ҮНДЭС бол НАВЧ биш!!!
“Энэ царс ургахын тулд хэдэн зууныг туулах юм. Энэ бизнес босохын тулд хэдэн үеийг элээх юм”
Ж.Лувсандорж
CEO NMMAteam
1000 жилийн настай аварга том Царсны түүхээр аялцгаая. Царс бол нэг настай ганган цэцэг биш. Тиймээс түүнд үндэс хамгаас чухал. Нэг настай цэцэгт жижиг үндэсхэн байхад л хангалттай. Цэцэглэнэ, хагдарна. Гүйцээ. Харин Царс бол өөр.
Тэр 1000 жил ургахыг хүснэ. Тиймээс тэр маш сайн үндэслэх хэрэгтэй. Бяцхан царсны жижигхэн үндэс шууд л газрын гүнд нэвтрээд л бөх бат үндэслэчихгүй. Тэр газрын гүнд улам бат шигдэхийн тулд бүх чадлаараа их удаан хичээх хэрэгтэй. Бороонд норсон ч шолбойх ёсгүй, наранд халсан ч хатах эрхгүй. Хад чулуу таарлаа гээд нугарч хугарах ёсгүй. Нэвт гарч улам л цааш үндэслэх ёстой. Бяцхан үндэс хичээсний эцэст хад чулууг ч үйрүүлж улам цааш үндэслэнэ. Үер ч түүнийг зүгээр орхихгүй ширүүн урсгалаараа шоглоод өнгөрөх гэнэ. Тэр шоглоомыг давахын тулд эцсийн хүчээ дуустал газраас зуурна. Тэсгим хүйтэн бас л хөлдөөх гэж оролдоно. Түүнд зорилго байгаа учраас эцсийн амин халуунаа дуустал хүйтэнтэй тэмцэнэ.
Энэ бүх бэрхшээл энэ хорвоогийн царсханы тоог нэгээр хасах шалтаг биш, харин хорвоогийн хамгийн том царс мод болохын төлөө улам гүн, улам бат бөх үндэслэх шалтгаан болно.
Хэрвээ үндэс газарт гүн үндэслэж чадвал одоо түүнээс иш ургана. Ишнээс салаа мөчир ургана. Салаа мөчирөөс навч нахиа нахиална.
Ингээд аварга том царс зуу зуун жил ургана. Үр жимс хийсэж хорвоогоор нэг ургана.
Үндэсний түүх бол энэ. Харин навчны түүх бол өөр. Тэр бол навч. Навч дээр нар тусна, бороо шивэрнэ. Хавар нахиална, намар гандана. Энэ бол навч. Тэр хад чулууг бутлаагүй, хар шуургыг сөрөөгүй.
Бид навч байж болох байсан. Навч болох амархан байсан. Монголд биш хаа нэгтээ ургасан модны навч нь байж илүү амар, илүү санаа зовох зүйлгүй амьдарч болох л байсан. Гэхдээ бид тэгээгүй. Бид том модны навч нь байж баясаж амьдрах биш, өөрсдөө том модыг үндэслүүлэхийг зорьсон.
Бидний бизнес дөнгөж үндэслэж байна. Бид бол навч биш үндэс. БИД БОЛ ҮНДЭСЛЭГЧИД. Үндэс байх зохиол навч бүрд олдохгүй.Гэрэгэ, Эрхэт, Зарлигийг бид үндэслүүлсэн.
Үндэс байхын тулд үндэсний шинж чанарыг өөртөө агуулах хэрэгтэй. Үндэс байхын тулд хүчирхэг үндэсийг удаан ажиглаж түүнээс суралц. Энэ мод мянган жил ургаж олон монгол хүн үр жимсийг нь идэх болно. Үндэслэгчдээ!!!
ҮНДЭС бол НАВЧ биш!!!