Өгөх авахын ухаан
Ирээдүйн саятан хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд түүнийг өгөөмөр занд сургах нь эн тэргүүний асуудал байдаг. Хүнд бэлэглэж чадах юм бол эргүүлж авч чадна гэсэн сургаал байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Та юу ч өглөө гэсэн тэр өгсөн зүйл эргээд өсч үржиж ирдэг гэсэн үг. Хэн нэгэнд эрч хүчээ зориулбал тэр эргээд танд зориулна. Хайраа өгвөл илүү хайрыг авна.
Бид ямар нэг юм авах гэж тэмүүлэхдээ эхлээд энэ хүсээд байгаа зүйлээ бусдад бэлэглэвэл зохино. Бидний бэлэглэсэн бүхэн үржиж ирдэг.
Одооноос эхлээд хүүхэддээ амьдралын үнэнийг тайлбарлаж өгөөрэй. Хэрэв тэр найздаа чихрээ өгвөл удалгүй хоёр чихэртэй болно. Энэ бол хууль. Хууль бол заавал биелдэг.
Хүн бусдад бэлэг өгөхөө больчихвол бас юм авахаа ч больдог. Хүүхдийг багаас нь бусдад баяртайгаар юм бэлэглэдэг болгож сурга. Энэ нь зөвхөн эд байх албагүй. Цаг, анхаарал, нөхөрлөл гээд юу ч байж болно. Хэрэв хичээлдээ сайн бол муу хүүхдэд туслах ёстой. Хүүхэд бусдад хичээл заах үедээ нэр нүүрээ бодож энэ хичээлийг гайхалтай сайн сурдаг.
Хүү чинь баяжихыг хүсч байна уу? өгөөмөр сэтгэлтэй болгож, өөдрөг үзэл суулгаж чадвал тэр тансаг баян амьдрах болно.
Хүүхдийг өөрийг нь ид шидтэн мэт төсөөлдөг болгох талаар бүхнийг хийж байгаарай. Тэр өөрийн амьдралыг өөрөө зохиох чадвартай гэсэн тийм үзэлтэй болгох ёстой. Жишээ нь танай хүүхэд гар утастай болохыг хүсч байсан бол гар утас авч өгөх үедээ “Харж байна уу чиний хүсэл биеллээ. Хэрэв хүсвэл биелэхгүй юм гэж үгүй” гэж хэлээрэй. Энэ сургаал хүүхдийн тархинд насан туршид нь эгшиглэх болно.
Бусдыг бодох өгөөмөр сэтгэл суулгахгүй бол хүүхэд том болоод сахар багатай, амт султай зайрмаг үйлдвэрлэнэ. Ийм зайрмагийг хүмүүс тогтмол хэзээ ч худалдаж авахгүй. Байнгын их орлоготой хүнийг л саятан гэдэг. Тэгэхээр бусдад сайн сайхныг хүсэх өгөөмөр сэтгэлтэй хүн л зах зээлд тэнцэх зүйл бүтээж чадна.
Хүүхдийг өгөөмөр хүн болоход эцэг эх өөрийн биеэрээ үлгэрлэвэл маш хурдан энэрэнгүй нэгэн болж төлөвшиж чаддаг. Жишээ нь “Өнөөдөр чиний найзын төрсөн өдөр хоёулаа маш гоё бэлэг хамтдаа худалдаж авъя, чи сонгоод өг, эсвэл хоёулаа хамтраад маш гоё мэндчилгээ зурж наагаад бэлтгэе” “одоо эмээ нь ирнэ, хоёулаа маш гоё хоол бэлдэе” “маргааш баярын өдөр, гэрийн бүх хүн баярлахаар маш гоё ширээ хоёулаа засья” гэх мэт.
Энэ үед хүүхэд бусдын талархсан царайг харж тун ихээр баярладаг. Хүмүүс ч түүнтэй хүндэтгэлтэй харьцахад хүүхэд сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болж ирдэг. Эргээд бусдын тусламж ч хүүхдэд заавал ирдэг. Ингэж хүмүүс бие биеэ түшиж, аз жаргалыг бий болгож амьдардаг гэдгийг харуулахын хэрээр том болоод их олон хүний төлөө бүтээн босголтыг хийж чаддаг хүн болдог. Түүнийг нь өндрөөр үнэлдэг нь зах зээлийн хууль юм.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.