Үр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан
Гэр бүлд дулаан уур амьсгал чухал
Өрх гэр бүл нь аливаа нийгмийн нэгж, хүмүүсийн хоорондын харилцааны гол цөм юм. Гэр бүл бологсод хайр сэтгэлээрээ ханилан сууж гал голомтоо бадрааж нэг нэгнийгээ хүндэтгэн амьдрахын зэрэгцээ удам угсаагаа үлдээх нь хүмүүний жам ёс билээ. Айл гэр бологсод нь үр хүүхэд хүсэн хүлээдэг агаад эхнэр хөл хүнд болмогц баяр баясгалан болохын зэрэгцээ үүрэг хариуцлага улам нэмэгддэг.
Өөрөөр хэлбэл хөл хүнд эхнэр хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалах нь өрх гэрийн эзний хүндтэй үүрэг болдог. Эхнэрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн гол зүйл бол түүний сэтгэл санааг түвшин амгалан байлгах явдал юм.
Жирэмсэн эхнэрийнхээ сэтгэл санааг амгалан тайван байлгах нь өөрийнхөө удам угсаа болох ээжийнхээ алтан хэвлийд өсөн бойжиж байгаа таны үр сайн хүн болж эх орон ард түмэндээ тус хүргэхүү эсвэл тааруухан нэгэн болохуу гэдгийг шийдэж байгаа хэрэг юм.
Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийд байх үеэс эхлэдэг ажээ. Ингэхлээр жирэмсэн эхнэрээ уурлуулж уцаарлуулахгүй элдэв архи тамхи хэрэглэхгүй, садар самуун явдлаас ангид байж, эцэг хүний ноён нуруу, цөөн үг ухаалаг зан гаргаж байх нь хамгаас чухал юм.
Энэ ч утгаараа монголчууд хүний насыг эхийн хэвлийд олдсон үеэс эхлэж тооцдог уламжлалтай билээ. Мөн ээж болох гэж байгаа эрхэм та ч архи тамхинаас хол байж эхнэр хүмүүний ёс журмыг баримтлан эр нөхрөө хүндэтгэн байх аваас танай гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх нь дамжиггүй. Хүүхдийн хүмүүжил алтан хэвлийдээ тээж буй эхийн сэтгэл санаа үйл хөдлөлөөс хамаарах нь байтугай эхлэж олдсон нутаг уснаас ихээхэн хамаарч байгааг хүн төрөлхтөн ажиглан тогтоож улмаар био экологи хэмээх шинэ шинжлэх ухаан үүсэн хөгжиж түүнийг судлан шинжилж байна. Манай монгол эрдэмтэд энэ шинжлэх ухаанд хүч хөдөлмөр эрдэм мэдлэгээ зориулж улмаар монгол орны био энергийн төв нь Орхоны хөндийн ай сав болохыг тогтоосон байдаг. Ингэхлээр гэр бүл бологсод та бүхнээс зэрэгцэж баярлан, зөрж уурлаж амьдрахыг хүсэж байна.
Бага балчир насны суртал хүмүүжил
Айл гэрийн баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир болсон үр хүүхдээ хүн шиг хүн болгох цогц арга ухааныг боловсруулж ном судартаа мөнхлөн үлдээсэн ард түмэн билээ бид. Тухайлбал Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалд:
Аав ээж бологчид бээр үр хүүхэд хүсэж
Арай чарай нэгэн хоёрыг үзэхүл баясан
Аминаас үлэмжид санах ч зөвийн туйл.
Асрахын ёсон бүрийг мэдэх хэрэгтэй хэмээн айл гэр болсон хосууд үр хүүхэд чин сэтгэлээсээ хүсэж ганц хоёр хүүхэд мэндлэхэд туйлаас баярлан хөөрч амь насаасаа ч илүү үлэмж хайрлах нь туйлын зөвөөс гадна бас нялхасыг асрах ёсыг мэдэх зайлшгүй хэрэгтэйг сургасан байна. Нялхасыг асрах ёс нь:
Анхан цаг дор айлмайдаж эвдрэх нэгэн зүйл
Алжаасаар мах яс сул болох хоёр зүйл
Асар хурц идээгээр балай болгох гурван зүйл
Амаржихын онолтоор бэртэгдэх дөрвөн зүйл
Авам даруй засах ба угаах таван зүйл
Алсаар боох ба цэвэрлэх зургаан зүйл
Алин дээр алдагдвал нэгэн гэм дор хүртмүй
Ач үр хүсэгчид энэ бүрэн чухал хэмээн нялхасын асаргаа сувилгааг ёс журмын дагуу хийж идээ ундааг тохируулан хор шаргүй монгол хоол унд өгч эрүүл саруул өсгөн бойжуулахыг эцэг эхчүүдэд анхааруулан сургасан байна.
Нялх балчир насан дээр асран тэтгэхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэхэд анхаарал тавих хэрэгтэйг:
Унтахыг хэмнэвээс сэргэг хөнгөн болох ба
Ундааныг хэмнэвээс судал чанган болох ба
Уйлахыг арилгаваас сэтгэл агуу болох ба
Усгал нялхын суртал хэмээн олон мэргэд номложээ. Унтаж хэвтэхдээ уургын морь, урагшаа гишгэхдээ ургаа хад мэт болголгүй цаг нартай унтаж босоход балчир багаас нь сургахыг зөвлөсөн байна. Ер нь “Нойрыг сэрж бардаг”, “Орой унтвал нэгийг сонсдог, эрт босвол нэгийг үздэг” гэх зэргээр манай ард түмэн унтахыг төдийлөн чухалчилж үздэггүй билээ. Энэ нь унтахгүй бай гэсэн үг биш бөгөөд орой унтаж эрт босож эрдэм ном ажил амьдралдаа шамдаж ихийг бүтээхийг сануулсан хэрэг юм.
Дашрамд сонирхуулахад бид нэг хоногт дунджаар долоон цаг унтдаг гэвэл нэг жилд 2520 цаг буюу 105 өдрийг нойрсож өнгөрөөдөг ажээ. Тэгэхлээр монгол хүний дундаж наслалт 65 гэж үзвэл 65*105=6825 өдөр, үүнийг сард шилжүүлбэл 6825/30=227.5сар, жилд шилжүүлбэл 227.5/12=18.9 жил болно. Өөрөөр хэлбэл жаран тав наслахдаа хүн бараг 19 жилийг нойрон дундаа өнгөрөөдөг байна. Эндээс үзэхэд хамгийн багадаа насныхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг гэсэн дүгнэлт гарч байна.
Ийм учраас олдохдоо өдрийн од мэт ховор, эвдрэхдээ усны хөөс адил эрдэнэт хүмүүн төрлийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тухайтад үр хүүхдээ нойронд сэргэг номонд мэргэн болгож өсгөхийг эцэг эх бологчдод анхааруулж байгаа юмаа.
Үүний зэрэгцээ идээ ундааг зах хязгаартай идүүлж уулгаж багаас нь сургавал хүүхдийн бие эрүүл судал чанга өсөн бойждог болохыг сургасан нь өнөө үеийн бид ихээхэн анхаарууштай юм. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг элдэв сайхан өнгө, амтаар далдлагдсан хорт идээ ундаанд дадуулж хэвшил болговоос ухааных нь ир мохохын зэрэгцээ, зүсэн бүрийн өвчин эмгэг тусах үрийг тарьж ургуулсан хэрэг юм.
Харин урмаар тэтгэж сэдсэн санаа бодол үйл хөдлөлийг дэмжиж ганц хоёр жинтэй үгээр шагнаж байх нь нэн чухал ажээ. Дашрамд сонирхуулахад бидний балчир үрсдээ сав л хийвэл өгч эрхлүүлэх дуртай чихрийн найрлаганы 70% нь архины түүхий эдээр бүтдэг тул багадаа чихэр их идсэн хүүхэд том болоод архинд орох магадлал ихтэй байдгийг эрдэмтэд тогтоосон байгааг санахад илүүдэхгүй бизээ.
Мөн усгал нялхасын уйлахыг арилгавал сэтгэл нь саруул болох гэснээр багаас нь асаргаа сувилгаа, хайр халамжийнхаа жорыг тааруулж аль болохоор уйлуулж уур уцаарыг нь дэгжээн хөгжөөхгүй ая зөнгөөр нь тайван байлгавал хүүхдийн сэтгэл санаа уужим тайван өсөн өндийж улмаар нийгэм хамт олны дотор орохдоо аливаад хүлээцтэй хандах эх суурийг тавьдаг байна. Иймд бага балчир үрсдээ унтахыг хэмнэх, идээ ундааг хэмнэх, уйлахыг арилгах суртлыг багаас нь заан сургаж дадал хэвшил болгохыг уриалж байна.
Мөн цааш нь Гүнгийн зуугийн гэгээн бээр “Журам ёсыг хэрэглэвэл чулуу ч эрдэнэ” гэсэн нь аливаа юмс үзэгдэл тогтсон нэг ягшмал мөн чанараараа оршин байдаггүй хувьсан өөрчлөгдөж нэгээс нөгөөд шилжин оршдог юм. Нууцлагдмал дүрэм, журам ёсыг зөв хэрэглэвэл чулууг ч үнэт алтан эрдэнэ болгож болдог. Өөрөөр хэлбэл ёс журамтай өсгөж хүмүүжүүлбэл төрөлх чанар нь уур уцаартай, харгис догшин байсан ч түүнийг хүн шиг хүн болох эсэх нь ээж аав бидний үр хүүхдээ хүмүүний ёс журманд хэрхэн сургаснаас л бүрэн хамаарахыг сургасан ажээ.
Харин “Журам дүрэм алдагвал үр дайсан болоод, Зарчим үгүй мухар үхэр өвчүүнийг мөргөмүй” хэмээн үр хүүхдээ дүрэм журам, ёс суртахуунгүй өсгөж хүмүүжүүлбэл эргээд дайсан болж өөрөө мөргүүлж өвдөг доор нь энэлэн зовдог энэ хорвоогийн үнэн хатуу жамыг бидэнд сануулсан юм.
Ингэхлээр ах захаа хүндлэх, өндөр настанг өргөх, үеийн нөхөддөө туслах, айж ичихийг бага наснаас нь оюун ухаанд хэвшүүлэхгүй бол дарахад бэрх дайсан болгочихоод өөрсдөө айн бэргэж суух үедээ, үрдээ гомдохоос гадна өөрийнхөө бурууг бас хүлээх хэрэгтэй аж.
Ийм учраас
“Цус шингэн судал хөнгөн таван насны үед,
Чанарыг зөвшөөн усгал уран сургалтай
Чадал тамир бадрах арван наснаас дээш
Чанга зориг эхэлж сургаал үл авмуй…” хэмээснээр цус шингэн, судал хөнгөн, оюун ухаан нь аливаа муу зуршилд автагдаагүй гэгээн саруул, аав ээжийнхээ үг, үйл хөдлөлийг дууриамтгай, уян зөөлөн насан дээр нь хүмүүний төрөлх мөн чанар болох аливаа амьтыг хайрлах, бусдад туслах, эрдэм номонд шамдах, бусдын тусыг санах, ажил хөдөлмөрт шамдах зэрэг сайн сайхан үйлсийг илэрхийлсэн тоглоом наадам, үг яриа, үйл хөдлөлөөр сурган хүмүүжүүлэх хэрэгтэй гэдгийг сургасан болой.
Ер ганц манай ард түмэн ганцаараа бага насанд нь сургахыг чухалчилдаг юм биш Зөвлөлтийн үеийн Укрианы нэрт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко: “Хүүхэд тав хүртэлх насандаа бүх хүмүүжлийнхээ 90%-г олж авдаг” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад эхээс мэндлэн ээж аавын хайранд умбасан эхний таван жилд та хэрхэн хүмүүжүүлэхээс ирээдүй хойшид ямаршуухан хүн болж эх орон ард түмэндээ үнэлэгдэх нь бүрэн хамаарах болж байдаг байна. Эхийн хэвлийд олдсноос зургаан нас хүртэлх хугацаанд усгал зөөлөн хүмүүжүүлээгүй бол чадал тамир бадрах, зүрх зориг чангарах арван наснаасаа үг сонсохоо больж гадны нөлөөлөл ихсэн найз нөхдийн үг үйл хөдлөлийг; аав ээжийн үг, үйл хөдлөлөөс үнэ цэнэтэйд хүлээн авч эхэлнэ. Тэгэхлээр сайн муу юмс үзэгдлийг хамгийн хурц хүлээн авч сурдаг бага балчир насанд нь бусдыг энэрэх, хайрлах, бусдад туслахаас гадна хатуу үг, хатуужил бэрхшээлд сургахыг мэргэд ном судартаа олонтой зарлигласан байдаг. Арван насан дотор ийм суртал ухааны тариаланг оюун ухаанд үрслүүлж өгөхгүй бол ”Буруу эрхлэсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг болох амой.
Энэрэл хайр, зэмлэл шийтгэл
Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гэсэн зарчмаар үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг уламжлалтай. Энэ нь хушуу дэвсэн эрхлүүлэх бус цөөн үг, харц хоёроороо хүүхдийн үйл хөдлөл зөв буруу байгааг өөрт нь ойлгуулж гаднаа ширүүн дориун байгаа мэт харагдавч дотроо хайрлан ертөнцийн жам ёсонд сургадаг байна. Хэтэрхий их эрхлүүлэн өөр бусдаас өмөөрч ямар ч сургаалгүй өсгөвөл
Хөвгүүнээ сургаал үгүй, элмэг эр болговол
Хүнд үндсийг бузарлаж, төр ёсыг харшмой.
Хүүхнээ суртал үгүй золбин эм болговол
Хүмүүн бүрийг бузарлаж аймаг улс гутмой хэмээн мэргэд зарлигладаг. Хөвгүүнээ хэтрүүлэн эрхлүүлж сайхан өнгө, тансаг амт, үзэсгэлэнт дүрс, эгшиг яруу дуу, зөөлөн хүрэлцэхүй тавд шунахаас өөр сурталгүй өсгөвөл удам угсаа бузарлаж улмаар төрт ёсонд харшлах бол охин үрээ дураар нь тавьж “толгой” дээрээ гаргавал улс аймгийг гутаах бүр аюултай ажээ. Мөн Солонгос ардын “Хүүхэддээ хайртай бол саваагаа бүү хайрла” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь та хүүхэддээ үнэн сэтгэлээсээ хайртай бол бас зэмлэхээ бүү март гэсэн үг юм.
Мэдээжийн хэрэг хүүхдээ өдөр бүр харгис хэрцгийгээр балбан зодож, орчлонгийн муу үгээр дайрч доромжилж бай гэсэн утга огт биш бөгөөд хайрлаж энэрэхийн зэрэгцээ зэмлэн буруушааж бас зохих шийтгэлийг нь бие болон сэтгэл санаанд нь хохирол учруулахгүйгээр өгч “Дөргүй бух” болохоос сэргийлж буй хэрэг юм.
Ерөнхийдөө хайр энэрэл, хатуу зэмлэл хоёрын алтан дунджаар хүмүүжүүлэх хэрэгтэй ажгуу. Хэрвээ алтан дунджаас хоёр тийшээ хэлбийгээд байвал өөрийгөө болон өрөөлийг зовоох хүмүүн болно гэсэн үг л дээ. Тэгэхлээр ямар сурталаар хүмүүжүүлэх талаар мэргэд ийн хэмээн сургажээ.
Эе эвийн суртал үгүй хэрцгийгээр өсгөвөл
Эевэргүй, нөхөр үгүй нэгэн нас гутмой хэмээн эвсэг найрсаг бусдад тусладаг санаа бодлоо ойлгуулж чаддаг болгон хүмүүжүүлэхгүй бол бусдын сайн муу үгийг даадаггүй, элсэг дотно найз нөхөдгүй ганцаараа энэ насыг уйтгар гунигийн дунд өнгөрөөхийг сургасан байна.
Хэтэрхий харамч, хар амиа боддог, хов живэнд дуртай, шарыг харж шарваж, улааныг харж урвадаг, дээдэст зусар, өнчин ядуу доордост дээрэнгүй, өөрийгөө төвийлгөж, бусдыг доорд үздэг, өөрийнхөө хүч чадал, эрдэм мэдлэгийг буруу үнэлдэг, хар муу санаатай, гутранги, итгэлгүй, бусдыг магтах сайшаах дургүй хүмүүс ганцаардмал байдаг тул эдгээр муу зүйлүүдийг үр хүүхдүүдийнхээ оюун ухаанд хэвшүүлэхгүй байхыг анхаарч байх нь зүйн хэрэг.
Ингэхлээр хүн төрөлхтний амьдрал нэг нэгэндээ түшиглэн оршдог хатуу жам ёстойг сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэм дэмэндээ дээс эрчиндээ, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зүйр үгсийн утга санаагаар хүмүүжүүлэх нь чухал юм.
Эргэлзэх тал өнгийн журам үгүй сургавал
Эгнэгт орцгүй, гарзаар хомстмуй гэдгээр аливаа юмс үзэгдэл, үйл хөдлөлийг ямар нэгэн эргэлзээгүй шууд өөрийн муйхар оюундаа бодсон бодлоороо хийж гүйцэтгэх, бодох, үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэх зэргээр хандахгүй байхыг сургажээ. Өөрөөр хэлбэл үндэс суурьтай аливаа юмсыг олон талаас нь бодон тунгааж шинжилдэг байх нь чухал юм.
Ер нь гүн ухааныг заримдаа эргэлзээ хэмээн тодорхойлдог явдал байдаг. Эргэлзэх нь ухаантай хүний шинж аж. Эргэлзэхгүй, онолын иш үндэслэлгүй юманд хандаж сургавал орох орцгүй хадан хясаа руу дайран улмаар олсон олзгүй гарз болж өөрийгөө хохироодог байна. Ингэхлээр долоо хэмжиж нэг огтолж сургах шаардлагатай.
Аж ахуй арвитгах суртал үгүй өсгөвөл
Аавын хишиг барагдаж дутал зовол үзмүй.
Бага балчираас аж ахуйг арвилан хэмнэх, өсгөн үржүүлэх арга ухаанд сургахгүй бол аав ээжийн өвлүүлсэн эд хөрөнгийг барж дуусаад ядуугийн зовлонг амсан амьдрал туулна хэмээн сургажээ. Тэгэхлээр та дуслыг хураавал далай дуулсаныг хураавал эрдэм гэсэн зүйр үгийн утга санаагаар үр хүүхдээ хүмүүжүүлээрэй.
Үсэг эрдэм сургалгүй эгэл балай болговол
Үзэлгүй сохор мэт гагц хүчин зармуй
Үргэлжид эрдэм ном дор боловсрох болбол
Өвөр бусад алин дор ч тус буян түгмүй.
Бага балчир наснаас нь эрдэм номонд сургахгүй бол нүдэн сохор чихэн дүлий болж биеийн хүчин зарахаас өөр аргагүй ядарч зүдэрч амьдрах бол эрдэм номонд сургавал өөртөө болоод бусдад тустай буян хийж тэнүүн сайхан амьдардаг жамтайг ойлгуулаарай. Мөн Ноён хутагт Данзанравжаагийн Нарны гэрэл хурц ч үүлгүй бол нэн сайн. Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайхан гэсэн алтан сургаалыг үр хүүхэддээ цээжлүүлэн эрхэм баян эрдэм гэсэн үгийн утгыг оюун ухаанд хэвшүүлж дадал болговол сайн байна.
Ер нь хүмүүний амьдралын бүх зүйл өөрийн гэсэн хэмжээ, цаг хугацаатай байдаг агаад сурч боловсрох цагт нь сургахгүй бол хожим хойно хичнээн шамдаад ч сурдаггүй нь бодит амьдралаас тодорхой харагддаг тул бага балчир насанд нь эрдэм ухаанд суралцах дөр оруулж сургах нь маш чухал юм.
Мөн эртний мэргэдийн сургаалаар гурван нас хүртэл нь хаан мэт тахь. Гурваас арван насанд нь усгал зөөлөн сургаалд шамдуулан зарц боол мэт зар. Арван гурван наснаас дээш найз нөхөд мэт нөхөрлөж аль болохоор үр хүүхэддээ ойр дотно харьцаж сурган хүмүүжүүлдэг байжээ. Ингэхлээр үр хүүхдээ цэцэрлэг сургуулийн багш нарт даалгачихаад өөрөө жаахан ч гэсэн анхаарал тавихгүй мөнгө төгрөг өмч хөрөнгийн төлөө гүйх нь тийм ч сайн үр дүн авчирдаггүй бололтой. Хөгжил дэвшлийн дээд шатанд хүрсэн улс гүрнүүдийн эхчүүд хүүхдээ сурган хүмүүжүүлэх ажилд бүх насаа зориулж байгааг та харж байгаа биздээ.
Ингээд та бүхэнд манай ард түмний ажил амьдралдаа баримтлаж байдаг мэргэдийн номлосон зарчмуудыг толилуулж байна.
Бага наснаасаа эцэг эхээ баярлуулж элбэрэлийг баримтлах
Бардам омгоо тэвчиж зөв шударга явахыг баримтлах
Баатар больё гэвэл хэтэрхийг эс хүсэн, номхоныг баримтлах
Бат төрийн албанд зүтгэж цааз хуулийг баримтлах
Багш ба алсын сургаалд шүтэн эрдэмтэй болохыг баримтлах
Баахан ашиг завшихыг бодож гэнэдүүзэй, сэрэмжийг баримтлах
Басамжлах, дарлах, балмад аашийг үл дууриан болгоомжийг баримтал
Байн байн хэлсэн үг үнэн сургаал гэж санаж баримтлах гэсэн үндсэн зарчмыг баримтлаж үр хүүхдээ хүмүүжүүлээрэй.
Монголчуудын харьцаа соёлдоо эрхэмлэж байсан зарчмууд
Өнөө цаг үед тавигдаж байгаа хамгийн чухал шаардлага бол харилцааны соёл юм. Та бүхэн өдөр бүр харж уншиж байгаа ажилд авах зар мэдээнд тухайн хүнд тавигдах шаардлагын хамгийн эхэнд харилцааны соёлтой гэж шаардаж байна. Тэгэхлээр та хэдий өндөр боловсролтой ч харьцааны соёлгүй аваас ажил хөдөлмөр эрхлэх аргагүй болжээ. Иймээс монголчууд хүнийг хэрхэн таних, хэнтэй хэрхэн нөхөрлөх мөн хүний өөрийнх нь язгуур мөн чанарын тухай гүнзгий арга ухааныг яруу сайхнаар дүрслэн харуулсан байдаг.
Тухайлбал Говийн ноён хутагт Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаалдаа: Хүмүүний бие, хэл, сэтгэлийн хандлагыг тодорхойлохдоо:
Биеийн гадаад байдал гэвэл
Ёстныг хүндэл
Настныг баярлуул
Ачтанаа өргө
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал…хэмээсэн нь Ёстныг хүндлэн дээдэлж, өндөр нас сүүдэр зооглосон ахмад буурлуудыг цаг ямагт өргөл хүндлэлээр баясгаж, ач тус хүргэсэн хэнийг ч байлаа үг хэлээр сайшаан магтаж, биеэр хүндлэл үзүүлж, сэтгэлдээ ерөөн дээдэлж байхыг, харин башир хуурмаг хүнийг танингуутаа түүнийг мөнхийн дайсанд тооцолгүй харин зай барин уулзах учрахдаа мэндийн зөрөөтэй явахыг сургасан бол, эрдэм номоор тэтгэгч багш, энэрэл хайр, эд хөрөнгөөр тэтгэсэн аав ээж тэргүүтэй буянтангууд болон эрдэм номноос бүү салаарай гэж сургасан байна.
Хэлний өгүүлэх хэмээвээс:
Эвлэж муу санаатантай бүү зөвш
Эвдэрч олон зан бүү гарга
Хордож бусдын гэмийг бүү малт
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү өгүүл хэмээн сургасан нь муу санаатай хүнтэй нийлж хамтарч зөвшсөн хэл яриа нь адаг сүүлдээ өөрт болоод өрөөл бусдад гай түйтгэр болдог тул түүнээс сэргийлэхийг, олон ааш бүү гарга гэдгээр өөрийн амьдралд гарсан түр зуурын элдэв сайн сайхан зүйлд ташааран бардамнаж онгироо дээрэнгүй, ихэмсэг зан бүү гаргаарай эцэстээ бидний буух цэг нэг л байдаг шүү гэдгийг сануулаад, харин бусдын өнгөтэй өөдтэйд хорсож гэм бурууг бүү малтаж бай! харин ч өөрийнхөө гэм бурууг цаг ямагт санаж бусдын дэвшил хөгжлийг харан бахдаж байвал тэр өндөрлөгт төдөхгүй хүрэх болно гэж сургасан агаад мөн хэн нэгэнтэй хушуу амаа холбож хэрэггүй чалчаа үг бүү өгүүл. Чалчаа үг нь бусдын ном буян хийх ажил төрлөө амжуулахад саад төвөг болохоос өөр тус нэмэргүй юм. Харин бусдад туслах, ном буянд шамдах зэрэг сайн үйлийн үг өгүүллийг чалчаа үг гэдэггүй юмаа.
Сэтгэлийн чиг хэмээвээс:
Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү зальхайр
Гэнэт нөхрийг бүү шүт
Гэнэдэж хүнээс бүү урьт
Буруу юмыг бүү өмөөр
Бусдын юманд бүү шуна
Бузгай дээрэнгүй бүү загна
Бузар хилэнцийг бүү үйлд хэмээн аливаа юм үзэгдлийг мөн чанарыг иш үндэслэлтэй шинжлэн сэтгэх хэрэгтэй бөгөөд өөрийн дураараа үнэлэлт дүгнэлт гаргахгүй байхыг сургахын зэрэгцээ бие хэл сэтгэлийн үйлээ үргэлжид хянамгайл. Тэдгээрийг буруу муу үйлийн зүгт хандуулваас буян хишиг доройтож буян ном, ажил үйлсийн зам хотойхыг сануулсан байна. Мөн илт буруу зүйлийг өмөөрч өөрийн эрх мэдлийг ашиглан бусад хувь хүн болон нийгэмд гай зовлон авчирч өөрийнхөө замд гай зовлонгийн тариаланг бүү тарь гэж айлдсан байна.
Бусдын юманд битгий шунаж бай гэдгээр өөрийн арга ухаан хүч хөдөлмөрөөрөө олсон өөр бусдын эд хөрөнгө, эрдэм мэдлэгт шунаж атаа хорсол төрж аргаар болон хүчээр салгахыг бүү бодож бай өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр унана гэдэг болно шүү дээ гэж сургажээ.
Ямар ч тохиолдолд бусдыг бүү дээрэлхэж бай гэдгээр хамгийн сайн ялалт бол хамгийн сайн буулт хийх гэдгийг ухаан санаандаа дадуулж байхыг сануулсан хэрэг юм.
Бузар хилэнцийг бүү үйлд гэдгээр бие хэл сэтгэл гурвын үйлээс хамгийн гол нь сэтгэлийн үйл юм. Яагаад гэвэл Бурхан шашны сургаалд
Сэтгэл ноёлог бөгөөд шаламгай гэж сургасан байдаг.
Мөн манай ард түмэн сайн санааны үзүүрт тос хэмээн хэлэлцдэг. Үнэхээр сэтгэл бүх үйлийн урд хөдөлдөг. Өөрөөр хэлбэл сэтгэлдээ эхлэж бодсоны үндсэн дээр бие болон хэлний үйл үйлдэгддэг.
Ингэхлээр үйлийг тариа ногоотой зүйрлэвэл түүний үр үндэс нь сэтгэл юм. Хавар сайн чанарын үр тарьж намар арвин ургац авахыг тариаланчид эрхэмлэдгийн адил сэтгэлдээ сайн үр таривал та элбэг хангалуун аз жаргалын арвин ургац хураах болно.
Иймээс сэтгэлээ хянамгайлан үйлдэхийг сургасан байна. Үнэхээр амь насанд аюултай хорт ургамал тарьчихаад амтат алим авна гэж бодож болохгүйн адилаар та өөрөө амгалан жаргалтай, өвчин зовлонгүй амьдарья гэж бодож байвал Бурхан номонд сүжигтэй, аав ээждээ тустай, аливаа ажил төрөлдөө чин сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй аж.
Ханьсан нийлвээс зохистой нөхрийн шинж
Манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан өөрийн уламжлалт Бурханы шашны үзэл, тогтсон тааллуудтай аалзны тор адил нарийн сүлбэлдэн оршин байдаг. Энэ ч утгаараа алдарт гүн ухаантан Их бандида Нагаржунай бээр “Хаанд илгээсэн захидал” хэмээх бүтээлдээ Ханьсан нөхөрлөвөөс зохистой нөхрийн шинжийг
Дотроо болсон гаднаа түүхий
Дотроо түүхий гаднаа болсон
Дотор гадна хоёулаа түүхий
Дотор гадна хоёулаа болсон анар жимс шиг
Дөрвөн зүйлийн хүн буйг онож зохиогтүн гэж айлджээ. Энэ айлдварын утга нь санаа сайн ч харьцаа муу; санаа муу ч харьцаа сайн; санаа, харьцаа хоёулаа муу; санаа харьцаа хоёулаа сайн гэж хүмүүнийг ерөнхий дөрвөн зүйл ангид хуваагаад санаа харьцаа хоёулаа сайн хүнтэй шамдаж нөхөрлө гэж сургажээ.
Ер нь хүмүүний уугуул болон таримал зан чанарыг хэн нэгэн хөндлөнгөөс шууд засан залруулах бололцоогүй тул түүнд нь тохируулж харьцахыг Говийн ноён хутагт Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаалдаа:
Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул
Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул битгий хэрэгс
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов харамлах тул арилжаа бүү хий хэмээсэн нь уур омогтой, атаач, харамч, дээрэнгүй төрөлх зан авиртай хүмүүстэй зай барьж харьцах буюу өөрийнх нь дуртай зүйлээр баясгаж аль болохоор эе эвийг хичээхийг сургажээ.
Ер нь ямар ч хүмүүстэй нэгэн үе анд бололцон тэвэрэлдэж, агшин зуурт атаат дайсан болон тэмцэлдэхгүй уулзвал эелдэг сайхан байдлаар хүндлэл үзүүлээд, далд зуур хүмүүст сайн муу ярихгүй байх нь хамгийн сайн харилцааны хэлбэр юм.
Өөрийгөө зөв үнэлэх
Өөрийнхөө хэр чинээг зөв үнэлэх нь өөрт болоод бусдад тустайг Оюунтүлхүүр хэмээх сургаалд
“Арслангийн омог арсландаа зохино
Үнэгний уран мэх үнэгтээ зохино
Арслангийн баатар омог үнэгэнд тус үгүй
Үнэгний уран арга арсланд тусгүй
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээн хэр чинээгээ мэдэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж явахыг сургасан нь оногдсон хувь тавилан, сурсан эрдэм мэдлэгийнхээ хир хэмжээгээрээ амьдарч явахгүй бол үнэг байж арслан мэт зан ааш гаргаж амьдарвал амь нас болоод ахуй амьдралд тун хортой болохыг мэргэд цаг, цаас хайрлахгүй олонтой тэмдэглэдэг юмдаа.
Эрдэм ном сурах арга барил
Эрхэм баян эрдэм ном гэж манай ард түмэн үр хүүхдээ нялх балчираас нь эрдэм номтой хүнд шавь оруулан сургаж ирсэн баялаг түүхтэй билээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал Сүхбаатар жанжны гэрийн багш Онходын С.Жамъян гуай
Эрдэм сурахыг хүсвэл…
Өөрөөсөө дээш эрдэмтэн ахас ихэс хүмүүсээс эмээн шантраад мэдэхгүй зүйлээ асууж лавлаж чадахгүй хоцрохын халхавч
Үеийн нөхдөөс мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж өөрөө мэддэг дүр гарган мэдэхгүй хоцрох нэрэлхэхийн халхавч
Мэдлэг багатай буюу өөрөөс дорогш хүмүүсийг юу ч мэдэхгүй гэж басамжлан үл тоож асууж мэдэхгүй хоцрох дээрэнгүйн халхавч
Эдгээр шантрах, нэрэлхэх, дээрэлхэх ухамсаргүйн гурван халхавчийг… хаяж
Ахмадаас халшралгүй асууж лавлан мэд!
Өөрийгөө мэдэхгүй гэж хэлэхээс ичилгүй үеийн хүмүүсээс асууж лавлан мэд!
Бага хүмүүсийг гололгүй асууж лавлан мэд! хэмээсэн нь эрдэм ном суралцахдаа хоцрогдлын давуу талыг ашиглах хэрэгтэй гэсэн санаа юм. Хоцрогдлын давуу тал гэдэг нь өмнө тэр хүмүүсийн суралцахдаа зарсан цаг хугацаа, хүч хөдөлмөрийг та хэмнэж шууд сурч мэдэж аваад цааш хөдөлнө гэсэн үгээ.
Мөн Бурханы шашинд эрдэм ухааныг сонсох, санах, бясалгах гэсэн гурван аргаар сурдаг гэж номлодог. Энэ нь Бурхан шашны эрхэм зарлигуудад суралцах арга бөгөөд утгыг нь явцууруулан авч үзвэл эхлээд багшаас сонсож номынхоо амт шимтэнд орох дур хүсэл бий болдог.
Дараа нь өөрөө утгыг нь оюун санаандаа байнга санаж дэлгэрүүлэн суралцаж улмаар жинхэнэ шинжлэн бясалгаж үнэлэлт дүгнэлт өгөх ажилдаа шуурхайлан ордог жамтай ажээ.
Мөн Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтно гэж хэлсэн үг нь ном эрдэм сурах нь үнэхээр хүнд бэрх зам мөн бөгөөд хэн түүнийг эрхэм болгож хөлс хүчээ гаргана тэр цагт замын алжаал бэрхшээл багасаж хар аяндаа гэрэлт ирээдүй өөд хөтлөн баяр баясгалан авчирч элдэв зүйлийн учиг тайлагдаж эхэлнэ гэсэн гүн гүнзгий утгатай сургаал юм. Түүнээс биш багшийн заасан ганц хоёр цагийн хичээлийг дутуу хагас цээжилчихээд би ойлгож, байна онц сурч байна гэж өөрөө өөрийгөө хуурах хэрэггүй юм даа.
Манай зарим нэгэн оюутан сурагчид онц авахыг гол болгож онц сурахыг ойшоохгүй байдаг тал бий.. Онц сурах, онц авах хоёрын хооронд уул тал хоёр шиг их ялгаатай гэдгийг санахад илүүдэхгүй ээ. Мөн эрдэм ном сурахдаа багшийгаа хүндлэх түүний эрдэм номонд бишрэх хэрэгтэй. Ямар үед онц сурч байна гэж бодох вэ? гэвэл тухайн хичээлийг зааж байгаа багшаасаа хол давуу болж байвал сая та онц сурч байна гэж өөрийгөө ойлгоорой. Тэгээд онц сургасан багшийгаа чин сэтгэлээсээ хүндлэн талархаад дараагийн шатны эрдэм мэдлэгтэй багшаар гүнзгийрүүлэн заалгаарай. Ийм л маягаар эрдэм номын их далайд аялж сурвал та дэлхийд гайхагдсан сайн эрдэмтэн болж чадна.
Өөрөөр хэлбэл олимпийн аварга боксын тамирчин дасгалжуулагч багшийгаа ренгенд ялж чадахгүй бол дэлхийн дэвжээн дээр алдар цолоо дуудуулж чадахгүй биздээ. Нөгөө талаасаа шавиасаа хамгийн хурдан хоцорч байгаа багшийг л хамгийн сайн багшид тооцдог юмдаа.
Ном сурахад баримтлах зүйлүүд
1.Багшийгаа өргөн хүндлэх
2.Уг судалж байгаа зүйлдээ дур сонирхолтой байх.
3.Судалж байгаа зүйлийнхээ гол цөм хэсгийг ягштал цээжлэх.
4.Цээжилсэн, сурсан, мэдсэн зүйлээ дахин давтаж өөрийн болгож бусад ном судрыг түүн рүүгээ хуйлруулан ойлгох.
5.Би чадаж байна. Би сурчихлаа гэж цээжээ бүү дэлд. Эрдэм ном хязгааргүй
6.Ахуй, материаллаг зүйлийг эрхэм бүү болго
7.Хөлс хүч гаргахгүйгээр адгийн худалдаа наймаачин ч ашиг хонжоо олдоггүйг байнга сана гэсэн эдгээр долоон зарчмыг баримтлан ажиллавал амжилтанд хүрнэ гэж бодож байна.
8.Эртний мэргэдийн түүхээс харахад сэрүүн гэр орон, чанартай бага хоол зооглож байсан харагддаг.
С.Даваабаяр
2012.02.02