ЯРУУ ЭГШИГЛЭН ХАМТЛАГИЙН ТАНИЛЦУУЛГА
10 жил, 9 сар өмнө

“Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулж “Монгол хүүхэд бүрт язгуур урлагийн түгээж монгол бахархалыг бий болгох” зорилготой 2012 онд байгуулагдсан хүүхдийн хамтлаг юм. 7- 10 насны 6 гишүүнтэй. Уран бүтээлийн чиглэл нь монгол ардын дуу, язгуур урлаг, хүүхдийн дуу.

Бид “Бид Монголдоо хайртай” бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх оронч, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг. Одоогоор 33 уран бүтээлтэй “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2”, “Яруу эгшиглэн” цомог, 10 гаруй клип, 10 гаруй бүрэн хэмжээний нэвтрүүлгийн уран бүтээлийг туурвиад байна. Бидний 2 цомогт Монгол ардын домогт дуу, шог дуу, харилцаа дуу, олон үндэстэн ястны 17 дууг дуулж, дууны понограм, дууны үг зэргийг оруулсан. ҮДБЭЧ- ын мэргэжлийн хөгжимчид  үндэсний цөөхүүл хөгжмөөр шинэчлэн найруулан тоглож, мэргэжлийн студид хоолойн бичлэгээ хийлгэж, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, хөгжмийн найруулгыг Г.Бирваа, эцэг эхчүүдтэйгээ шантрахгүйгээр уйгагүй зүтгэж, ая бичлэгийг мэргэжлийн өндөр түвшинд цомгоо бүтээж чадсан юм. Хүүхдийн насны онцлог, хоолойн цараанд тохирсон, ЕБС, СӨБ хөгжмийн хичээлд гарын авлага, урын сан болсон шинэлэг уран бүтээл болсноороо ач холбогдолтой юм. Бид уг цомгоосоо “Ерөөлөөр учирсан миний монгол”, ”Мөрөөдлийн дуу”, “Цэнгэл баярын шинэ жил”, “Хүүхэд бүхэн жаргалтай” зэрэг дуунуудыг клипжүүлсэн. Бид ардын ёс зан заншлаа харуулсан 2012 онд МҮОНТ-ийн Цагаан сарын шинийн нэгний “Цагаан өвгөнтэй золгосон нь” нэвтрүүлэг, 2013 онд NТV телевизийн “Дуун цацал” зохиомжит нэвтрүүлэг, 2014 онд Дреам бокс телевизийн “Яруу эгшиглэнт сар шинэ” зохиомжит концерт, Еагле телевизийн “Язгуур урлагаа өвлөгчид” нэвтрүүлгийг бүтээсэн. Голомт банкны сар шинийн мэндчилгээнд оролцон тоглосон. Үндэсний олон ястны хувцасаа өмсөж гоёод ардын дуугаа эвлэгхэн дуулах хүүхэд бүхэн гайхамшигтай.

2011 онд Туурайн төвөргөөн олон улсын наадамд оролцогч, 2012, 2013 онд Алтан цом улсын уралдааны алт, хүрэл медаль, 2013 онд “Эрх цагаан унага” хүүхдүүдийн дуулалт жүжгийн анхдугаар их наадмын 2-р байр тус тус хүртсэн. 2013  онд Тайваны олон улсын “Ардын урлагаа өвлөж яваа хүүхдүүд” нэвтрүүлгийн оролцогч.