар хүрээт үйл зорилгод тэмцэх нь алив аавын хүү, ээжийн охины амьд явсаны гол хэрэг мөн. 1990-ээд онд залуу зоримог Н.Энхбаяр ийм “далд”, хэтийн зорилгод хөтлөгджээ гэж өнөө би дотроо ойлгоод, түүний зорилго сэтгэлчилэн бүтээсэй! гэж Будда, Христос, Магомед хийгээд арван зүгийн хамаг Бурхдад залбирахын хамт дээрхи гэгээн, аугаа зорилгыг гүйцэлдүүлэхэд нь аврал, тусаа хайрлахыг Монголынхоо иөнх хөх Тэнгэрийн хүчнээс гуйж сууна.

            Амьдрал бол хариуцлага юм. Хариуцлага хариуцлагаас хамгийн хүнд нь танихгүй хүмүүсийн өмнө, өөрөө ч танихгүй, өөрийг чинь ч, магадгүй, танихгүй түмэн олны хувь заяаны өснө хүлээх хариуцлага!. Урьд өмнө өөрт бараг хамаагүй мэт санагдаж байсан хүмүүст өөрөө өөрөө маш их хамаатай болж, тэдний иоээдүйн өөдлөх, уруудахын тавилан мөрийг даах хариуцлага хүлээх нь хүнээс нөр хугацааны тогтмол их хөдөлмөр, сэтгэхүйн ачаалал, хүчдэл шаардана. Энэ шаардлагын тэнслэгийг давах арга билиг, эрчим хүч өөрөөсөө олох, нас биеэ хайргүй дайчлах шийдвэрийг өөртөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж чадах түвшиний бодот үйл ажиллагааг гүйцэтгэхийг л амьдралын хариуцлага гэж нэрлэж болох юм.

            Н.Энхбаяр хүнд ганц олдох амьдралынхаа хариуцлагыг асар нүсэр зорилготой холбож /энэ нь тийм ч гэнэтийн шийдэл биш байсан байх, удаан боловсорсон бодол, хөдөлмөр, сэтгэхүйн үйл ажиллагааны үр дүн байсан байх!/ бүхэл бүтэн улс орны түүхийн өмнө ноцтой үүрэг, хариуцлаганд унаж буйгаа ухамсарласны нь “зовлон” надад олон зүйлээ  мэдэгддэг.

            Ерөнхий Сайд Н.Энхбаяр Монголынхоо хүүхэд багачуултай “Монгол Телевиз”-ээр уулзаж, Өрнө, Дорнын сэтгэлгээний үр шимийг хэл хэлээр хүртсэн дорвитой боловсролтой, монголчуудынхаа оюуны амьдралыг айхтар дүгнэлттэй ажигладаг удирдагч хүний үг хэлж байрыг нь сонссон. Тэдгээр үгс дунд миний өвгөн болтлоо бодож яваагүй “орой руу орсон” үг дуулдсаныг оройжингоо дотроо эргэлдүүлсээр хоносноос хойш гудамд тааралдах хүүхэд, багачуулаа харах бүрд тэр үгс үргэлж бодогдох болжээ.

Ерөнхий сайд нилээд бодлогошронгуй, бас нилээд санаашрангуйгаар бодолхийлэн зогсозносноо, “Монголын маань хүүхдүүд бусдаас огт дутахааргүй авъяастай, цоглог, сэргэлэн, бахархахаар сайхан хүүхдүүд!  Гадаадынхан ч их магтдаг. Гэвч том хүн болоод амьдралын замд, жинхэнэ бүтээлч өрсөлдөөний сорилтонд ажил мэргэжлээрээ шалгагдах, дэлхий нийтийн жишигээр амьдрах, хөдөлмөрлөх чадварын шатандаа бусдаас голдуу хоцордог. Бид, яагаад ч юм, амьдралынхаа замын хаа нэгтээ нугачаанд хүүхэд насныхаа авхаалж самбаа, эрчим, тэмүүлэлийн хүчээ гээчихдэг нь их харамсалтай санагддаг” гэж жаахан гуниглангуй хэлж байсан. Энэ үнэнд өөрөө би гуниглаж явдаг болохоор Ерөнхий Сайдын үг миний сэтгэлд их ойр, халуун туссан байх! Өнөөгийн залуусын төрх, зан чанар, ахуй амьдралыг нь эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл их хэиртэлзэх эх оронч элэг сэтгэлийнхээ нүдээр ажиж явахад эх орныхоо ирээдүй хэтэд багагүй зовж л явах юм. Яагаад гэвэл, өдөр нь эцэтлээ дэмий тэнээд, эсвэл элийртлээ зурагт ширтэн гөлрөөд, шөнө нь илжиртлээ унтаад амьдралаа бардаг залуу үетэй /иргэдтэй/  улс оронд ердөө ганц л зам нээлттэй. Энэ бол мөхлийн л зам юм. Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа гэдэг ч, Монголын минь сайхан үрс, багачуул амьдралын эрчим урсгалын альхан гольдрол, эргүүлгэнд хэзээ нь, яагаад монгол удамшилынхаа эрч хүч, идэвхи тэмүүлэл, оюун сэтгэхүйнхээ тэнгэрлэг эх сурвалжаас хагацаж, хоосрох, хагдрах зам руу гулдруулчихаад байгаа юм бол?

Ерөнхий Сайдын асуусан энэ асуулт, үнэнхээр, монголчууд бидний Оршихуйн хамгийн амин “хадаас” асуулт!  Энэ асуултын хариунаас Монголын хөгжлийн олон зангилаа асуудал тайлагдана. Бас олон нууц үнэний буюу одоогоор бидний мэдрэхгүй, олж харахгүй яваа, зөвхөн аугаа хайр, гуниг, гэгээн ухаарлын түвшинд л гэрэлтдэг их гэгээрэлд хүрээгүйгээс олж чадахгүй байгаа жинхэнэ зөв зам ч тодорно. Энэ асуулт бодолд нь орж, сэтгэлийг нь зовоож, тэгээд энэ асуултыг  өөрөөсөө болоод бусдаас асууж буй хүний сэтгэл, оюуны гэгээнд л уг асуултын хариу олдох ёстой. Өөр бусдаас ийм зовлонтой, ийм амьсгаа давхцуулсан түүхэн хэцүү, хамаг эс эдийг цахилгаан гүйдэл мэт, цочроосон эд мөрийн асуултын хариуг олохыг горьдоод нэмэргүй. Үүнийг хүсэн хүлээх нь ч тэхийн эвэр тэнгэрт тулахыг хүсэн хүлээхтэй л ав адил!

Хүн амьдралынхаа хариуцлагыг ухаарахтай холбоотойгоор үүсч, Н.Энхбаярыг “зайлахын аргагүй зовлон”-д унагаж буй нэг айхтар Яргуу асуудалд бол дэлхий даяар хоногоос хоногт хүч түрж буй Даяаршил байх гэж бодогдоно.

Улс үндэстнийхээ ахуй оршихуйн биеэ даасан чанар, тусгаар тогтнолыг хадгалах, түүний үндэс язгуурыг зөв ухаарах, тэр ухаарал, дүгнэлтийнхээ үндсэн дээр эх орноо хөгжүүлэх, дэлхийн улс орнуудын хөгжлийн жишигтэй ойртуулах зорилгыг амьдрал, үйл ажиллагааныхаа гол чиг болгон баримталсан залуу удирдагч хүнд өнөөгийн дэлхий дахиныг бүхэлд нь агдлан хамарсан тэргүүлэх масштабын үйл явц – Даяаршил нилээд ээдрээтэй замын орц-гарц, яггүй ярвигтай сонголт тулгаж байгаа нь мэдээж.  Даяаршил нь XXI зууны эхэн үеийн нийгмийн сэтгэлгээн дэх ихээхэн маргаантай үзэгдлийн хувьд жижиг эдийн засагтай оронд хүчтэй тусах эерэг, сөрөг үр дагаварыг нь урьдчилан харах, шинжлэх ухаанчаар тооцох, ашигтай нөлөөлөлийг нь эдийн засгийнхаа хөгжилд зохистой түлхэц болгон эргэлтэнд оруулах сонирхол алив улсын төр нийгмийн зүтгэлтэнд байх нь гарцаагүй ч, нөгөө талаас, болгоомжлох, хаширлах, үндэснийхээ язгуур ахуй, эрх ашиг, соёл, ёс заншилд харшлах, оюун сэтгэхүйнхээ бие даасан хараат бус чанарыг алдах магадлал талаас нь нягтлан судлах шаардлага эх оронч сэтгэлгээтэй, үндэсний үзэлтэй том сэхээтнүүдэд ямагт тулгарах нь зайлшгүй.

Энэ гачлан Н.Энхбаярыг ч ихэд бодлогошруулж, улс төр –эдийн засгийнхаа гадаад бодлогын стратеги, тактикийг боловсруулах хүрээний радиус дотор баярлахын зэрэгцээ шаналгаж, шинэ соргог сэтгэмж, овсгоолог практик үйлдлийн эрэл хийлгэхэд түлхдэг нь лав. Иймээс ч тэрбээр АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт уригдаж хэлсэн үгэндээ даяаршилын мөн чанарыг хэрхэн ойлгодогоо, “Даяаршил бол юуны өмнө, боломж хийгээд сорилт” гэж тодорхойлсон нь, миний бодоход, хамгийн оновчтой тодорхойлолт мэт санагддаг.

Эцэст, энэхүү дурсамж – бодролоо өндөрлөж өгүүлэхэд, өнөөдөр ганц Монголчууд бидний амьдрал ч бус нийт хүн төрлөгтний амьдрал, өрсөлдөөн тэмцэлдээнт үйл ажиллагаа нэг л бүрэн төгөлдөр, гоо сайхан утга зорилготой бус, нэг л зөв бус, нэг л онц сонирхолтой бус, нэг л дээд, гэгээн тэнгэрлэг бус, яагаад ч юм, нэг л санаанд хүрэхгүй, нэг л өчүүхэн, газардмал, дорд амьтанлаг санагдаад, тиймээс ч, нэг тийм аугаа, гоё, “үл мэдэгдэх”, “үл гүйцэлдэх” шинэ сонин юмаар дутаад байгаа нь надад үе үе их халуун гуниг төрүүлдэг. Ийм далд гуниг Н.Энхбаярын эр залуу, уран бүтээлч, эрдэм билиг буцалсан цээжинд аанай үе үе төрж, ганц өөртөө ч бус, төрөлх ард түмэндээ ахуй амьдралыг нь аугаа, төгс, сонирхолтой сайхан утга зорилготой, оюунлаг, баатарлаг, баян чинээлэг, тэнгэрлэг ариун болгоход нь өөрийнхөө боловсрол, хүмүүжил, эрдэмийн ирийг дайчлах асар бэрхшээлтэй, халуун эсэргүүцэл тэмцэлтэй он жил, өдөр шөнүүдээр амьдрах хүч чадлыг өгч байгаа байхдаа! гэж бодоод өрөвдөнө.

Энэ амьдралын хариуцлагыг ч тэр сайтар ухаарч хар залуугаасаа ухамсарлаж, хаанаас л бол хаанаас сонсдох дайралт, гүтгэлэг, хараал зүхэлд халирч шантралгүй цэх яваад нь дотроо гүнээ баярлана. Эргэн дурсахад саяхан мэт санагдах он цагийн тэртээ Ф.Достоевскийн романыг уншихдаа халуурч уншдаг байсан хүү өнөө Достоевскийн оронд Монголын нийгэм эдийн засгийн өсөлт, бууралтын үзүүлэлтийн тоо баримтыг “халууран” уншиж, өөрчлөлт хөгжилтийн нь динамикийг “халууран” шинжилж, “Яавал энэ динамикийг үргэлж өөдөө чиглэсэн вектортой график зурагдахаар байлгаж чадах вэ?” гэж бодолд дарагдан суудаг болсныг амнаас нь дуулахад харамсах бус хайрлах сэтгэл өвөрлөж үлдсэн!

Ийм ноцтой, үсрэнгүй, “дотоод хувьсгал” хийх эрчим хүч хаанаас гарах вэ, гагцхүү улаан голоо тасрах өдрөө хүртэл эх орондоо зориулах эх оронч сэтгэлээс л гарна шүү дээ! Өөр баттай эх сурвалж хүнд байхгүй. Өөр эх сурвалжийг хүнд заяах чадал, бололцоо байгальд өөрт нь ч дутсан юм шиг билээ?

 

                                                                                                                 

2004.06.11-2004.06.18

Алтан Тэвшийн хөндий - Мэдээлэлийн Төв

Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос