Япон технологиор Монголд тарьж ургуулсан АМТАТ ГҮЗЭЭЛЗГЭНЭ мэндэллээ
Монголын иргэдээ эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор “Эвридэй Ферм” ХХК –ийг 2013 онд байгуулж, хүлэмжийн аж ахуй эрхлэн гүзээлзгэнэ тариалж эхэлсэн байна.
Өчигдөр “Эвридэй Ферм” компани анхны ургацаа хураан авч Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны 61-ийн гарамын цаана Улаанбаатараас Дархан явах чиглэлд 39 км-т байрлах “МОННАРАН ФАРМ” салбарын нээлтээ албан ёсоор хийлээ.
Тэдний гол зорилго нь Япон улсын газар тариалангийн арга технологийг үйлдвэрлэлийн системдээ нэвтрүүлж, импортыг орлох илүү амт чанартай , эрүүл шинэлэг гүзээлзгэнэ, хүнсний ногоо, газар тариалангийн бусад бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх, түүнчилэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэх явдал юм.
Тус компани яг нэг жилийн өмнө ҮХААЯ-аас зарласан Гүзээлзгэний суулгацын төсөлд шалгаран 4800 ш үрсэлгээ хүлээн авч байсан бол одоо 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж, жилд 4тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлэхээр ажлаа эхлээд байгаа ба жил бүр 5 сараас 11 сар хүртэл ургац авах боломжтой юм.
Гүзээлзгэнийг 2 жилийн хугацаанд хөрс, агаарт нь дасгах ажил хийгддэг учраас ирэх жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ 7 сараас гүзээлзгэний эхний дээжээ худалдаанд гаргаж, “MONNARAN FARM” талбай дээрхи өөрийн дэлгүүр болон “ Эвридэй” сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх юм байна.
Түүнчлэн “Эвридэй Ферм” компани нь Япон улсын газар тариалангийн тэргүүлэх дэвшилтэт технологиор эх орондоо, экологийн цэвэр орчинд өндөр технологиор ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд шинэхнээр нь хүргэхээр богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хийж, олон талын харилцаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.