Үерхэл-дурлал-хайр
12 жил, 11 сар өмнө


Үерхэл шохоорхол хайр гэдгийг ялган таньж болдог уу? гэсэн асуултыг охид хөвгүүд олонтаа асуудаг. Энэ тухай аминчхан яриа дэлгэхийг хүсдэг. Болохгүй юм юу байх вэ, бүгдээрээ ярилцъя. Намайг 10-р ангид байхад манай ангийн Саранцэцэг нэгэн хүүтэй үерхдэг байлаа.

Одоо ч тэд тэр үерхлээ хэвээр байгаа гэж үздэг. Гэхдээ Саранцэцэг, Сүхээ хоёр хамт амьдраагүй юм шүү. Тэр хоёрын анх танилцсан тухай саная. Тэр өдрөө Сараа маань бөөн баяр болоод гэртээ ирсэн юм. Амандаа дуу аялан гэрийнхээ хамаг ажлыг амжуулчихлаа. Хэдэн гартай болчихоо вэ гэмээр тун ч шалмаг харагдана. Түүнд жигүүр ургажээ гэдгийг ээжээс нь өөр хүн анзаарсангүй. Хонгорхон хүүхэд насандаа ийнхүү догдолж байснаа ээж нь нэхэн дурсаж тэд энгийн хэрнээ халуун яриа өрнүүллээ.

Ээж: Миний охин хэн нэгэнтэй уулзаа юу?

Охин:Тэгсээн, би нөгөө ангийн Сүхээтэй танилцаад...

Ээж: Өө тийм үү. Дараа нь надтай танилцуулаарай.

Охин: За за таныг аашлахгүй гэж мэдсэн бол сая танилцуулчихдаг байж.

Сүхээ их гоё бүжиглэдэг. Сагс тоглохдоо бүр ч мундаг. Өнөөдөр надтай танилцна гээд бүр гоёчихсон гутлаа гялалзтал нь тосолчихсон байна лээ. Маргааш бид хоёр физикийн шалгалтандаа бэлдэнэ гэсэн. Одоо би хичээлээ уншихгүй бол маргааш юу ч мэдэхгүй ичгэвтэр юм болно. Хурдхан шиг цайгаа ууя.

Ээж: Тэр хүү чинь хичээлдээ гайгүй юм аа даа.

Охин: Гайгүй ээ. Миний үерхдэг хөвгүүдээс хамгийн дажгүй нь. Сүхээ бүх хичээлдээ дуртай гэж ярьж байсан.

Ээж: Миний охин ч гэсэн дуртай биз дээ. Охин инээлээ.

Саранцэцэг өөрт нь их таалагдсан үе тэнгийн хөвгүүнтэй танилцсан учраас жигүүр ургасан мэт догдолж байлаа. Эндээс л үерхлийн ялгаа, шохоорхол хайрын тухай зааглал үүсдэг бололтой. Охид эсвэл хөвгүүдийн хоорондын үерхэлд бие биедээ тусалсан нөхөрлөлийн шинж давуу байдаг бол хөвгүүд-охидын үерхэлд бие биедээ тусалж дэмжихийн зэрэгцээ олноос онцгойлж хардаг шохоорхлын шинж давамгайлдаг. Саранцэцэг Сүхээг үнэлж магтаж байгаа нь түүнийг шохоорхож байгаагийн шинж. Ийм шохоорхол дурлал хайр болж магадгүй байдаг.

            Дурлал нь ч бай хайр нь ч бай үүнд нэг л чухал зүйл бий. Энэ бол юу вэ гэхээр эдгээр нь бид хүмүүсийн харилцааны сургууль болдогт байгаа юм. Үерхэл-хайр-дурлал-шохоорхлоос бид сайн сайхныг мэдрэн өөртөө шингээн авч муу муухайд нь гунин гутарч амьдралд хатууждаг. Эдгээр харилцааны дараа хүн бүхэн тодорхой хэмжээний дурсамж, туршлагыг сэтгэлдээ үлдээж амьдралд суралцаж байдаг. Үүний улмаас “сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэдэг үг гарсан биз ээ. Үүнийг хүүхдүүд анзаарах бас анхаарах ёстой юм.

            Шохоорхол хайр дурлал хоёр шилжилтийн насны олон хүүхдүүдийн тулгамдсан асуулт болдог. Шохоорхол замхраад л арилчихдаг бол хайр дурлал үүрд үлддэг гэдгээр амархан тайлбарчихаж болох ч аль нь үргэлжилж аль нь замхрахыг яаж мэдэх билээ. Цаг хугацаа л харуулдаг биз ээ.

 Чамайг мартъя гэвч мартаж чадахгүй юм.

Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?

гэж Салхи хамтлагийн “Мартагдашгүй хайр” дууны дахилтын хэсэг.

            Саранцэцэг Сүхээ хоёр одоо хэр нь бие биедээ тусалсаар үерхсээр байгаа. Саранцэцэгийн хувьд Сүхээг шохоорхож байсан боловч анхны хайр нь Энхбаяр байж, Сүхээгийн хувьд сурагч ахуй наснаас нь эхэлсэн нандин үерхэл нь Саранцэцэг байсан ч хайр нь Оюумаа байж гэдгийг би ойлгосон юм.

            Үнэхээр үерхэлийг тэр ариухан утгаар нь ойлгож нандигнана гэдэг ямар үнэтэйг би ойлгосон юм. Гэнэн насны үерхэлээ гашуун дурсаж, гомдол гунигаар сольчих нь зөндөө тохиолддог шүү дээ. Тэгэхлээр үерхэл гэдэг үерхэл л байдаг юм байна. Ийм нэгэн шүлгийн мөрүүдийг Саранцэцэг унших дуртай байдаг юм.

      Ангийн хэдэн андтай дуулан шуугин дассан ч

        Алаг нүдэн хөвгүүн миний зүрхэнд хоногшсон

        Хорин хэдэн хөвгүүдээс онцолж чамайг гэж байхдаа

        Хүндэтгэл нөхөрлөл гэдгийн үнэ цэнийг ухаарсан

        Баярлалаа анд минь чамд

Багын минь үерхэл мөнхийн нөхөрлөл, мартагдашгүй дурдатгал...

/”Үерхэл” сонины 1998 оны 2-р дугаар/

 “Хайрын тухай олон төөрөгдөл буй, үүнээс хамгийн нөлөөтэй нь дурлал бол хайр дурлал гэсэн итгэл юм...”

Ихэнх хүмүүс өөрийнхөө хайрлах чадвараа хөгжүүлэхээсээ илүү түүнийг бусдаас авахыг туйлын их хүсдэг... Ер нь хайрлах гэдэг нь амар хялбар зүйл, харин өөрийг нь хайрлаж чадах ба өөрөө хайрлаж чадахуйц тохирсон хүнийг олох л хамгийн хэцүү байдаг гэж үздэг...” -/Эрих Фром “Хайрлах урлаг” номноос/